Б.Оюунсанаа: Тэрбум модтой болохын тулд зөвхөн мэргэжлийн байгууллагууд БИШ, бүгд гар бие оролцож тарьж ургуулах ёстой
“Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий ойн мэргэжлийн хоёр байгууллагын мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Мөн иргэн, “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн дунд “Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болзолт уралдаан”-ыг өнөөдрөөс эхлэн зарлаж байна.
БОАЖЯ-ны дэд сайд М.Ганбаатар:
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт Монголчуудыг уриалсан сайхан ажил эхэлж байна. Өнөөдөр мод тарьж, суулгац бэлтгэх чиглэлээр ажиллах хүсэлтэй, энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж гардуулж байна.
Үүнээс гадна Улаанбаатар хотын 50 гэр бүлийн төслийг сонгон шалгаруулах замаар хүлэмж, техник тоног төхөөрөмжийг өгөх, тухайн тоног төхөөрөмж, хүлэмжийг эзэмших иргэд аж ахуйн нэгжүүд эргээд тарьц, суулгацаараа төлбөрөө хийх санаачилгыг өрнүүлж байна.
Нийтдээ 50 төсөл хөтөлбөрийг шалгаруулж, гэр бүлүүд хашаандаа 4:6 хэмжээтэй хүлэмжийг авч, хөрс зөөлрүүлэгч , модны нүх ухагч зэрэг бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдана. Үндсэндээ төсөл сайн бичиж, төслийн уралдаандаа шалгарсан иргэд уг техник, тоног төхөөрөмжийг авах боломжтой. Иймд энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй, бизнес эрхлэх сонирхолтой иргэдийг тодорхой сургалтад сууж, төсөл бичиж ирүүлэхийг хүсэж байна.
Энэхүү төслийг БОАЖЯ-ны харьяа болох Ойн газар, БОАЖЯ-ны зөвлөл дээр уг төслийг хүлээн авч сонгон шалгаруулна.
ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд, иргэдийг уриалах, ажлыг нь дэмжих зорилгоор тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болж байна. Монгол улсын |Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газрын зүгээс бид мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд үйл ажиллагааг нь дэмжиж өргөжүүлэх зорилгоор мод үржүүлэхэд хэрэгтэй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үүний хүрээнд хүлэмж, усалгааны системтэй, хөрс сийрүүлэгч, модны нүх ухагч гэсэн гурван төрлөөс бүтсэн багцыг гардуулж байна. Энэ гардуулж байгаа багцыг тухайн ААН-үүдэд тодорхой шалгууртай өгч байгаа юм. Тус дэмжлэгийг авсан компани нь эргүүлээд Ойн газарт тарьц суулгацыг буцааж нийлүүлэх нөхцөлтэйгээр явагдаж байгаа. Энэхүү багц нь нийт 11 сая төгрөгийн үнэтэй багц юм. Тухайн тарьц суулгацыг бид эргэн нийлүүлж, хотын ногоон байгууламж болон нийтийн зориулалтаар тарих зохицуулалттай явна. Ингэснээр тухайн төхөөрөмжийг авч байгаа ААН-үүд, иргэд ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм.
Цаашлаад бид иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, мод тарих сонирхолтой иргэдийг "Мод үржүүлгийн холбоо"-ноос сургалтад хамруулна. Учир нь иргэдэд тарьчих л юм бол болоо гэсэн ойлголт байдаг, Угтаа чимхлүүрийн ажлууд ихтэй гэдгийг ойлгуулж, зааж сургах үйл ажиллагааг энэ өвлийн турш зохион байгуулна. Ингэснээр олон иргэд арга зүйг нь эзэмшээд хашаандаа мод тарих нь эрчимжинэ.
Тэрбум модтой болохын тулд зөвхөн мэргэжлийн байгууллагууд биш бүгд гар бие оролцож тарьж ургуулах ёстой. Ингэхийн тулд заавал дадлага туршлагыг авах хэрэгтэй. Тэрбум модны хүрээнд бид нийт 60 сая гаруй суулгацтай, 30 гаруй сая модыг Монгол орны өнцөг булан бүрд тарьж ургуулаад байна. Бид ирэх жилээс улам өргөжүүлж масс тарилтыг хийнэ. Эхний жил сууриудаа маш сайн хийсэн байгаа.