О.Отгонтуяа: Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр анхны хууль зүйн ДОКТОРЫН ЗЭРЭГ хамгаалсандаа БАЯРТАЙ байна О.Отгонтуяа: Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр анхны хууль зүйн ДОКТОРЫН ЗЭРЭГ хамгаалсандаа БАЯРТАЙ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Отгонтуяа: Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр анхны хууль зүйн ДОКТОРЫН ЗЭРЭГ хамгаалсандаа БАЯРТАЙ байна

2022 оны 10 сарын 17

Arslan.mn

“Гэр бүлийн дундын хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч О.Отгонтуяатай ярилцлаа.

-Хууль зүйн докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе. “Гэр бүлийн дундын хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвийг сонгох болсон шалтгаан нь юу вэ?

-Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр анхны хууль зүйн докторын зэрэг хамгаалсандаа баяртай байна.

Докторын судалгааны ажлын удирдагч, хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, хууль зүйн доктор, дэд профессор Ш.Ариунбилэг, Дотоод хэргийн их сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн хамт олон болон бусад эрдэмтэн, багш нартаа эрдэм судлалын ажилд минь харамгүй зөвлөгөө өгч, дэмжиж байсанд талархлаа илэрхийлье. Мөн үргэлж дэмжиж, судалгааны ажил хийх бололцоог олгосон Хувийн эрх зүйн тэнхимийн хамт олон, хайрт гэр бүлийнхэн, найз нөхдөдөө баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Өмч, түүний төрөл, дундын өмчийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд өмнө гарч байсан боловч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэг төрөл болох гэр бүлийн дундын эд хөрөнгийн үндэсний хууль тогтоомжийн уялдаа, түүнийг хэрэглэж буй байдлыг онол, практикийн талаас нь нэг сэдэв болгож дагнан судалсан тохиолдол хараахан байхгүй, энэ талаар шинжлэх ухааны үүднээс судлах, онол, арга зүйн үндсийг боловсруулах хэрэгцээ, шаардлагатай гэж үзэн судалгааны сэдвээ сонгосон.

-Таны судалгааны ажлын шинэлэг тал нь юу вэ?

-Гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах харилцааны нэг төрөл нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа мөн боловч Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан нь нэг талаас гэр бүлийн хуулиар нөгөө талаас иргэний эрх зүйн хэм хэмжээгээр “давхар” зохицуулагдах онцлогтой салбар дундын институтын өвөрмөц зохицуулалттай харилцаа юм.

Гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа суурь хууль болох Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 22 жилийн хугацаанд 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээсээ илүү салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдэж байсан.

Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө нь гэрлэгч, гэр бүлийн бусад гишүүний хөрөнгөөс бүрдэх ба Гэр бүлийн тухай хуульд гэрлэгч, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан хэдий ч Иргэний хууль болон салбар хуулиудад гэр бүл, айл өрх, гэр бүлийн гишүүн, гэр бүлийн бусад гишүүн, гэр бүлийн хамаарал бүхий хүн зэрэг өөр өөр байдлаар тайлбарлажээ. Энэ нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн агуулга болох эд хөрөнгө, түүний төрөл, эд хөрөнгийг бүрдүүлэгч гэр бүлийн гишүүн, түүний эрх зүйн үндсийг тодорхойлохдоо хууль хэрэглэгчид өөр өөр байдлаар тайлбарлах, хуулийн хэм хэмжээг хэрэглэх зөв жишиг төлөвшихгүй байгаагаас шалтгаалан иргэний эд хөрөнгийн эрхийг бүрэн хангахгүй байх асуудал тулгамдсан хэвээр байна гэж үзсэн.

Судалгааны ажлыг гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын талаар онол-практикийн нэг сэдэвт бүтээлийн түвшинд цогц байдлаар судалснаас гадна

1. Гэр бүл, гэрлэлт, өмчийн талаарх олон ургалч үзэл, орчин үеийн чиг хандлагыг судалсан;

2. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтад хамаарах гэр бүлийн гишүүн, эд хөрөнгө гэсэн нэр томьёог 355 хэм хэмжээний актын нийцлийг анх удаа нарийвчлан судалсан,

3. Эртний эрх зүйн эх сурвалжид судалж буй асуудлыг тусгасан талаар түүхэн тодорхой цаг хугацаанд үечилж авч үзсэн,

4. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг гэр бүлийн дундын эд хөрөнгө, хүүхдийн эд хөрөнгийн зохицуулалтыг 9 улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан рецепци хийсэн,

5. Манай улс 19 улстай иргэн, гэр бүлийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсанд дүн шинжилгээ хийсэн

6. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар бодит байдалд үндэслэн тодорхойлсон нь шинэлэг тал болсон.

-“Гэр бүлийн дундын хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлын ач холбогдол нь юу вэ?

-Гэр бүл, өмчлөх эрх, гэр бүлийн дундын эд хөрөнгийн ойлголт, түүний мөн чанар, агуулгыг Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны онолын үүднээс тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг үндэсний болон гадаадын зарим улсын Иргэний, Гэр бүлийн, Өв залгамжлалын хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан судалсан нь судалгааны ажлын онолын ач холбогдол юм.

Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг дагнан судалснаар, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онолын үндэслэл, хуулийн төсөл боловсруулсан нь судалгааны ажлын практик ач холбогдол гэж дүгнэж байна.

Энэхүү судалгааны ажил нь манай улсад Гэр бүлийн дундын эд хөрөнгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үүднээс судалсан анхны судалгаа юм.

Судалгааны ажлын үр дүнгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар “Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”-г хийж гүйцэтгэсэн нь судалгааны ажлаа шинжлэх ухааны эргэлтэд оруулсан чухал ажил болсон билээ.

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд миний судалгааны ажлыг “Олон салбар эрх зүйн зохицуулалтыг хамарсан Иргэний эрх зүйн дундын өмчийн асуудлаар бичигдсэн энэхүү судалгааны ажилд хүүхдийн эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг судалсан нь чухал ач холбогдолтой байхаас гадна практик, амьдралд ойрхон, хүүхэд залуучуудад заавал унших талаар захимаар, өнөөгийн практикт тулгамдсан асуудлаар бичигдсэн бүтээл” гэсэн дүгнэлтийг хийж байсан. Цаашид холбогдох хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулахаас гадна Монгол Улс дахь гэр бүлийн харилцаа тэр дундаа хамтын өмчийн харилцаан дахь асуудлыг боловсронгуй болгох судалгааны ажлыг хийх нь нийгэм, эдийн засаг, хууль зүйн ач холбогдолтойг зөвлөсөн.

Энэ мэт зөвлөмж, санал, магтаал өрнөсөн хуралдаанаар докторын зэргээ амжилттай хамгаалсанд маш их баяртай байна.

Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641454
0 эможи

keyboard_arrow_up