COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шалган шийдвэрлэх албан тушаалтнуудыг давтан сургаж дадлагажуулах хэрэгтэй

админ
2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Орчин үеийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, техник технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжил дэвшилтэй зэрэгцэн хувь хүн, гэр бүл болон, нийтийн боловсролын талаарх хөгжилд ихээхэн анхаарах болжээ.

Тиймээс эрх зүй, сэтгэл зүй, социологи зэрэг шинжлэх ухаанд үндэслэн хүний дотоод мөн чанарын талаар нарийвчлан судлах болж.

Түүний дундаас хүний эрхийг хамгаалах, гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх, гэрч, хохирогчийг хамгаалалтдаа авах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ангилах, төрөлжүүлэх анхны оролдлого  1960-1970 оны үед анагаахын салбарт хэвийн нэвтэрсэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх загварыг хуулбарлан хэрэглэх санаа байжээ.  Энэ санааг судлаач Брантингхам Пол, Фредирик Фауст нар 1976 оны нийтлэлдээ дэлгэрэнгүй дурьдсан байдаг. Энэ онолоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн арга хэмжээ гэж ангилсан байна.

Сүүлийн үед олон улсын түвшинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийгмийн хөгжилд суурилсан, олон нийтэд суурилсан, нөхцөл байдалд суурилсан, нийгэмшүүлэх хөтөлбөрт суурилсан гэж ангилсан талаар зарим судлаач дурджээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дотоодын судлаачид ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн гэсэн төрөлд хуваан үзэж ирсэн бол Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын  хуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төрлийг өргөжүүлэн ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх гэсэн таван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг төдийгүй түүний хохирогч нь дийлэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болдог. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр 2020 онд олон улсын хэмжээнд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдэгээс 10 хүрэхгүй хувь нь цагдаад ханддаг байна.

Эдгээрийн дундаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь анхаарал татсан чухал асуудал болж байна. Гол хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байх ба хаалганы цаана үйлдэгддэг нуугдмал гэмт хэрэг билээ.

Монгол Улс 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, 2017 оноос эхлэн мөрдөж байгаагаас гадна Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт энэ чиглэлийн асуудлыг тусган өгч, хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж, зөвлөгөө өгөх, хамгаалах байраар хангах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх 17 нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадна дэмжлэг үзүүлэн хамгаалах 18 байр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн тухай тоон мэдээллийг гаргахад ЦЕГ-ын гэмт хэргийн мэдээ болон тусгайлсан түүвэр судалгаа гэсэн хоёр гол эх үүсвэрийг ашиглаж байна.

Тусгайлсан судалгааны хувьд хэдийгээр энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаа байдаг хэдий ч Үндэсний статистикийн хорооноос 2017 онд улсын хэмжээний “Жендэрт суурилсан хүчирхийллийн түүвэр судалгаа”-г анх удаа зохион хийсэн байдаг. Судалгааны дүнгээр манай улсад гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн хүн тутмын нэг нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй гэжээ.

2017 онд  буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль үйлчилж эхлэхэд энэ төрлийн гэмт хэрэг 1286, зөрчил 4369, 2018 онд гэмт хэрэг 1070, зөрчил 5821, 2019 онд гэмт хэрэг 985, зөрчил 8962, 2020 онд гэмт хэрэг 1138, зөрчил 10306 тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн . Харин энэ оны эхний таван сард гэмт хэрэг 596, зөрчил 4115 байна.

Үүнээс дүгнэхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай нийгмийн бүхий л давхаргад, хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгааг харж байна. 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээтэй, нийгмийн бүх давхарга, салбарт нэгэн зэрэг чиглэсэн, хүний зан үйлд нөлөөлөх төрөл бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар хэрэгжүүлж байдгаас хамаарч түүнийг хэрэгжүүлэх чиглэлийг олон шалгуураар төрөлжүүлэн ангилахад хүргэдэг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг тогтоох нь чухам юунаас, ямар үндэслэлээр эхлэх, ямар хүрээнд зохион байгуулах, ямар арга, хүч хэрэгслийг ашиглах зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад доорх гурван түвшинд анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байна. Тодруулбал, хувь хүний түвшинд гэр бүл төлөвлөлт, амьдралын арга ухаанд суралцах, ёс суртахуун, зөв дадал, зан үйлд суралцах, өөрийн үнэт зүйл, зорилгоо төлөвлөх, стресс менежментийн талаар мэдлэгтэй болох, бусдыг хайрлах, хувь хүний зохион байгуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай.

