Солонгост хүүхдийн мөнгө сарын 530 мянга ч үүнийг хангалтгүй гэж үздэг Солонгост хүүхдийн мөнгө сарын 530 мянга ч үүнийг хангалтгүй гэж үздэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Солонгост хүүхдийн мөнгө сарын 530 мянга ч үүнийг хангалтгүй гэж үздэг

2023 оны 4 сарын 13

Arslan.mn

Нэг нас зургаан сартай хүүдээ зарцуулах төсвөө сар бүрээр нь нарийвчлан төлөвлөж суугаа залуухан хосууд болох Вон Жан Хо, Чо Нам Хи нар Солонгосын Үлсан хотноо амьдардаг.  “Солонгост хүүхдээ өсгөх өртөг нь Засгийн газраас дэмжлэг авч, зайлшгүй шаардлагагүй хэрэгцээгээ танасан хүмүүст  тийм ч үнэтэй биш санагдах байх” хэмээн ярих гэрийн эзэн орон нутгийн радиод ажилладаг. Түүний амьдардаг орон сууцанд хүүхдийн тэрэг, тоглоом гэсэн эд зүйлсийг үнэгүй авах боломжтой хотын захиргааны санхүүжилттэй төв ажилладаг юм байна.

Энэ талаар хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа аваад буй Чо Нам Хи “Тоглоом, тэрэг зэрэг хүүхдэд шаардлагатай зүйлсийг Засгийн газраас нь үнэгүй өгнө гэдэг хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлийнхэнд хэрэгтэй дэмжлэг болно. Гэхдээ төрөлтийн асуудал үүссэн гэр бүлүүдэд өөр олон зүйл шаардлагатай гэдгийг бодож үзэх ёстой” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.

Дэлхийд төрөлтийн дундаж үзүүлэлт 2.1 байдаг бол Солонгост 0.78 болж буурчээ. Тиймээс Солонгосын Засгийн газар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд мөнгөн тэтгэмж олгох болон бусад төрлийн дэмжлэгийг үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Тухайлбал, 2022 оноос Солонгос ээжүүд хоёр сая вон буюу 1500 ам.долларыг хүүхэд төрүүлснийхээ дараагаар бэлнээр авсан нь Франц улсын тэтгэмжээс ч илүү байгаа юм. Мөн нэг нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд сар бүр 700 мянган вон буюу 1.8 сая төгрөг, хоёр хүртэлх насны хүүхэдтэй бол 925 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Үүнийг 2024 онд 1.3 саяас 2.6 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эдгээрээс гадна жирэмсэн үеийн эмчлүүлэх төлбөр, хүүхэд харах үйлчилгээ гэсэн бусад нэмэлт зардлыг ч төрөөс нь даахаар зохицуулжээ. Солонгосын хоёр дахь том хот гэгддэг Пусанд  3-4 удаа төрсөн эмэгтэйчүүдэд 500 мянган вон олгодог байснаа 10 сая вон болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр Пусан хотын “алдарт эхчүүд” 26 сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Харин Өмнөд Жолла мужийн захиргаа  хүүхдийг долоон нас хүртэл нь сарын 600 мянган вонын дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, тус мужийн хүүхдүүд сургуульд орох хүртлээ төрөөс 50.4 сая вон буюу 133 сая Монгол төгрөгийн тэтгэмж авдаг юм байна. Мөн бага ангид орох хүртлээ Солонгос хүүхдүүд сар бүр 530 орчим мянган төгрөг авдаг. Хэрэв өрх толгойлсон эцэг эх эсвэл доогуур орлоготой бол үүн дээр нэмэлт тэтгэмж олгодог юм байна.

Төрийн энэ дэмжлэгээс үл хамааран Солонгосчууд хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа нь тус улсын тулгамдсан нэг асуудал болоод байна. Засгийн газраас нь авсан санал асуулгаар  Солонгосын 19-34 насны залуусын 40 орчим хувь нь хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэж хариулсан байна.

Мөн төрөлтийн түвшин бага байдаг хотын 10 хүн тутмын зургаа нь хүүхэдтэй болох шаардлагагүй гэж хариулсан  талаар Сөүлийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн сан мэдээлжээ. Засгийн газраас хангалттай хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлж байгаа ч хүн ам нь хүүхэд гаргахаас татгалзаж байгаа шалтгааны талаар Инчеоны Үндэсний их сургуулийн профессор Сон Да Ён “Хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг 1-2 настайд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэхгүй. Хүүхдийг насанд хүрч, бие даасан хүн болоход нь эцэг эхэд олгож байгаа өндөр дүнтэй мөнгөн тэтгэмж хангалтгүй. Харин үүний оронд эцэг эхчүүдийн ажил, гэртээ зарцуулах цагийг тэнцвэржүүлж, хүүхдэдтэйгээ өнгөрүүлэх цагийг нь олгох хэрэгтэй” гэж ярив.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646097
0 эможи

Од
2023-04-14 10:12
Солонгос улсын түвшинд хүрчихээд наад үлгэрээ яриарай бүдүүлэг хүүхэн
Иргэн
2023-04-13 08:54
Төрд нь хулгай нүүрлээгүй улс орны иргэд хангалуун амьдрахаас ч яахав дээ Манай эрх мэдэлтэнгүүд гялайх ганц ч юм үлдээлгүй бүхнийг хамж байна шүү дээ.Тмйм байхад л хулгайч авилгач нараа өмөөрч хамгаалаад байдаг хүмүүс байгаад харамсах юм
keyboard_arrow_up