ФОТО : Иргэдийнхээ эрхийн төлөө цагдаагийн алба хаагчид 6 өдрийн турш 24 цагаар -30 хэмд үүрэг гүйцэтгэж байна
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд зургаа дахь өдрөө төв талбайд жагсаал, суулт хийж байна. Өнөө оройны байдлаар жагсагчдын зарим нь хононо хэмээн эсгийгээр хучин хэвтжээ.
Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиж, тайван замаар жагсаал хийх боломжийг нь олгохоор Цагдаа, дотоодын цэргийн хэдэн зуун албан хаагчид 6 дахь өдрөө 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдал үүрэг гүйцэтгэсээр байна.
Гэвч эдгээр алба хаагчид өвлийн ид хүйтэн эдгээр өдрүүдэд шөнөдөө -30 хэм, өдөрт -20 хэмд тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгаа нь иргэн таны эрхийн төлөө ийнхүү ажиллаж байгаа гэдгийг санаарай.
Иргэд өлсгөлөн зарласан ч, жагссан ч, үзэл бодлоо илэрхийлж суулт зарласан ч цагдаагийн алба хаагчид тэднийг даган давхар үүрэг гүйцэтгэж, цаг наргүй амаргүй нөхцөлд ажилладаг билээ.
Иргэдийн зүгээс энэ удаагийн жагсаалд алба хаагчид маш сайн ажиллаж байгааг олон нийт цахим орчинд сэтгэгдлээ тасралтгүй илэрхийлсээр байна. Иргэдийнхээ ч, төрийнхөө ч аюулгүй байдлын төлөө цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хариуцлагатай үүргээ гүйцэтгэсээр байна.