Ц.БАТЦЭНГЭЛ: Вирусийн гаралтай ханиаданд АНТИБИОТИК үйлчлэхгүй, эсрэгээрээ ДАРХЛАА СУЛРУУЛДАГ Ц.БАТЦЭНГЭЛ: Вирусийн гаралтай ханиаданд АНТИБИОТИК үйлчлэхгүй, эсрэгээрээ ДАРХЛАА СУЛРУУЛДАГ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.БАТЦЭНГЭЛ: Вирусийн гаралтай ханиаданд АНТИБИОТИК үйлчлэхгүй, эсрэгээрээ ДАРХЛАА СУЛРУУЛДАГ

2023 оны 1 сарын 10

Arslan.mn

-Томуу, томуу төст өвчин нь хүний биед ямар шинж тэмдгийг үзүүлдэг талаар тайлбарлаж өгнө үү?

-Томуу, томуу төст өвчин гэдэг нь амьсгалын замын цочмог вирусийн халдварт өвчин.

Хүйтэн сэрүүний улирал буюу хүйтэн агаарын температуртай холбоотойгоор амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчин дэлхий нийтэд түгээмэл тохиолдож бүх хүнийг хамруулан өвчлүүлдэг. Хүмүүсийн хэлдгээр ханиад буюу амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Хамгийн гол нь халдварлах чадвар маш өндөр учраас богино хугацаанд олон хүнийг зэрэг хамруулан өвчлүүлдэг. Жишээ нь 2009 онд дэлхийд тархсан гахайн томуугаар олон хүн нас барж, олон хүн өвчилсөн. Түүнээс гадна 1918 оны Испанийн хар тахал нь дэлхийгээр тархаж 100 сая хүн нас барсан түүхтэй. Мөн 1957 оны Азийн цар тахал гэх мэтчилэн цар тахлуул вирусийн халдвараар олон  хүний амийг авч одож байсан тохиолдлууд байдаг.

Томуу өвчнийг үүсгэдэг А, В, С гэсэн гурван төрлийн вирус байдаг. А хүрээний вирус нь хоруу чанар ихтэй. Амьсгалын замаар нэвтрэн орж, цаашлаад цус руу нэвтэрч, өндөр халууруулдаг онцлогтой. Халуурахдаа 39-42 хүртэл өндөр халуурна. Мөн халдвар хордлогын хам шинж ихтэй. Ингэхдээ бүх биеэр янгинаж өвдөнө. Хамар битүүрнэ. Зогсоо зайгүй ханиалгана. Хамраас цус, ус гоожиж, цээжээр өвдөнө. Үүнээс гадна амьсгалын замыг гэмтээн уушгины гүн рүү орж, уушгины хатгалгаа болж хүндэрдэг.  Ханиад томууны үеэр хатгаа өвчин тусах, цаашлаад хатгаа өвчний хүндрэлээр нас барах тохиолдол байна.

-Томуу, томуу төст өвчний идэвхэждэг үе гэж байдаг?

-Томуу, томуу төст өвчин гэдэг нь яг томуугийн А,В, С гурван вирусээс халдварладаг гэдгийг дээр хэлсэн. Бусад вирусээр дамждаг халдварт өвчнийг томуу төст өвчин гэж нэрлэдэг.

Хүйтэн сэрүүний улирлаар буюу 11 сараас 04 дүгээр сарын хооронд томуу, томуу төст өвчний вирус их идэвхэждэг. Учир нь томуугийн вирус –70 хэм хүртэл хүйтэнд үржин халдварлах чадвартай учраас агаар дуслын замаар дамжиж халдварлаж байдаг.

Нөгөө талаас хүний дархлааны тогтолцоо хүйтэн сэрүүний улиралд суларч, даарахтай холбоотойгоор өвчлөх нөхцөл нэмэгдэж байдаг. Үүнээс үүдэн томуу, томуу төст өвчин тархдаг.

-Улирлын чанартай дэгддэг, ханиад томуугийн өвчлөл их олон төрлийн вирусээр үүсгэгддэг гэдгээ та дээр хэллээ. Эдгээрээс ямар вирус нь одоо давамгай байгаа вэ?

-Одоогоор томуу төст өвчин идэвхтэй байна. Харин томуугийн вирус хараахан эргэлтэд орж ирээгүй байна.

