ТАЛАРХАЛ : Сураггүй алга болсон 51 настай эмэгтэйг ЭЦА-ныхан эсэн мэнд олж, гэрт нь хүлээлгэн ӨГЧЭЭ
ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны хамт олонд иргэнээс талархал ирүүлжээ.
Тодруулбал, энэ оны 03 дугаар сарын 05-ны өдөр 51 настай эмэгтэй "Т" нь гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдлын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан билээ.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Улмаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний ажлын албатай хамтран Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Иймд тус ар гэрийн зүгээс дээрх байгууллага, хамт олонд талархаснаа илэрхийлж, ажлын амжилт хүссэнийг дамжуулж байна.