Ипотекийн зээлийг найдвартай үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарлаж байгаа юу? Ипотекийн зээлийг найдвартай үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарлаж байгаа юу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийг найдвартай үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарлаж байгаа юу?

2023 оны 4 сарын 18

Зах зээлийн шилжилтийн үеийг арай гэж давсны дараахан буюу 2013 онд иргэдийн орлогод нийцсэн, урт хугацаатай, боломжийн хүүтэй орон сууцтай болох мөрөөдөл ажил хэрэг болж, тухайн үеийн Засгийн газар, Монголбанкнаас  ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлж байжээ. Улмаар хөтөлбөрийг эхлэхдээ санхүүжилтийн систем нь урт удаан оршин тогтнох, хүртээмжтэй байх, аль болох олон хүн хамрагдах зэрэг алсын харааг бодож, төрийн зүгээс хувийн хэвшил, банкуудтай зөвшилцөн “галт тэрэг”-ийг хөдөлгөж байв. Мөн бусад орнуудын туршлагыг судалж байж хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгасан нь  лавтай.  Тэр цаг үеэс хойш ипотекийн зээл өдгөө 10 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 110 мянга гаруй иргэн, өрх  тохилог орон сууцтай болжээ. 

 Энэ нь “Гараа сайн бол бариа сайн” гэдэг шиг хөтөлбөр анхнаасаа алсын хараатай төлөвлөгөө, судалгаатай байж ирсний үр дүн биз ээ. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрийн хүрээнд зээл авсан 110 мянган өрхийн задаргааг харвал сонирхолтой дүр зураг харагдана. Тодруулбал, банкны салбарын таван зээл тутмын нэг нь орон сууцны зээл байгаагаас 2022 оны байдлаар 6.5 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэж Монголбанкны тайланд дурдсан байна. Ипотекийн зээлтэй иргэдийн 76 хувь нь 60м.кв хүртэл орон сууц авсан, 78.4 хувь нь зээлийн төлбөрөө сар бүр зөвхөн цалингийн орлогоор төлдөг бол сарын дундаж төлбөр 528 мянган төгрөг байна. Зээлдэгчдийн 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй ажээ. Бас нэг үр дүн бол ипотекийн зээл авсан өрхийн 37 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн гэсэн тоог Монголын ипотекийн корпорациас нийтэд мэдээлж байжээ. Түүнчлэн 2017 оноос хойш зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлийг санхүүжүүлдэг тогтолцоо нь бүрэн ажиллаж эхэлсэн ба сард 40 орчим  тэрбум төгрөгийн эргэн төлөлт нь эргээд иргэдэд зээл болж олгогддог байна. Энэ нь эдийн засгийн хувьд маш том давуу тал юм.  Бас нэг давуу тал нь хөрөнгийн зах зээлд урт хугацаат санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд, үнэт цаас бий болж, энэ төрлийн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах болжээ. 

Ийнхүү 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж буй  ипотекийн зээлийн хөтөлбөр маань  дараагийн нэг өөрчлөлтөд тулж ирээд байна.  Энэ нь  2023 оны эхний хагас жилд багтааж, хөтөлбөрийг  Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэр гарсан явдал юм.  Хариуцсан яамд дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн. Мөн нэр бүхий олон улсын  байгууллагуудаас зөвлөгөө авч байгаа гэж дурдсан. Ийм далайцтай, олон хүний амьдралд шууд нөлөөтэй ажлыг төрийн өөр нэг институт руу шилжүүлж авахад бодох судлах зүйл их байгаа.  Мөн  холбогдох албан тушаалтан, ажлын хэсэг нь Монголын хөрсөнд бууж, үр өгөөжөө өгсөн энэ хөтөлбөрийг  амьдрал дээр хэрэгжүүлж, өдий хүртэл амжилттай явуулсан гол оролцогч талуудаа сонсож байгаа эсэх нь чухал юм.  Өдий хүртэл батлагдсан сайн туршлагаа авч үлдэх тал дээр нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу.  Гадны зөвлөхүүдийн шинээр цуглуулах мэдээлэл, судалгаа, дүгнэлт нь энэ ажлыг хийсээр ирсэн мэргэжилтнүүдийн ширээн дээр өнгөрөх вий дээ. Мөн шилжилтийн үед болсоор ирсэн загвар, туршлагаа өөрчлөн энэ хөтөлбөрийн цаашдын хөгжил, замналд сөрөг нөлөө гарах вий гэсэн болгоомжлол байна.

Сүүлийн есөн жил амжилттай хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүү анх 2013 онд жилийн найман хувь байсан бол 2020 оны аравдугаар сард жилийн зургаан хувь болж өөрчлөгдсөн.  Ер нь хүүгийн түвшин харьцангуй тогтвортой, өөрчлөгдөхгүй явж ирсэн байна.

Сууриа маш зөв тавьж, өнгөрсөн есөн жилийн хугацаанд олон арван сорилттой тулж байсан ч үйл ажиллагаа нь өргөжин хөгжиж байгаа нийгэм рүү чиглэж ач холбогдлоо өгсөн  цөөн хөтөлбөрийн нэг нь яах аргагүй ипотекийн зээлийн хөтөлбөр.  Төр, хувийн хэвшил хамтран 110 мянган айл өрхийг орон сууцтай болгож,  асуудлыг нь шийдэж чаджээ.  Цаашид энэ тоо нэмэгдэж, үүнийг дагаад нийгмийн олон асуудлыг шийдэж чадах байх.  Тэгэхээр ипотекийн зээлийн хөтөлбөр маань шилжилтийн өөр нэг шатанд ирсэн ч гэлээ ажлын хэсэг, олон улсын судалгааны байгууллагынхан, төр, хувийн хэвшил хамтран зээлийн хөтөлбөрөө улам төгөлдөршүүлэх алхмуудыг хийнэ гэдэгт найдаж байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646214
0 эможи

keyboard_arrow_up