Байгууллага болон шалгах эрх бүхий албан тушаалтны хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, мөн  төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж тэдний дэмжлэгийг авч, хохирогч болон хүчирхийлэгч нарыг таньж илрүүлэн бүртгэх хэрэгтэй.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтныг сурган дадлагажуулах, хүний нөөцийн бодлого зарчим, тогтвор суурьшилтай байдал чухал байна. Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг үнэлж, үйлдэгдэж болзошгүй  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг криминологийн шинжлэх ухаан болон инновацийн шийдэл, техник, технологийг ашиглан шинэлэг байдлаар зохион байгуулах нь нэн чухал байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагааг боловсронгуй болгох, гадаад орны сайн туршлагыг өөрийн хөрсөнд буулгах, тэдэнтэй хамран ажиллах, хохирлын үнэлгээг зөв, тооцоолох, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих, хүчирхийллэл үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулах ажиллагаа, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулах асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цаг хугацааны хувьд богино, дунд, урт хугацааны гэсэн хэлбэртэй байдаг.

Цагдаагийн байгууллагаас богино болон дунд хугацааны урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хамтран зохион байгуулж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч ажиллаж байна.

Тухайлбал, “Би ... байна” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 04-10-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. 

Эрсдэлт бүлгийн хүүхдийг илрүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдэд хяналт тавих   чиглэлээр зохион байгуулсан “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Арга хэмжээнүүд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үеэр явагдсан нь онцлогтой бөгөөд хүчирхийллийн эрсдэлт зорилтот бүлгийн 2093 хүүхдийг илрүүлэн хяналтад авч, 1491 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажиллан, цагдаагийн байгууллагын Судалгаа хяналтын сангийн “Хүүхдийн нэгдсэн бүртгэл”-д 1382 хүүхдийн мэдээллийг шинээр бүртгэж, хяналтад авснаар цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үзүүлэхэд ахиц гарсан.

Сүүлийн үед дэлхий нийтэд “COVID-19” үүссэнтэй холбогдуулан олон улсад хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар  нэмэгдэж, хүүхэд эмэгтэйчүүд сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол ихээр амсах боллоо.

Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл нь улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй хэдий ч хувь хүний ёс суртахуун, ядуурал, ажилгүйдэл, архидалт зэргээс ихээхэн хамаарч байна.

Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хамтран зорилтод аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг шат дараалалттай зохион байгуулсны үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн гаралтад ил болон далдаар нөлөөлж, ард иргэдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг хүн бүрийн хамтын ажлын үр дүн билээ.

Судалгаа, тоо баримтаас дүгнэхэд төрөөс бодлогоор бүх нийтийн гэр бүл, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, бага балчир наснаас нь хувь хүний хөгжил, гэр бүл төлөвлөлт, ёс суртахуун, зан заншлын талаарх сургалтыг ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад нэмэлтээр оруулж өгөх зайлшгүй шаардлагатай.

Мөн Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд зөрүүтэй байгаа ойлголтуудыг нэг мөр болгох, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх  эрх бүхий албан тушаалтнуудыг давтан сурган дадлагажуулж, тэднийг тодорхой төрлийн кейс өгөгдөл дээр ажиллах, бие даан суралцах чадварт сургах. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх сургалт, судалгааны ажлыг шинэлэг байдлаар, тогтмол явуулж түүнд дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай.

Arslan.mn

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.МӨНХСУВД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628050
0 эможи

keyboard_arrow_up