СУРВАЛЖИЛГА: Цементийн хомсдолоос үүдэн иргэдийн байранд орох хугацаа 1-2 жилээр хойшилж байна СУРВАЛЖИЛГА: Цементийн хомсдолоос үүдэн иргэдийн байранд орох хугацаа 1-2 жилээр хойшилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СУРВАЛЖИЛГА: Цементийн хомсдолоос үүдэн иргэдийн байранд орох хугацаа 1-2 жилээр хойшилж байна

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Барилга угсралтын ажил ид ундарч байх ёстой энэ үед хил гааль дээр ачаа бараа гацсаны улмаас барилгын материалын үнэ тасралтгүй өсөж, барааны хомсдол үүсээд байна. Энэ нь шинэ болон хуучин байр худалдан авах иргэдэд нэлээд хүнд ачаа болж буй. Цементийн нийлүүлэлт муудсан учир барилгын компаниудын ажил зогсонги байдалд оржээ.

Юу юугүй хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй энэ цагт эхлүүлсэн барилгаа дуусгах гэж санаа зовнисон хэн бүхэнд цемент олдохоо больж, үнэ нь тэнгэрт хадсан байдалтай л байна.

Өнөөдрийн /2022.09.22/ байдлаар “Мак” цемент үйлдвэрээсээ тонн нь 335600 төгрөгөөр гарч байгаа бол шуудай нь 50 кг-ийн шуудайтай нь 16780 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байна. Харин задгайгаар тонн нь 283500 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа юм. "Монцемент" үйлдвэрээсээ 300,000 төгрөгийн ханштай байна. Гэсэн хэдий ч дээрх газрууд борлуулалтын цэгүүдээрээ цементээ борлуулах сонирхолтой. Зах руу бага хэмжээгээр нийлүүлж байгаа нь хаанаа ч хүрэхгүй байгаа аж.

“Монцемент”, “МАК” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна.

Image

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд тоног төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотойгоор бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэж чадахгүй нөхцөл байдал бий болсон.

Харин гадуур гараас гар дамжин худалдаалж буй цементийн үнэ 475.000-600.000 төгрөг хүрчээ.

Иргэд дотоодын үйлдвэрүүдээсээ захиалга өгөөд авъя гэхээр 10 сарын 15 хүртэл ямар ч захилга авахгүй гээд ам таглачихна. Ингээд л дотоодоосоо цемент авах ямар ч боломжгүй болж байгаа юм.

Хэдийгээр Есдүгээр сарын 14-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргасан ч үр дүнгүй долоо хонолоо. Хил гааль хаалттай тул өдөрт хэдхэн вагон орж ирж байгааг Цементийн бизнес эрхлэгчдийн холбооноос хэлж байна.

Түүнчлэн “Иргэдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээний хангалттай их цемент орж ирэхгүй байгаа. Одоо барилгын ажил ч зогсох боллоо. Төрөөс ердөө он гартал л татварыг тэглэх шийдвэр гаргасан. Тиймээс дотоодын компанитай гэрээ байгуулаагүй өчнөөн олон барилгын компани цементийн хомсдолтой нүүр тулж, ажил нь зогсох дээрээ тулаад байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Тиймээс бид орон сууц захиалсан иргэдтэй холбогдож дараах тайлбарыг авлаа.

“Барилга барьж байгаа компани руу холбогдохоор цементийн хомсдолоос шалтгаалж хойшилж байна гэсэн”

Хан-Уул дүүргийн “..........” хотхоны II ээлжийн барилгад орон сууц захиалсан иргэн Н.О “Манайх гэр хороололд байсан юм. 2021 оны гуравдугаар сард хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа 40 хувийг бүрдүүлээд байр захиалсан. 5 жилийн хувь лизингтэй. Орон сууц 2022 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно гэсэн боловч одоо хүртэл ороогүй байна. Хашаа байшингаа зарсан учраас эгчийнхээ хашаанд гэр бариад байраа хэзээ орох бол гэж хоног тоолон хүлээж байна. Барилга барьж байгаа компани руу холбогдохоор цементийн хомсдолоос шалтгаалж хойшилж байна. Энэ ондоо багтааж оруулна гэсэн. Гэхдээ энэ ондоо багтааж орох нь баттай эсэхийг сайн мэдэхгүй л байна” гэв.