Ер нь амьсгалын замын халдвар, цочмог үрэвслийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг гэж үздэг. Эдгээрээс амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг, бүтцийн хувьд зонхилон тохиолддог вирус нь риновирус буюу хамрын ханиад байдаг. Рино гэдэг нь хамар гэсэн утгатай бөгөөд хамрын салст дээд замаар нэвтэрч ороод арай бага хэмд вирус үржих чадвартай учраас уушгины гүнд нэвтэрч үржих чадваргүй.

Энэ вирусийн онцлог нь ялангуяа насанд хүрэгчдэд удаан хугацаагаар халдвар, хордлогын хам шинж хурц биш аргаар илэрдэг. Бие сулрах, халуурах, ядрах, халууралт нь 37-38 хэм орчмоор үргэлжилдэг. Харин өндөр халуурахгүй. Хамгийн гол нь хамар битүүрэх, нус гоожих нь 14-21 хоног буюу удан хугацаанд үргэлжилдэг.

Улирлын томуугийн 30-50 хувийг риновирусын халдвар эзэлдэг байгаа. 

Мөн  РСВ вирус нь амьсгалын замын гүн руу нэвтэрч ороод ханиад хүрэхдээ астам шиг шуугиад, хатгаагаар хүндрэх нөхцөл блдж байдаг бас нэгэн вирус юм. Энэ нь хавар, намрын улирлаар илүү их идэвхжидэг.

Эдгээр нь нэгдүгээрт, агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин учир 99 хувь нь амьсгалын замаар халдварладаг.

Өөрөөр хэлбэл 10 хүний 9 нь халдвар авах боломжтой гэсэн үг. Ямар ч хүн өвчилж болно. Эрүүл залуу, чийрэг гэхгүй.

Жилдээ 3-4 удаа ханиад томуу тусахыг хэвийн гэж судлаачид үзэж байна.

-Хатгалгаа өвчний гол шалтгаан нь юу вэ?

- Хатгалгаа өвчнөөр 2019 оны байдлаар манайд 78 мянган хүн эмнэлэгт хэвтсэнээс 400 гаруй хүн нас барсан харамсалтай тохиолдол болсон. Ер нь амьсгалын замын антибиотик, анагаах ухааны шинжлэх ухаан хөгжсөн хэдий ч уушгины хатгаа өвчний нас баралт буурахгүй нийгмийн болон эмч судлаачдын өмнө тулгамдсан асуудлын нэг байсаар байна.

Томуугийн вирус нь агаар дуслын замаар дамжин уушгины гүнд нэвтэрч, вактерийн үржил явагдаж уушгины үрэвсэл, хүндрэхээрээ хатгаа болох магадлал өндөр байдаг. Учир нь вирус, вактерын халдвар нь бие биеэ дэмжиж уушгины үрэвсэл явагдах тохиолдол байдаг.

Шинж тэмдгийн хувьд ханиадтай явж байснаа удаан хугацаагаар өндөр халуурах, цээжээр өвдөх, амьсгаадах, ханиалгах, ханиалгахад цустай цэр гарах, цэрийн хэмжээ ихсэж ногоон болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Удаан хугацаанд ханиалгах нь амьсгалын замын цочмог вирусийн халдвар хатгаагаар хүндрэх аюултай байна гэсэн үг.

-А хүрээний вирусийн халдвар авсан үед хордлогын шинж тэмдэг илэрнэ гэж хэлсэн. Энэ тохиолдолд яах ёстой талаар зөвлөхгүй юү?

-Богино хугацаанд халуурч байгаа үед шингэн юм сайн ууж, хөлрөх хэрэгтэй. Мөн витамин С уух, үрэвслийн эсрэг хавсарсан найрлагатай эм сонгон ууж болно. Хавсарсан найрлагатай эм гэхээр найрлаганд үрэвслийн эсрэг парацетамол, ибупрофен, витамин С, хлорфинаминтай хавсарсан найрлагатай эмийг 2-3 удаа вирус гадагшилж эдгэнэ.

-Амьсгалын замаар дамжих вирусийн халдвараас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

-Ер нь агаар дуслын замаар дамжих халдварын халдварлах чадвар өндөр учраас вакцин хийлгэх ёстой. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх гурван төрлийн вирусийн вакциныг ДЭМБ-ын заалтаар 10 дугаар сараас эхлэн хийгдэхээр төлөвлөөд ажиллаж байна. Бага насны хүүхдүүд буюу 2-9 насны бүх хүүхдүүдэд тархвар зүйн заалтаар хийгдэнэ. Вакцин хийлгэж байж хамгийн хоруу чанартай, хүчтэй вирусийн хамгаалалт болдог. Гэхдээ дээр хэлсэнчлэн 200 төрлийн вирустэй бүх ханиаднаас хамгаалж чадахгүй.

