Ц.Отгонтөгс: Миний ажил, амьдрал Их сургуулиас минь ЭХТЭЙ Ц.Отгонтөгс: Миний ажил, амьдрал Их сургуулиас минь ЭХТЭЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Отгонтөгс: Миний ажил, амьдрал Их сургуулиас минь ЭХТЭЙ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Хийсэн, бүтээсэн, байгуулсан гавьяаг нь төдийлөн ил хэлдэггүй ч тэдэнгүйгээр бидний өдөр тутмын ажлыг төсөөлөхийн аргагүй хүмүүс бол жолооч нар байдаг. Машин техникгүйгээр байгууллагын байтугай хувь хүний ажил, амьдралыг төсөөлөхөд бэрх. “Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Их сургуулийн бие бүрэлдэхүүний арын шугаманд бат найдвартай зогсож, өдөр тутмын албыг залгуулдаг, эртэч, шуурхай, ажилсаг жолооч нарынхаа төлөөлөл болгон Хангалт үйлчилгээний газрын Автобаазын жолооч, ахлах ахлагч Ц.Отгонтөгсийг урилаа.

Ахлах ахлагч Ц.Отгонтөгс 1989 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр дунд сургуулийг төгсөж, Барилгын техник мэргэжлийн сургуульд сантехникийн засварчны ангид элсжээ. Суралцаж байх хугацаандаа Цагдаагийн дээд сургуульд уртын дадлага хийхээр хуваарилагдсан байна. Зургаан сарын дадлагаа хичээнгүй сайн гүйцэтгээд ирэхэд нь Цагдаагийн дээд сургуулиас “Ц.Отгонтөгсийг төгсөхөөр нь манайд хуваарилж өгнө үү” гэсэн албан тоот ирүүлсэн байжээ. Ингээд 1991 онд сургуулиа төгсөөд, Цагдаагийн дээд сургуульд томилогдсоноор аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын төрийн тусгайлсан чиг үүрэгтэй боловсон хүчнийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэх ажлын гараа нь эхэлжээ.

Цагдаагийн дээд сургуульд ажиллаад нэг жил гаруй болж байтал эх орон дуудаж, Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн ажилласан тухайгаа хуучиллаа. Цэргийн сургуульд ажиллаж байгаагийнх мөрдэс зүүх битүүхэн мөрөөдөл тээсээр 1998 онтой золгов. Түүнийг 1998 онд уурын зуухны механикчаар томилж, удтал мөрөөдсөн дэд ахлагч цолыг нь олгожээ. Энэ үед Цагдаагийн дээд сургуулийн захирал М.Батаев хурандаа түүнийг сургуульдаа эчнээгээр сурахыг санал болгосон байна. Уурын зууханд ажиллаж байхад байсхийгээд л янз бүрийн асуудал гардаг учир ажлаа сайхан жигдэлж, гартаа оруулж авах хүртэл сурахаа түр хойшлуулжээ. Гэхдээ тэр тухайн үед суралцаж, офицерын бүрэлдэхүүнд орж чадаагүйдээ огтхон ч харамсдаггүй байна. Багаас техникт сонирхолтой байсан тэрбээр энэ сургуульд сантехникчээс эхлээд механикч, жолооч, мотоциклийн багш гээд дандаа техниктэй харьцсан дуртай ажлуудаа хийж ирсэн учраас буянтай сургуульдаа үргэлж, талархаж, залбирч явдгаа ярив. Ямар ч ажилд мэргэшинэ гэдэг чухал байхаас гадна дээд сургууль төгссөн олон хүний огт хийж чадахгүй, сурах ч боломжгүй зүйлийг эзэмшиж, сурна гэдэг юутай ч зүйрлэшгүй том эрдэм юм.

