COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 11 сарын 03

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.10.28-2019.11.03/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Тагтнаас зүүгдсэн хүүхдийг аварсан цагдааг “ШУДАРГА ЖУРАМ” медалиар шагналаа

Arslan.mn

Тагтнаас зүүгдсэн дөрвөн настай хүүхдийг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье хэмээн МУ-ын Ерөнхийлөгч баяр хүргэжээ. 

С.Баатаржав: Хятад иргэдийг байрлуулж байсан ТАВАН зочид буудалд хариуцлагын асуудал яригдана

Arslan.mn

Цахим луйврын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хятад иргэдийг хууль хяналтын байгууллаас илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маань цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тус хэлтэс уг хэргийг шалгаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор таван зочид буудал, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдана. Одоогийн байдлаар 700 гаруй хятад иргэн зочид буудлууддаа байгаа. Нэмж илрүүлэх ажиллагаа явагдана. Ер нь бол энэ улсуудыг албадан гаргана. Эдгээр хүмүүсийг хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Зөвхөн зохион байгуулсан хүмүүсийг нь шалгана" гэв.

“Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр /2019.10.28/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд эхэллээ. Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мөдөн шалгах ажиллагаа хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын дэд атташе Жефри Коплинс, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мөдөн шалгах ажиллагаа хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан П.Даваажаргал нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, нутаг, дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн алба хаагчид хамрагдаж байна.

“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимтэй хамтран “Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалтыг энэ оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын үеэр “Хэргийн газрын үзлэг”, “Ул мөр бэхжүүлэх”, “Эд мөрийн баримт цуглуулах” сэдвүүдээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн сургагч багш нар илтгэл тавьж, туршлага солилцсон юм.

“Сурагчийн аюулгүй байдал 2019“ хэлэлцүүлэг боллоо

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Дураараа бишээ дүрмээрээ" аяны хүрээнд хүүхдийг зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 17 сургуулиудын 12 дугаар ангийн 3524 сурагч нарын дунд "Сурагчийн аюулгүй байдал 2019" хэлэлцүүлэг, "Жолооч та бид" дэвжээ 2019, тус тус арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Д.Оюун: Эцэг эхийн хайхрамжгүйгээс хүүхэд хохирвол 300 мянгаар торгодог хуультай

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "... Нийслэлийн хэмжээнд өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 120-150 дуудлага мэдээлэл ирдэг. Зарим дуудлага нь согтуугийн дуудлагатай андуурагддаг. Дуудлага мэдээллийг шалгаж тогтооход хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдлууд бас байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд зөвхөн насанд хүрэгчдийн буюу эцэг эхчүүдийн хувьд болж өрнөөд байгаа мэт боловч давхар хүүхдийн эрх ашиг хохирч байдаг. Мөн иргэдийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дуудлага мэдээллийг өгдөг сайн талтай байгаа. Цагдаагийн байгууллагаас дуудлага бүрийн шалтгаан нөхцөлийг тогтоон, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг. Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болоод ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог. Эрүүгийн хариуцлагын хувьд ямар төрлийн хохирол, биед нь ямар гэмтэл учирснаас шалтгаалан эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар хариуцлага хүлээлгэдэг. Жишээлбэл, санаатай болон болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийн зүйлчлэл өөр. Мөн авто ослыг тусдаа зүйл ангиар авч үзнэ. Ахуйн орчинд анхаарал халамж сулруулснаас үүдээд хүүхдэд учирсан хор хохирол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгаа. Давхар хүүхдийн эрхийн тухай хуулиар болон холбогдох хуулиудын заалтуудаар хариуцлага тооцдог..." хэмээн онцоллоо. 

Израиль Улсын төлөөлөгчид цагдаагийн байгууллагад зочиллоо

Arslan.mn

Израиль Улсаас Монгол Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец тэргүүтэй төлөөлөгчдийг  /2019.10.29/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Израиль Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец, дэд сайд Жонаттон Задка, цэргийн атташе Коби Валер, хамгаалалтын албаны дарга Наор Безалел, хамгаалалтын офицер Маор Дор нар оролцлоо. Энэ үеэр Израиль Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ашиглуулахаар өгсөн Израиль Улсад үйлдвэрлэсэн IWI “X95 Tavor” загварын карабин, “BA8000-02” загварын сум үл нэвтрэх хантааз зэрэг зэвсэг, тусгай хэрэгслийг Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын алба хаагчдад гардуулан өглөө.

“Шилдэг албаны нохой-2019“ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга тактикыг сайжруулах зорилгоор “Нэргүй сан”-тай хамтран “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээний үеэр цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит алдрын булангийн нээлтийн арга хэмжээг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулав.  Тэмцээн 2019.10.25-ны өдөр зохион байгуулагдаж, нээлтэд цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, төрөл төрөгсөд, “Нэргүй сан”-гийн тэргүүн, гишүүд, ахмад ажилтнууд, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар Төмөр зам, Зэвсэгт хүчний 084  дүгээр анги, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ЦЕГ-аас сурагчдын амралттай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргав

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргасан байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.

БНХАУ-ын 758 иргэдийг албадан гаргалаа

Arslan.mn

БНХАУ-ын 758 иргэнийг Гадаадын иргэн харьяатын газар болон Цагдаагийн ерөнхий газраас албадан гаргах ажлыг зохион байгууллаа. Тэднийг байрлаж байсан буудлуудаас нь галт тэрэгний буудалд хүргэж, орон нутгийн галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, тэндээсээ албадан гаргалаа. 

