ЦАГ АГААР: Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод 15 градус дулаан байна
Цаг уур орчны шинжилгээний газраас 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргалаа. Энэ сарын 29-нд буюу даваа гарагт нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, зургаадугаар 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар хур тунадас орно.
Салхи тавдугаар сарын 29-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Олон улсын эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод өдөрт +15 градус дулаан байна.