ШИЛЭН: Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын эзэмшдэг “ОДОД“ ХХК Зайсангийн аманд 7,8 га газарт “ХАУС ХОРООЛОЛ“ барьжээ
Монгол Улсын Засгийн газраас явуулж буй "5Ш” ажиллагааны хүрээнд зарим мэдээллийг нийтэд ил болгосон. "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой компани болон тусгай сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж эхэлсэн. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм.
Тэгвэл нийтэд ил болсон мэдээллээр "аялал жуулчлалын зориулалт" нэрээр газар эзэмшиж, барилга барьсан этгээдүүдийн мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт Зайсангийн аманд чамгүй олон газрыг "аялал жуулчлалын зориулалт"-аар авсан хэдий ч өнөөдөр тус газарт тансаг зэрэглэлийн 110 айлын хаус бүхий “Занаду ресиденс” хотхон сүндэрлэсэн.
"Одод" ХХК нь Эрчим хүчний сайд асан Дашзэвэгийн Зоригт, түүний эхнэр Дугаржавын Оюунсүрэн, хүүхдүүд болох Зоригтын Ариун, Зоригтын Гантболор нар эзэмшдэг.