COVID-19: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ COVID-19: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

2020 оны 11 сарын 26

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-

КОВИД-19-ийн цар тахлын улмаас дэлхий даяар ихэнх үйл ажиллагаа зогсолтын байдалд ороод байгаа энэ үед жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт сая сая эмэгтэйчүүдэд нөлөөлсөн хэвээр байхын дээр энэ цаг үед нөхцөл байдлыг улам бүр дордуулж байна.

Өдгөө дэгдээд буй цар тахал шиг олон нийтийг хамарсан онц нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл ихэвчлэн өсдөг гэдгийг олон улсын хэмжээний олон судалгаа нотолсон байдаг.

Стрессийн түвшин огцом өссөнөөс гадна олон хүн орлогоо гэнэт алдаж, хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, хямралаас улбаатай бусад нийгмийн асуудлууд нэмэгдсэнээр жендэрийн тэгш бус байдал өмнөхөөсөө илүү хурцдаж, жендэрт суурилсан хүчирхийлэл ийн гэмт хэрэг өсдөг байна. Жилийн эхний улирлаас авахуулаад дэлхий даяар жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өссөөр байгаа үзүүлэлттэй байна.

Монгол Улс 2020 оны 11 сар хүртэл КОВИД-19-ийг дотооддоо дэгдэхээс амжилттай сэргийлж чадсан ч, цар тахал эхэлсэн цагаас хойш Монголд жендэрт суурилсан хүчирхийллийн  тохиолдол өнгөрсөн эхний 3 сард огцом өссөн юм. 2020 оны эхний улиралд НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаагаа явуулж буй НЦҮТ-үүдэд ирсэн үйлчлүүлэгчдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 87%-иар өссөн үзүүлэлттэй байв. Үүний нэгэн адил Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) нийт гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдсэн тохиолдол 47%-иар өссөн гэж мэдээлсэн бөгөөд энэхүү огцом өсөлт нь гэр бүлийн хүчирхийллийн жижиг зөрчил хийгээд анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол зэрэг зөрчлийн шинжтэй хүчирхийллийн огцом өсөлттэй (62%) холбоотой юм.

Дархан-Уул аймаг дахь НЦҮТ-ийн ахлах нийгмийн ажилтан Ж.Цэцэгмаа 2020 оны 3-р сард өмнөх оны 3-р сартай харьцуулахад үйлчлүүлэгчдийнх нь тоо бараг хоёр дахин өссөнийг ярьж байлаа. Тэрбээр “Бид ердийн үеэс илүү олон үйлчлүүлэгч хүлээж авч байна. Сургууль, цэцэрлэг хаагдсанаас болж хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол бас өсөж байна. Түүнчлэн олон бизнесийн байгууллага үүдээ барьсан учраас стресс болон тодорхой бус байдлаас түгшсэн айдсаа даван туулах гэж илүү олон хүн гэртээ архи уух болсон” гэсэн юм.

Ж.Цэцэгмаа мөн КОВИД-19-ийн хөл хорионоос болж олон даван туулагч цаг ямагт гэртээ, хүчирхийлэгчтэй хамт байх болсноор сүүлийн үед хосуудын хоорондын зөрчлийн давтамж болоод далайц нэмэгдэж байна гэж ярьсан юм.

Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд хийсэн Үндэсний хэмжээний жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанаас үзэхэд Монгол эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртсөн байгаа бөгөөд 35% нь сүүлийн 12 сарын хугацаанд дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн байна. КОВИД-19-ийн цар тахал шиг онцгой нөхцөл байдал нь хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна даван туулагчдад хүчирхийллээс зугтаж, тусламж эрэхэд нэн хүндрэлтэй болгодог.

Ж.Цэцэгмаа “Манай үйлчлүүлэгч нар КОВИД-19-ийн халдвар авахаас айж байгаа. Мөн хөл хорио болон эдийн засгийн тодорхой бус байдлаас болж зүдэрч байгаа” гэсэн юм. Гэхдээ энэ айдас хийгээд тодорхой бус байдлыг үйлчилгээ үзүүлэгч нар ч мөн мэдэрч байгаа билээ. Түүнчлэн “Үйлчилгээ үзүүлэгч нар жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдыг амны хаалт зүүгээгүй байвал анхан шатны тусламж үзүүлэхээс их цааргалдаг байсан. Дээрээс нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд өсөж, хөл хорионы хугацааг сунгах болсноор амны хаалтын үнэ өссөн. Өөрөөр хэлбэл, бид амны хаалт худалдаж авч чадахааргүй болсон гэсэн үг” гэсэн юм.(Энэхүү нийтлэлийг Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдэхээс өмнө бэлтгэсэн болно)

Жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ нь амин чухал бөгөөд магадгүй хэн нэгний амь насыг ч аврах боломжтой гэдгийг ойлгосны үндсэн дээр Дархан-Уул аймгийн НЦҮТ үйлчилгээгээ хүргэх өөр бусад арга замуудыг судалж эхэлсэн байна. Ж.Цэцэгмаа “Даван туулагчдад зориулсан үйлчилгээ ерөнхийдөө нээлттэй хэвээр байгаа ч одоогоор зөвлөх үйлчилгээний багагүй хувийг онлайнаар болон утсаар өгч байна. Онлайн зөвлөгөө болон уулзалтууд нь хамтарсан багуудын дунд түгээмэл болсон бөгөөд ингэснээрээ тэд даван туулагчдад үзүүлэх дэмжлэгээ тасалдуулахгүй ажиллаж чадаж байгаа” гэсэн юм.

