Ш.КАВАУЧИ: “Тийболын спорт“ нь хүүхдэд багаар ажиллах дадлыг олгохоос гадна ёсзүйн хүмүүжилтэй болгодог Ш.КАВАУЧИ: “Тийболын спорт“ нь хүүхдэд багаар ажиллах дадлыг олгохоос гадна ёсзүйн хүмүүжилтэй болгодог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ш.КАВАУЧИ: “Тийболын спорт“ нь хүүхдэд багаар ажиллах дадлыг олгохоос гадна ёсзүйн хүмүүжилтэй болгодог

2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Монголын өргөмжит консул ноён Каваучи Широгийн зүгээс Монголын хүүхэд, багачуудад Тийболын спортоор дамжуулан багаар ажиллах, ёс зүйн суурь боловсролыг олгохоор зорьж буй. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж, үр дүн гаргаж буй талаар Японы Токушима дахь Монгол Улсын өргөмжит консул, Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч, Японы Анан хотын бэйсболыг дэмжих холбооны тэргүүн ноён Широ Каваүчитай ярилцлаа.

-Таны хувьд Монголыг Японд сурталчлах, хоёр улсын иргэдийн харилцааг өргөжүүлэхэд анх хэрхэн татагдан орсон бэ? 

Миний хувьд анх 2010 онд их аварга Хакухо Даваажаргалтай танилцаж, Монголд ирж байсан. Тэр цагаас эхлэн бэйсболын спортыг Монголд хөгжүүлэх, тэр дундаа өсвөрийн бэйсболыг хөгжүүлэхэд илүү анхаарч олон ажил хийсэн байна. Тухайн үед Монголд бэйсболын спорт төдийлөн дэлгэрч чадаагүй. Тиймээс хүүхдүүдэд тоглоход илүү хялбар, амархан, аюулгүй, ямар ч орчинд тоглож болох, эд хэрэгсэл нь зөөлөн байх зэрэг давуу талууд Тийбол (Teeball) спортод байгааг олж хараад энэ спортыг хүүхдүүдэд заах ажлыг эхлүүлсэн.

Үүний хажуугаар Монголд хувь хүнийхээ зүгээс хүүхэд, залуусын боловсрол, соёл урлагийн чадварыг нь дэмжих хүрээнд олон хандив, дэмжлэг, туслалцааг үзүүлсэн. Миний хийсэн зүйлийг Монголын төр засгаас үнэлж 2015 онд төрийн дээд одон болох “Алтангадас”-аар шагнасан.

Улмаар 2015 оноос Монголын урлагийн салбарыг Японд сурталчлахад хамтран ажиллах боломж олдсон. Энэ хүрээнд Монголыг үндэсний урлаг, спортоор дамжуулан Японд сурталчлан таниулах томоохон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Мөн Монголын жудогийн мэргэжлийн тамирчдыг гадаадад хамтарсан бэлтгэл хийх, тэмцээнд оролцох зэрэгт нь дэмжиж өгөөчээ гэсэн саналын дагуу олон жил дэмжиж ажилласан. Энэхүү хөдөлмөрийг маань Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас үнэлэн 2017 онд “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилсөн. Улмаар 2019 онд Японы Токушима муж дахь Монголын өргөмжит консулаар ажиллах саналыг тавьсан юм.

Arslan.mn

-Аливаа улс орны Өргөмжит консул ямар үүрэг хүлээдэг вэ? Өргөмжит консул болоход танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Өргөмжит консул гэх албан тушаал нь зөвхөн Монгол, Японд байдаг албан тушаал биш. Маш олон оронд байдаг. Венийн Конвенцийн протокол гэж байгаа. Улсаасаа хамаараад онцлог, давуу чанарууудтай албан тушаал юм. Миний хувьд  Монгол талыг төлөөлсөн элч, төлөөлөгч учраас Монголд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт, боловсрол гээд тэр бүх зүйл дээр ажиллаж, таниулах үүрэгтэй гэж боддог.

2019 оноос өмнө Монголчуудтай энгийн иргэний хувиар харьцдаг байсан бол Өргөмжит консул болсныхоо дараа илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага үүсэж, хариуцлагатай болсон.

