Б.Өнөрмаа: Ялгаварлан гадуурхалтын ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ Б.Өнөрмаа: Ялгаварлан гадуурхалтын ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Өнөрмаа: Ялгаварлан гадуурхалтын ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ

2023 оны 3 сарын 02

Arslan.mn

Өнөөдөр “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр” тохиож байна. Иймд ялгаварлан гадуурхалтын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалтын талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаатай ярилцлаа.

Өнөөдөр ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр тохиож байна. Ялгаварлан гадуурхалт, мөн энэ үйлдлийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар та тайлбарлаж өгнө үү?

Товчхондоо хүн бүр тэгш эрхтэй байх тухай л ойлголт юм. Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг “ялгаварлан гадуурхалт” гэдэг. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлэх юм.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.

мөн Эрүүгийн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ч зохицуулсан байдаг.

Үндэсний хууль тогтоомжоос гадна олон улсын хэм хэмжээнд ч бас бусдыг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц,  Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц, Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенц,     Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг олон улсын хүний эрхийн эрх зүйд ашиглах тухай Жогжакартагийн зарчим, Хүний эрхийн боловсрол, сургалтын талаарх тунхаглал зэргийг дурдаж болохоор байна.

Хүн бүр тэгш эрхтэй байх гэдэг энэ зарчим Монгол улсын хувьд хэр хэрэгжиж байна?

Бодит нөхцөл байдалд бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл, хандлага, үг хэллэг зэрэг хүмүүсийн илэрхийлэл түгээмэл байгаа нь нууц биш. Хүнийг хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхсаны улмаас чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад улс руу явах, оршин суух боломжгүй болох эсхүл нийгэм болон цахим орчинд өөрийгөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болох, намын харьяаллаас болж ажлаасаа халагдан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг олон тохиолдлыг энд дурдаж болно.

Манайд түгээмэл үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын төрөл нь гэвэл:

          1. Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах. Энэ нь бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа өөр хүмүүсийг доромжлох, төрийн албан хаагчдын ялгаварлан гадуурхах хандлагаас айж гэмт халдлагад өртсөн ч гомдол гаргаж чаддаггүй.

          2. Жендерийн ялгаварлан гадуурхалт. Ихэнхдээ эмэгтэйчүүдийг сул дорой эсвэл эрчүүдээс доогуур гэж үзэх хандлага юм.

          3. Хөдөлмөрийн ялгаварлан гадуурхалт. 50-иас дээш настай хүмүүсийг хөгшин гэж үзэн ажилд орох боломжийг нь бууруулдаг тохиолдол бий.

          4. Цалин хөлсний ялгаварлан гадуурхалт. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс авч үзвэл 2021 оны байдлаар дундаж цалин эрэгтэйчүүдийнх 1.4 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байдаг жишээтэй.

          5. Гадаад төрхөөр ялгаварлан гадуурхах. Царайны төрх, таргалалт г.м байдлаас болж бусдын доог тохуу болох явдал байсаар байдаг.

          6. Хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хамгийн гадуурхагдсан бүлгүүдийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийг бие махбод бус нийгэм хязгаарладаг гэж үздэг. Хот дотор тэргэнцэртэй хүмүүс нийтийн тээврээр зорчих ямар ч нөхцөл бүрдээгүй буюу тусгай тоноглолтой автобус байхгүй мөн эдгээр хүмүүс барилга байгууламжийн орчинд нэвтрэх боломж хязгаарлагдмал байна.

          7. Шашны ялгаварлан гадуурхалт. Шашны итгэл үнэмшил, тэдгээрээс улбаатай зан заншлын хувьд хүнийг гутаан доромжлох үйлдлүүд гардаг.

          8. Хэлний ялгаварлан гадуурхалт. Хувь хүн эсвэл нийгмийн бүлгийг тэдний хэл яриа, аялга, аялгууны улмаас доромжлох тохиолдлууд ч байдаг.

