ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хасагдсан иргэд 8-наас өмнө мэдээллээ шинэчлүүлсэн тохиолдолд хүүхдийн мөнгө 16-наас орно
Энэ оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, 9 хувийг нь хассан билээ.
Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй, давхардал үүссэний улмаас зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байна.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.
Тус яамнаас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. 16-наас хүүхдийн мөнгөн тэтгэмж орно.
Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм.