Түүнчлэн цар тахлын дагавар үр нөлөө болж үүсдэг нийгмийн олон асуудлаас хүн амыг хамгаалах зорилго бүхий Засгийн газрын өөр өөр агентлаг хоорондын хамтын ажиллагааг бүх түвшинд нэмэгдүүлсэн талаар Ж.Цэцэгмаа ярьж байлаа. Дархан-Уул аймгийн НЦҮТ нь мөн засаг захиргааны хамгийн бага нэгж болох багуудын иргэдийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байна. Багийн нийгмийн ажилтнууд болон сургуулийн нийгмийн ажилтнууд хариуцсан хэсэг дээрээ эрсдэлтэй айлуудын жагсаалтыг гаргасан бөгөөд НЦҮТ-ийн ажилтнуудтай хамтарч уг айлуудаар орж, авах боломжтой үйлчилгээнүүдийнх нь талаар танилцуулахын зэрэгцээ үл хайхрах хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүмүүсийн нөхцөл байдлыг тандсан юм. Энэ санаачилгын үрээр НЦҮТ-ийн ажилтнууд хууль бус хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй гурван хүүхдийг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулаад гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил дээр баг болон аймгийн удирдлагуудтай илүү нягт хамтран ажиллахыг багийн цагдаа нараас хүссэн байна.

КОВИД-19-ийн цар тахал дэгдсэн цагаас хойш НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын бусад агентлагууд, мөн Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) зэрэг хөгжлийн болон донор байгууллагууд, түүнчлэн Япон улсын Засгийн газартай илүү ойр хамтран ажиллаж, өсөн нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлын талаарх ойлголтыг дээшлүүлж, энэ цаг үед жендэрт суурилсан хүчирхийллийн үйлчилгээний хүртээмжийг тасалдуулахгүй байж, жендэрт суурилсан хүчирхийлэл гарахаас сэргийлэхэд туслах, даван туулах механизмийг дэмжих ажлаа үргэлжлүүлсээр байна.

НҮБ-ын Хүн амын сангийн алсын зайн зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг 7 хоногийн 24 цагаар шууд утас болон бусад онлайн сувгаар хүргэхийн тулд 2020 оны 3-р сараас хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй (ХЭҮТ) хамтран ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран НЦҮТ-ийн ажилтнуудад зориулан КОВИД-19-ийн цар тахлын үед үйлчилгээг тасралтгүй, аюулгүй байдлаар хүргэх зөвлөмж, мөн КОВИД-19-ийн тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудад зориулан жендэрт суурилсан хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах үндсэн зөвлөмжийг боловсруулсан юм.

Монгол Улсад КОВИД-19-ийн халдварыг хяналтдаа авах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас хатуу хяналтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хойш ЖСХ-ийн тохиолдол огцом өссөнтэй холбоотойгоор 2020 оны 6-р сарын дундуур нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хоёр шинэ НЦҮТ байгуулсан билээ. “Dignity Kit” гэж нэрлэгдэх ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг мөн хүнд хэцүү цаг үед хүмүүсийн эрүүл ахуй, өөртөө итгэх итгэл, эрхэм чанарыг хамгаалах, түүнчлэн амин хэрэгцээт зүйлс дутсанаас болж бэлгийн мөлжлөгт өртөх зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн эрсдэлийг бууруулахад тун хэрэгтэй хангамж болгон тусгаарлалтад байгаа хүмүүс, НЦҮТ-үүд болон түр хамгаалах байруудад түгээсэн юм. Эцэст нь НҮБ-ын Хүн амын сан ЦЕГ-тай хамтран давтагдсан тоогоор 1 сая гаруй хүнд хүрсэн “Хайр Өвтгөдөггүй” гурван сарын хугацаатай үндэсний хэмжээний кампанит ажлыг зохион байгуулж, дуусаад байна.

Үйлчилгээгээ аюулгүй бөгөөд тасралтгүй хүргэхэд хамгийн шаардлагатай байгаа зүйл юу болох талаар Ж.Цэцэгмаагаас асуухад “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн ажилтнууд болон үйлчлүүлэгчдээ КОВИД-19-өөс хамгаалах нь одоогоор тэргүүн зорилго болж байна. Бид хүчирхийллийн даван туулагчдад, ялангуяа хөл хорио тогтоосон энэ цаг үед, амин чухал үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байх хэрэгтэй. Гар утасны апп, вебсайт болон телевизийн нэвтрүүлэг зэрэг технологийг ашиглаж алсын зайнаас дэмжлэг үзүүлэх байдлаар хэрэгцээт хүмүүстээ хүрч ажилласаар байх хэрэгтэй” гэсэн юм.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621532
1 эможи

Зочин
2020-11-26 13:57
keyboard_arrow_up