Вакцин хийлгэсэн хэдий ч яагаад өвдөж байна вэ гэвэл дээр хэлсэн 200 төрлийн вирус байгаа тул өөр нэг төрлийн вирусээр өвдсөн байх магадлалтай байна гэж ойлгож болно. Нөгөө талдаа хүний дархлааны системийн онцлогоос болоод яг дархлаа тогтох уу үгүй юу гэсэн асуудал ч байдаг. Жишээ нь бага насны хүүхдэд вирусийн вакцин хийлгэлээ гэхэд тухайн хүүхдэд дархлааны эсрэг бие үүсгэж чадахгүй байх тохиолдол байдаг.

Мөн бага насны хүүхдийн хатгааны вакцин хийгдэж байна. Үүнийг хийлгэснээр хүүхдийн уушгийг хамгаалах ач холбогдолтой. Харин вирусийн эсрэг вакцин вактер үүсгэхээс хамгаалж байна. Тэгэхээр ялангуяа бага насны хүүхдэд аль алийг хийлгэвэл зүгээр байдаг.

-Ханиад хүрсэн үед юунд анхаарах ёстой вэ?

-Ханиад хүрсэн үед халуурч, цээж өвдвөл антибиотик дур мэдэн битгий хэрэглэ. Вирусийн гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй, эсрэгээрээ дархлаа сулруулдаг.

Мөн амьсгалын замын вирусийн халдварыг дахин дахин өвчлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд вирусийн гаралтай ханиад хүрсэн үед антибиотик хэрэглэхгүйгээр шингэн зүйл, витамин С, аарц, чацаргана ууна. Бүр өндөр халуурвал үрэвслийн эсрэг хавсарсан бэлдмэлүүдийг хэрэглэж болно.

Нэг вирусийн цикл дунджаар 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад аяндаа эдгэрнэ.

-Ханиад хүрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой юм бэ?

-Гурав ба түүнээс дээш хоногоор өндөр халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа үед зайлшгүй өрхийн эмч болон мэргэжлийн эмчид хандана.

-Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн зөв дэмжих хэрэгтэй вэ?

-Амьсгалын замаар дамжих халдварын идэвхжлийн үед хамартаа тосон түрхлэг түрхэж болно. Мөн хоолойгоо содтой ус, тамедины уусмал, сармистай усаар зайлж, амны хаалт хэрэглэхээс гадна бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хөнгөн хэлбэрээр өвдөх бол гэртээ байх. Гэрийн дотоод орчны агаар цэвэр байхад анхаарах нь чухал. Гэртээ гаднын халдвар аваад орвол гэрийн орчинд тархах аюултай. Иймд гэртээ агаарын сэлгээ хийх, агааржуулагч тавих нь зүйтэй.

Харин бага зэргийн халуунтай байх үед хурдан халуун бууруулах гэж яарах хэрэггүй. Учир нь халуурч байна гэдэг нь хүний дархлааны тогтолцоо вирусийн эсрэг ажиллаж байгаа учир өөрөө аяндаа эдгэрнэ.

Антибиотик битгий хэрэглээрэй гэж их зөвлөдөг. Учир нь вактерийн эсрэг антибиотикийн зүгээр халуунтай байгаа, ханиадтай хүүхдэд хэрэглэх нь их буруу. Цаад талд нь вирусийн эсрэг халдвар явагдаж байхад антибиотик уух нь ямар ч үр дүнгүй. Аль болохоор өөрийн дархлаагаар нь эмчлэх нь зөв. Шингэн зүйл сайн уулгах, витамин С уулгах, хөлөргөх, халуун хоол сайн идүүлэх, 38-аас илүү халуурсан үед парацетамол ч юм уу, ибупофен уулгах зэрэг арга хэмжээ авах нь чухал гэдгийг дахин хэлмээр байна.

Амьсгалын зам, агаар дуслаар дамжин халдварладаг учраас маск зүүх туйлын ач холбогдолтой байдаг. Учир нь юу вэ гэвэл 2020 оны 01 дүгээр сараас эхлэн бүх нийтээрээ маск зүүснээс хойш амьсгалын замын халдварт өвчин эрс багассан. Хатгалгааны тохиолдол ч багассан.

Гар хүрэлцэх байдлаар дамжин халдварлаж магадгүй гэж үзэж байгаа учир гараа сайн угаах, ариутгах нь чухал.

Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620221
0 эможи

keyboard_arrow_up