“Иргэд барилгын компаниудын хооронд ширүүн маргаан үүсээд байна гэж харж байна”

Сүхбаатар дүүргийн “..........” хороололд орон сууц захиалсан иргэн Л.Г “Байр захиалаад хугацаандаа ашиглалтад орно гэдэг ёстой худлаа юм байна. Яг бүтээн байгуулалтын үед цементийн хомсдол үүсээд үнэ нь өсчих юм. Тэгэхээр барилгын компаниуд нь барилгаа хугацаандаа ашиглалтад оруулахгүй иргэд барилгын компаниудын хооронд ширүүн маргаан үүсээд байна гэж харж байна. Манай захиалсан байр энэ оны зургаадугаар сард ашиглалтад орох ёстой байсан боловч одоо хүртэл ороогүй л байна” гэлээ.

“Бид захиалсан байраа хоёр улирал биш хоёр жил хүлээж байж орох юм шиг байна”

Баянгол дүүргийн “..........” хороололд орон сууц захиалсан иргэн Н.Б “Манайх байраа захиалаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Ашиглалтад орох хугацаагаараа бол 2023 оны нэгдүгээр улиралд орох ёстой юм. Барилгын явцтай танилцахад дөнгөж 5 давхрын цутгалт хийж байна лээ. Захиалсан газраасаа асуухаар цементийн хомсдол үүсээд байр хугацаанаасаа хойшилж магадгүй гэсэн. Энэ байдлаараа бол бид захиалсан байраа 2 улирал биш 2 жил хүлээж байж орох юм шиг байна. Орох хугацаа нь яг болоогүй болохоор гомдол гаргаагүй байгаа” гэсэн юм.

Бидэнд мэдээлэл өгсөн иргэдийн захиалсан орон сууцны барилгыг барьж байгаа компаниуд руу холбогдож тайлбар авахад хоёр компани нь тайлбар өгөхөөс татгалзав. Харин Хан-Уул дүүргийн “.............” хотхоны Ерөнхий инженер мэдээлэл өгсөн юм.

“Энэ зуны цементийн хомсдол үнийн хөөргөдлөөс болж бид ямар ч ашиггүй шахуу ажиллаж байна”

Тэрбээр “Цементийн хомсдол үүссэнээс болж зөвхөн манай компанийн барьж буй барилга гэлтгүй Монгол Улсад баригдаж байгаа бүхий л барилгууд хойшилж байна. Энэ зуны цементийн хомсдол үнийн хөөргөдлөөс болж бид ямар ч ашиггүй шахуу ажиллаж байна. Яам тамгын газраас хомсдол үүсэхгүй, цементийн үнээ барина гэдэг ч хөрсөн дээрээ буухгүй л байна. Ямар ч байсан хугацаандаа ашиглалтад ороогүй барилгуудыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Сэтгүүлчийн тэмдэглэл “Монгол улсын бүтээн байгуулалт ердөө зуны хэдхэн сар л үргэлжилдэг. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын салбарынхан үнийн өсөлт, цементийн хомсдолтой нүүр туллаа.

Олон зуун иргэний итгэл найдварыг хүлээж, барилгын ажлаа шавдуулах гэсэн барилгынхан дахин хэдэн сар толгой гашилгаж, гацалтад өвөлжих болов.

Нөгөө талд хэдхэн сарын дараа байрандаа орох гэсэн иргэдийн амьдрал ч хэцүүдсээр. Тэд энэ өвөл дахиад л байраа хүлээж, сэтгэлээ түгшээж өвөлжих болов.

Энэ бүхнийг цэгцлэх ёстой “ТӨР” дорвитой ажил хийсэнгүй. Дарга нарын ам, ажил зөрсөөр юу юугүй цас орж, барилгын улирал дуусах нь. Хоёр жил биш хоёр улирал хүлээгээд л байрандаа ордог баймаар байна аа бид...”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640660
0 эможи

injener Da.
2022-09-22 15:08
barilgiin said geed 1 nuhur haana yu hiij bnaa. ene hvnd medej bgaa yum bnuu? ene asuudald Saidtan guai hariu ugnu vv
keyboard_arrow_up