Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр: Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх хувийг 15-44 насныхан эзэлж байна Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр: Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх хувийг 15-44 насныхан эзэлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр: Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх хувийг 15-44 насныхан эзэлж байна

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тохиодог. 2023 онд дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх энэ өдрийг “Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхий нийтэд “Ковид-19”-ийн дараах, нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчинд тооцогддог. Сүрьеэ өвчний улмаас өдөрт 4000 гаруй хүн амиа алдаж, 30 мянга орчим хүн өвчилж байгаа аж.

Тодруулбал, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэж үздэг билээ. Тэр тусмаа цар тахлаас хойш дэлхийн нас баралтын голлох шалтгааны хоёрдугаарт сүрьеэ өвчин эрэмбэлэгддэг байна.

Харин манай улсын хэмжээнд 2022 онд сүрьеэгийн 2354 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 174 буюу 7.4 хувь нь хүүхэд байна.

10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын шинэ түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлийн түвшинд тогтмол буурч байгаа аж. Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувийг Улаанбаатар хотод бүртгэжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс өвчилж байгааг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны статистикийн эмч Б.Уранбилэг хэллээ.

Arslan.mn

Тэрбээр, “Сүрьеэгийн ямар нэг шинж тэмдэг буюу удаан хугацаагаар ханиалгавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүмүүс ханиад юм чинь, ингэж байгаад гайгүй болно гэж үздэг. Энэ нь маш буруу юм. Ханиалган, бие нь тавгүйрхэж байгаа хүмүүс эмнэлэг биш эмийн санд ханддаг нь өвчнийг хүндрүүлж байна. Мөн сүрьеэтэй хүмүүс халдвар тараах эх үүсвэр болж байна. Тиймээс эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Ингэх юм бол сүрьеэг эрт илрүүлэх бүрэн боломжтой. Сүрьеэгийн өвчлөлд нийгэм эдийн засгийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нөлөөлж байна. Хувь хүн өөрөөс шалтгаалах зүйлээ хийвэл сүрьеэ өвчний эрт илрүүлэлтэд чухал нөлөөтэй” гэв. Мөн тэрбээр сүрьеэ өвчин хамгийн багадаа зургаан сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд байгааг тодотгов.

Саяхныг хүртэл бид олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болсон. Үүнээс гадна сүрьеэгийн эмчилгээн дээр тарилгагүй горимыг нэвтрүүлсэн. Өмнө нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх эмчилгээнд эхний зургаан сар өдөр болгон тариа тарьдаг байсан бол өнөөдөр дан эмийн эмчилгээгээр эмчилж байна.

Arslan.mn

Монгол Улсын сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байгааг албаныхан энэ үеэр онцолж байлаа. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, хүн амын эрүүл зөв амьдралын дадал хандлага, сүрьеэгийн талаарх мэдлэг боловсрол хангалтгүй, “Ковид-19”-ийн нөлөөлөл, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалт санхүүжилт хангалттай биш зэрэг олон шалтгаанаас хамаарч байна.

Иймд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилдээ нэг хамрагдах, хэрэв танд болон ойр дотны хэн нэгэнд сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд:

 - Турж эцэх

- Хоолонд муудах

- Унтахдаа хөлрөх

- Ядрах

- Халуурах

- 3 долоо хоног, түүнээс удаан ханиах

- Цустай цэр гарах

- Цээжээр өвдөх зэрэг шинж илэрнэ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645639
0 эможи

keyboard_arrow_up