ЦЕГ: Гацуур шатаасан, цонх хагалсан хоёр иргэнээс тайлбар мэдүүлэг авсан, СААТУУЛААГҮЙ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр өдөр үргэлжлэв. Жагсаалд оролцогчид нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа.
Хоёр дахь өдрөө жагсагчид эмх замбараагүй байдалд шилжиж төрийн ордон руу халдсан. Улмаар УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч, жагсагчид сайн дураараа тарсан учраас онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн.
Тэгвэл, өчигдрийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хоёр иргэнээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тайлбар мэдүүлэг авсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Гацуур мод шатаасан, талбайн цагдаагийн постын цонх хагалсан гээд 2 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан" гэв.