Амьдрал цаг мөнхөд сонголт, бэрхшээл, баяр гунигаар дүүрэн байдаг даа. Ингэж ажилласаар 2004 онд нэгэн амаргүй сонголттой учрав. Учир нь уурын зуух хувьчлагдаж, тэрбээр компаниа дагаад явах, эсвэл эндээ жолоочоор ажиллахын аль нэгийг сонгоход хүрчээ. Компани нь түүнд сургуулиас хоёр дахин их цалин амласан ч Отгонтөгс ах мөрдэс зүүгээд эх орондоо зүтгэх төрийн албандаа үнэнч үлдэж, жолооч болсон байна.

Энэ тухайгаа “Миний ажил, амьдрал энэ сургуулиас эхтэй. Буянтай сайхан сургуульд сайхан хамт олны дотор ажлын гараагаа эхэлсэн болохоор хоргодоод холдож чадалгүй нэг л мэдэхэд 30 гаруй жил өнгөрчээ” хэмээн дурсав. Ажилдаа сэтгэлээ зориулж, түүндээ үнэнч зүтгэхийн үлгэр дуурайлал нь Отгоо ах юм даа. Түүн шиг амьдралдаа ганц л байгууллагад ажиллаж үзсэн хүн хуруу дарам цөөхөн байх. Тэрбээр 1990 онд энэ байгууллагын босгыг давсан цагаасаа өдгөө хүртэл сургуульдаа тууштай ажиллаж байна. Энэ сургуулийн машин техникүүдийн үүх түүхийг цөмийг тэр нэг бүрчлэн мэднэ. Байгууллагадаа олон жил тууштай ажилласных эзэмшиж амжаагүй мэргэжлээрээ хоёр хүүхдээ сургаж, мэдлэг боловсролтой болгосондоо аав хүний хувьд сэтгэл дүүрэн явдаг нь илт.

Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг. Отгоо ахын эхнэрийг Г.Чулуун гэдэг. Тэрбээр ханьтайгаа 1994 онд танилцаж, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болжээ. Отгоо ахыг ардаа санаа зоволгүй ажилдаа анхааран зүтгэхэд сайхан хань нь ихээхэн өмөг түшиг болдог байна. “Миний өдий зэрэгтэй нь яваа нь сайхан ханийн минь буян. Бидний л төлөө гэж явдаг ханьдаа баярладаг шүү” хэмээн тэр хэлэв.

Хоёр жил орчмын өмнө Улсын Их Дэлгүүрт гарсан галыг унтраахаар дүрэлзэн асаж буй гал руу олон аавын хүүтэй мөр зэрэгцэн гүйн орох залуу бүсгүйн зураг цахим орчинд тархаж, монголчуудын хайр, бахархлыг төрүүлээд амжсан билээ. Эх орныхоо төлөө халуун амиа үл хайхран аюул бүхнийг сөрөх гал сөнөөгч тэр бүсгүй бол Отгонтөгс ахын охин Отгон-Эрдэнэ юм. Отгон-Эрдэнэ зүгээр ч нэг гал сөнөөгч бус эрчүүдийг ахалж, үүрэг тушаал өгдөг салаан захирагч аж. Охиноо онцгой байдлын алба хаагч болоход нь аавын хувьд бүх талаар дэмжиж зүтгэсэн ажээ. Тэрбээр эрдэнэт хүний алтан амь, эд хөрөнгийг аварч, хамгаалдаг энэ буянтай сайхан мэргэжлийг сонгохыг охиндоо санал болгосон байна.

Аливаа байгууллагын хамгийн эртэч хүмүүс нь жолооч нар байдаг. Жолооч байна гэдэг бусдын амь насыг хариуцана, зорчигчийнхоо ая тухыг бодолцоно, машин тэргээ тордоно, бусдыг царайчлахгүй засвар үйлчилгээг нь хийж, ая эвийг нь олно гээд ур чадвар, чин сэтгэл шаардсан ажил юм. Тэгээд бас нэг л машин унаад байхгүй. Их сургуулийнхаа том машиныг унаад хоол хүнс, барилгын материал гээд үргэлжийн ийш тийш явах ажилтай. Шаардлага гарвал хэдэн өдрөөр хаашаа ч томилолтоор явж мэднэ. Заасан газар, дуудсан цагт бэлэн байх хариуцлагатай үүргийг цэргийн жолооч биелүүлдэг. Шижигнэсэн сайхан залуучуудтай баг болж ажилладагтаа сэтгэл дүүрэн явдаг тухайгаа Отгоо ах ярив.