          9. Эдийн засгийн ялгаварлан гадуурхалт. Энэ нь хүмүүсийн хооронд мөнгө эсвэл эд хөрөнгийн хэмжээгээр ялгааг бий болгодог бөгөөд нийгмийн анги давхаргад үндэслэн ялгаварлан гадуурхахад хүргэдэг.

          10. Нийгмийн давхаргаар ялгаварлан гадуурхах. Энэ нь тодорхой хувь хүмүүсийг нийгэмд авч болох ашиг тусаар нь ялгаж гадуурхдаг. Эдийн засаг, нийгмийн ялгаварлан гадуурхалт нь орлогын тэгш бус байдал эсвэл боловсролын боломжоос үүдэлтэй.

          11. Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт. Сургуулийн сурагчид үе тэнгийнхнийхээ дунд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж буй хандлага зэрэг юм.

Ялгаварлан гадуурхалтад өртсөн хүнд учирдаг хор уршгийн талаар

Хувь хүний хувьд өөртөө итгэх итгэлээ алдах, нийгмээс тусгаарлах, сэтгэл зүйн хувьд хямрах гээд маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдэд сэтгэлзүйн хувьд маш аюултай үр дагаврыг бий болгодог. Бид сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтаас улбаатай үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн, зодуулсан гээд олон эмгэнэлтэй тохиолдлуудыг угшаад л өнгөрдөг. Хүнийг хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхсаны улмаас чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад улс руу явах, оршин суух боломжгүй болох эсхүл нийгэм болон цахим орчинд өөрийгөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болгож буй тохиолдлуудыг ч харсаар л өнгөрдөг. Хүнийг хүн гэдэг агуулгаар нь хүлээн авдаггүй, өөрөөсөө бусдыг үл хайхардаг үйлдлийн улмаас өөр нэгэн хүний амьдралыг сөргөөр өөрчилж байгааг л бид ухамсарлах ёстой.

Таны дурдсан энэ олон төрлийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх ямар боломж байна вэ?

Нийгмийн хандлагыг өөрчлөх, хүний эрхийн тухай ойлголтыг системтэйгээр түгээх ажлын нэг нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд “бүх хүүхэд, бүх хүн ижил эрхтэй, танаас өөр байх нь бусдыг буруутгах, үгүйсгэх шалтгаан биш“ гэдгийг ойлгуулах, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь өөрөө хүний эрхийг хүндэтгэж буй үйлдэл гэдгийг ойлгуулах явдал юм.

Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн халдлагад өртсөн хирнээ энэ талаар хуулийн байгууллагад хандаж чадахгүй байгаа тохиолдлууд байна. 2019-2021 оны хооронд ялгаварлан гадуурхах үйлдэлд өртсөн тухай 6 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 1 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу эсхүл илрүүлж чадахгүй байна уу гэдгийн шалтгаан нь тухайлбал бэлгийн цөөнх нь насан туршдаа нийгэм болон гэр бүлээс ирэх шахалт, доромжлолоос айсан сэтгэл зүйн дарамттай байдаг тул нийгэмд тэр болгон ил гарч өөрсдийгөө илэрхийлдэггүй бөгөөд хувийн нууц нь буюу гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хүмүүс өөрийнх нь талаар мэдэх боломжтой гэсэн айдастай байдаг.

Мөн өгсөн мэдүүлэг тайлбар нь бусдад задрах магадлалтай, эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлага  буюу гомдол хүлээн авахгүй байх, зүй бус үгээр доромжлох, харьцах, үл хүндэтгэх зэрэг үйлдэл нөлөөлдөг. Энэ нь тэгш хандана гэсэн итгэл үнэмшилгүй бөгөөд хохирогчийн хувь хүний илэрхийллийг хүндэтгэхгүй байх айдсаас улбаатай байна.

Тиймээс эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд дээрх хохирогчтой харьцах харьцаа, хандлагын талаар эрх бүхий албан тушаалтнуудыг сургах нь бас чухал юм гэж үздэг дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645129
11 эможи

3
2023-03-11 04:09
3
3
2023-03-11 04:09
3
3
2023-03-11 04:08
3
keyboard_arrow_up