Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний онош ҮГҮЙСГЭГДЛЭЭ
Наймдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн тухайн мэдээллийн дагуу өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм. Тэгвэл өчигдөр сэжигтэй тохиолдлын сорьцын шинжилгээний хариу гарсан бөгөөд молекул биологийн шинжилгээгээр /PCR/ үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул онош үгүйсгэгджээ.
Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад "Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байхдаа өнгөрсөн сарын 30-нд тарваганы мах идсэн. Наймдугаар сарын 9-нөөс бөөлжих, халуурах, суулгах, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сорьц, шинжилгээний хариуг ЗӨСҮТ найман цагийн дараа гаргахаар ажилласан" гэлээ.
Одоогийн байдлаар нийслэлд тарваган тахлын нэг тохиолдол батлагдаад буй.