АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны зургаадугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 674 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 27 хэргийг хаах, 3 хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 620 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 10 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “Э” нь Татварын ерөнхий газарт Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа "Т” ХХК-ийн захирал “Ү”-г 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан гарган өгч, үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж давуу байдал бий болгосон, онцгой албан татварын тэмдэг олгосон, 12.000.000 төгрөгийн хахууль авсан гэх;
  • “Б” нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн сувилагчийн ангид суралцаж байсан оюутан “У”, “Ц”, “О” нарыг хичээлийн тооцоотой байхад нь 2021 онд төгсөлтийн шалгалтад оруулж диплом олгож бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга “С” нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа "А" ХХК-ийн захирал “Б”-г албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар хахууль авсан, сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг тус компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч “О” нь албан тушаалын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж, хэрэгжүүлэлгүй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Алтаргана хотхоны 44в байрны 1, 5, 6, 51 тоотод байрлах орон сууцуудыг “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосноор тус компанид Хас банкнаас 500 сая төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга “Н”, Тамгын газрын дарга “Э” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж 2018 онд үлийн цагаан оготно устгах ажлын 15,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • Яллагдагч “Б” нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг зөрчиж, БЗД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан гэх;
  • Увс аймгийн Сагил сумын Засаг даргын орлогч “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд “Г”-ын нэр дээр авсан
  • Архангай аймгийн Засаг дарга “М”, ИТХ-ын дарга “Ө” нар нь Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших "Шоронгийн ам" нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лицензийг “Т” нөхөрлөлд эзэмшүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн захирал “Д” нь тус компанийн нэрийн өмнөөс “О”-д бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэх;
  • Иргэн “Д” нь нийтийн албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх.

 

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638299
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up