Arslan.mn

Мөн Ахлагчийн сургуулийн сонсогчдод мотоциклийн “А” ангилал олгох сургалтын багш хийдэг байна. Их сургуульд ажилласан 30 гаруй жилийн хугацаанд тэрбээр улсын торгон хилээ манах хилчид, хууль сахиулах цагдаа нар, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шинжээчид, аврагчид гээд тоолж барамгүй олон төрийн тусгай алба хаагчдад үйлчилж, мотоцикл хэрхэн унах хичээл заан багшилсан учир эх орны дөрвөн зүг найман зовхист түүнийг танихгүй хүн ховор аж. Хаа нэгхэн амралтаараа гэр бүлийн хамт орон нутгаар аялахад нь очсон газар бүхэнд “Ах сайн явж байна уу” гэсээр угтдаг байна. Үр хүүхдүүд нь “Аав танд үнэмлэхний хэрэг алга. Та өөрөө үнэмлэх юм байна” гэлцэхэд нь бахархалтай сайхан санагдсанаа ярьж, “Их сургуулийн минь буян их юм аа” хэмээн бахдав.

Жилийн 365 хоногийн гуравны нэг хугацаанд л тэрбээр гэртээ өнжиж, ихэнхдээ хээрийн сургалт дагаад хөдөө явчихдаг аж. Жолоочоор томилогдсон цагаасаа эхлэн 18 жилийн хугацаанд тасралтгүй сонсогчидтой хээрийн сургалтад гарчээ. Дөрөвдүгээр сарын эхээр Хилийн албаны сургуулийн сонсогчдын хээрийн сургалтаар түүний хөдөө явах ажил эхэлж, Ахлагчийн сургууль, шинэ элсэгчдийн хээрийн сургалт гээд хөвөрсөөр өвөл нэг юм өндөрлөдөг байна.

Ш.Отгонтөгс ах чин сэтгэл, тууштай хичээл зүтгэлийнхээ үр дүнд 1996, 1997, 1999 онд сургуулийнхаа “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгарч, 2010 онд “Цэргийн хүндэт медаль”, 2012 онд “Осолгүй манлай жолооч”, 2014 онд “Онц тээвэрчин”, 2019 онд “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдсан байна. Мөрдэс зүүсэн хэн бүхний бахархал болсон “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулсан тухайгаа “Их сургуулийнхаа хоёр одонгийн нэгийг хүртэх ховорхон хувь тавилан олдсонд их бэлгэшээж явдаг юм. Баялаг түүхт сургуулийнхаа удирдлага, хамт олондоо талархаад баршгүй” хэмээн энгэр дээрх одон шигээ гялалзтал инээмсэглэв.

Нэгэнт эхлүүлсэн л бол алдсан ч бай, оносон ч бай эцсийг үзэх нь Отгонтөгс ахын зарчим юм. Хийх ёстой ажлаа тултал нь сайн хийж, даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатай сайн биелүүлж, хамт олонтойгоо эвсэг, найрсаг байж, хичээнгүйлэн ажиллавал амьдрал аяндаа өсөн дэвжиж, өөдрөг байдаг юм шүү хэмээн Отгоо ах залуустаа захив. Тэр энэ л зарчмыг баримталж, төдийгөөс өдий хүртэл албандаа тууштай зүтгэн зөв мөртэй амьдарч явна.

Ажлын туршлагатай, амьдралын урт замд мэргэжилдээ үнэнч, тууштай, эгэл юм шиг хэрнээ эгэлгүй сайхан албаны эзэн болсон Цэргийн гавьяаны одонт, ахлах ахлагч Ц.Отгонтөгс ахдаа урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639278
0 эможи

keyboard_arrow_up