Arslan.mn

Бусдыг “нэг”-т тавьж, “хамтдаа” гэсэн уриатай тоглодог учраас Монгол хүнд хэрэгтэй, нутагших боломжтой спортын нэг төрөл "ТИЙБОЛ"


-Таны гол хэрэгжүүлж буй Тийболын спортын давуу тал нь юу вэ? Монголын хүүхэд, багачуудад яагаад сурах хэрэгтэй гэж үзсэн бэ?

Тийбол нь Америкаас гаралтай Бэйсбол шиг боловч Япон маягийн тийболлын гол ялгаа нь спортын эд, хэрэгсэлдээ байгаа юм. Тийболын эд хэрэгсэл нь бэйсболыг бодвол илүү аюулгүй, зөөлөн, хөнгөн болгож шинэчилснээрээ онцлог. Тийболын сурах арга барил, заах арга зүй, бусдад хялбар ойлгомжтой байх зэрэг техникийг нь Японы Васеда их сургуулийн профессор Ёшимура Тадаши судалж, зохиосон.

Тухайн профессорын бүх зүйлийг нь судалж, бодож хийсэн нь надад хамгийн их таалагдсан. Өөрөөр хэлбэл ямар ч насны хүүхдүүд аав ээж, найз нөхөд, хамт олон, ангийхантайгаа гадаа талбайд, дотор зааланд гээд хаана ч тоглох бүрэн боломжтой. Илүү хэрэглээнд ойр, хялбар гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч тоглох боломжтой. Тийбол нь Япон, Солонгос зэрэг олон оронд хөгжөөд явж байна.

Тийбол нь багаар тоглодог спорт. Багаар ажиллаж сурахаас гадна бусдыг “нэг”-т тавьж, “хамтдаа” гэсэн уриатай тоглодог учраас Монгол хүнд хэрэгтэй, нутагших боломжтой спортын нэг төрөл юм байна гэж үзэж ажил болгож эхэлсэн. Монгол хүн ганцаараа хийх сонирхолтой, бусдаас илүү өөрийгөө боддог дутагдалтай.

Дэлхийн боловсролтой хүн болохын тулд “хамтдаа” гэсэн ёс зүй, боловсролыг эзэмшихгүй бол зөвхөн “хувь хүн” гэх боловсролоор амжилтад хүрэх боломжгүй. Иймд тийболын спортоор дамжуулан ёс зүйн боловсролыг олгох нь илүү амьдралд ойр дөхөм санагдсан.

Спортоор дамжуулсан боловсрол гэж хэлээд байгаа гол учир нь хүүхэд, багачуудын хамгийн хурдан сайн сурах арга нь спорт буюу тоглоом байдаг. 

Arslan.mn

-Тийболын спортыг Монголд шинээр хөгжүүлэхэд нэлээдгүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан байх?

Монголчуудын багаар ажиллах чадварыг сайжруулах нь маш чухал юм байна гэдгийг шийдвэр гаргах түвшний удирдлагууд ойлгож, дэмжсээр байна. Тийболын спортыг бага, дунд ангийн сурагчдад заах, сургах саналыг маань Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа найрсагаар хүлээн авч, дүүрэгтээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дараа Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга мөн дэмжиж, дүүрэгтээ хэрэгжүүлж эхэлсэн. Тус дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ч мөн дэмжиж хүлээн авсан. Ер нь цэцэрлэгийн насны,  ЕБС-ийн бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах, тоглох хүүхдэд ээлтэй спорт ховор байдаг. Харин Тийбол нь хүүхдийн нас насанд нь тохирсон эд хэрэгсэлтэй, тоглоход хялбар хэрнээ биеийн хөгжлийг маш сайн дэмжиж, энэ багаар ажиллах орон зайг нөхөж өгдөг давуу талтай.

Өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгаас Хэнтий, Эрдэнэт, Дархан-Уул, Булган аймгууд Тийболын спортыг дэмжиж, хэрэгжүүлээд явж байна. Сая энэ сарын 12-14-ны хооронд Монголын Тийболын багш нартайгаа Казакстанд очиж Тийболоо зааж, хамтран туршлага солилцоод ирсэн. Өнгөрсөн долдугаар сард Монголын баг тамирчид Япон улсын Анан хотод болсон бүх Японы Тийболын тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль болон хүрэл медалыг авсан. Богино хугацаанд амжилттай бэлдэж, сургаж оролцсон багш тамирчдыг Хотын удирдлагууд хүлээн авч мөн шагнасан. Сая есдүгээр сарын 08-нд Улаанбаатар хотын Тийболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд 16 багийн нийт 240 хүүхэд амжилттай оролцлоо.

Монголд хэрэгжих Японы бүх төсөл, хөтөлбөр "ХҮН" ТӨВТЭЙ байхад анхаарна


-Монгол, Японы улсын дараагийн хамтын ажиллагааны 50 жилийг “Хүн” төвтэй байхаар хөрөнгө оруулалт, бодлогоо чиглүүлэхээр тохирсон?

Өнгөрсөн жил Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр хоёр орны зүгээс дараагийн хамтын ажиллагааны 50 жилийг хүн рүүгээ чиглэсэн буюу “хүн” төвтэй байя хэмээн санал нэгдсэн. Хүнээ боловсролтой, ёс зүйтэй, чадвартай болгох нь гол хөгжлийн үндэс гэж үздэг. Иймд цаашид Монголд хэрэгжих Японы бүх төсөл, хөтөлбөр “хүн” рүүгээ чиглэсэн байхад анхаарна. Миний хувьд мөн өсвөр насны хүүхдүүд дээр тулгуурлан хоёр улсын харилцааг өргөжүүлэх бодол байна. Энэ ч утгаараа хүүхэд, багачуудад багаар ажиллах чадварыг Тийболын спорт, тогломоор дамжуулан суулгах нь илүү хэрэгтэй юм болов уу гэж үзэн холбогдох зардлуудыг Японоос хандиваар болон хувиасаа гаргаад явж байна.  

-Монголын хүүхэд, багачуудын боловсролд зориулж таныг Жайкад энэ чиглэлээр төсөл бичиж, саналаа өгсөн гэж байсан?

Жайкагийн хөрөнгө оруулалт нь “хүн төвтэй” боловсрол, соёл, спортыг хөгжүүлэхэд чиглэх учраас манай Тийболын зорилготой нийцэж байгаа юм. Бид сургагч багш нараа хөгжүүлэх, сургах чиглэлээр Жайкад төслөө бичээд, саналаа өгсөн. Ирэх жилээс шийдэгдэх байх аа.

-Монгол дахь Тийболын холбоо хэдэн онд байгуулагдсан бэ? Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

2019 онд Монголд албан ёсоор Тийболын холбоог байгуулсан. Одоо Монгол дахь Тийболын холбооны ерөнхийлөгчөөр БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа сонгогдон ажиллахаар болж байгаа. Цаашид улам хөгжүүлээд, Монголдоо бүрэн нутагшуулаад, олон олон хүүхэд багачуудад зөв боловсролыг олгоод явна гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх 2024 онд Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнийг Японы Токушима мужийн Анан хотод зохион байгуулах эрхээ авсан. Уг тэмцээнд Монголоос хоёр баг оролцохоор бэлдэж байна. 2027 онд Монголд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан. Мэдээж тэр үед Монголоос улсаа төлөөлөх чадварлаг багш, тамирчид олон гарна байх.

Миний бие тийболын тэмцээн уралдааныг хоёр улсад зохион байгуулах бүх тал дээр нь дэмжсээр ирсэн. Гэхдээ ирэх аравдугаар сард миний бие 80 нас хүрнэ. Үргэлж дэмжээд явах боломжгүй. Тиймээс Японы талаас Соёлын элч Мики Ясухиро гэж хүн цаашид миний хийж эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн, Монгол Улсад хэрэгтэй олон олон зүйлийг хийгээд яваасай хэмээн хүсэж байгаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650967
1 эможи

keyboard_arrow_up