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг тагнаж, чагнасан үйлдэл байхгүй

Arslan.mn

Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү нар тайлбар мэдээлэл өглөө. Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж  "Сая МСНЭ-ээс мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд "ХЗДХ-ийн сайдад удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Хариугаа авмаар байна" гэлээ. 2018-2019 онд МСНЭ-ээс ХЗДХ-ийн яаманд таван албан бичиг ирсэн байдаг. Эдгээр бичиг нь Хүсэлт хүргүүлэх тухай, Санал хүргүүлэх тухай, Мэдээлэл авах тухай, Хамтран ажиллах хүсэлт гаргах тухай гэсэн агуулагатай албан бичгүүд л байгаа. Энэ дунд МСНЭ-ийнхний яриад байгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1/91 тоот албан бичиг  байхгүй. Тэр бичиг нь яаманд ирээгүй байна." гэв. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд уг мэдээлэл гарах болсны дараа манайхаас "Ийм асуудал байхгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед  шалгаад уг асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол алга байна. Гүтгэх, доромжлох гэдэг дээр хэд хэдэн зөрчлийн хэрэг байгаа.

Хүчирхийллийг хэнд ч мэдэгдээгүйгээс болоод АМЬ НАСАА АЛДАХ тохиолдол гардаг

Arslan.mn

Мягмар гарагаас хойш цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3894 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 440 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байжээ. Дуудлага мэдээллийн 40 орчим хувийг хөрш айлаас мэдээлэл өгсөн бол 30 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хүчирхийлэл үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа суурь шалтгаан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх бөгөөд энэ төрлийн зүйл хэрэглээгүй үедээ хүчирхийлэл үйлдэх нь хамгийн харгис, хэрцгий асуудал юм. Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан хэлэхдээ "...Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа этгээд хамгийн эхлээд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байгаагаа мэддэггүй. Хэнд ч хэлээгүй, хэнд ч хандаагүй байдаг. Ингэж нууснаас болоод гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирч, хүндэрдэг. Хүчирхийлэл давтагдах тусам даамжирсаар байгаад амь насаа алдах, хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн амь насанд халдах, хүнд гэмтэл учруулах явдал гардаг. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд байдаг. Хүчирхийллийн хохирогч нь тухайн хучирхийлэгч этгээдийг тайвширсан, унтсан хойно нь буюу аюул арилсан хойно нь тухайн хүний амь насанд халдах нь элбэг байдаг. Тийм учраас энэ нь аргагүй хамгаалалтад ордоггүй. Тиймээс хэрэв та хүчирхийлэлд өртөж байгаа бол та хуулийн байгууллагад хандах, хууль эрх зүйл зөвөлгөө авах, Хамтарсан багт хандаж тусламж авах хэрэгтэй. Үүнээс гадна иргэн та хүчирхийллийг харсан л бол хуулийн байгууллагад хандаарай гэж хэлмээр байна." гэлээ. 

БНХАУ-ын иргэдийн байрлаж байсан буудлаас 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Албаныханы мэдээлж буйгаар Тагнуул болон Цагдаагийн газрынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудал руу орж шалгалтын үйл ажиллагаа явуулахад 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэрэг гарч ирсэн байна. Тэд орнуудаа зэрэгцүүлэн тавьж гудсан дор нуусан байжээ. Тэдний удирдагч болох БНХАУ-ын найман иргэнийг Шангрилла зочид буудлаас саатуулж, дөрөвт нь хэрэг үүсгэн шалгаж буй. Тэд ч мөн баривчлагдах үедээ маш их хэмжээний доллартай байжээ. Тэд манай хууль хүчний байгууллагынханы тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж байсан гэх мэдээлэл байна. Шангрилла зочид буудлаас баригдсан эмэгтэйгээс мэдүүлэг авах гэхэд Хятад хэлний өөр аялгаар ойлгомжгүй ярьсан учраас Гадаад харилцааны яамнаас орчуулагч авчирч, ажиллуулсан байна. Тэд огт эмзэглэхгүй, гайхахгүй харин ч эсрэгээрээ үл тоосон хандлагатай байсан гэдгийг хэлж байна. 

“ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ НАРЫГ УРАМШУУЛЛАА

Arslan.mn

Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн хүрээнд чадваржуулах 2 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хороодод ажиллаж байгаа 133 Хүүхэд хамгаалагч, хариуцан ажиллаж байгаа цагдаагийн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд нийт 174 хүн оролцлоо. Сургалтаар хүүхдийн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Хүүхэд хамгаалагчийн үүрэг, үйл ажиллагаа, хамтын ажиллагааг хэрхэн хангах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хэрхэн таньж мэдэх, эрт илрүүлэх, хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл өглөө. Мөн хүүхдийн эрхийн чиглэлд хэрхэн ажиллах талаар гарын авлага боловсруулж тарааж уг гарын авлагыг ашиглах зааварчилгаа өглөө. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг илрүүлсэн, хүүхдийн амь насыг аварсан хүүхэд хамгаалагчдыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын "Баярын бичиг"-ээр шагнаж урамшууллаа.

Ч.Чимэдбат: Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам зөрчсөн тохиолдол харьцангуй бага байна

Arslan.mn

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэгжих журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн, төр захиргааны томоохон байгууллагуудын авто баазад шалгалт хийжээ. Шалгалтад Засгийн газрын үйлчилгээний авто бааз, Цагдаагийн үйлчилгээний авто бааз, Төр захиргааны авто бааз болон Яаралтай түргэн тусламжийн төв хамрагдсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч нар бааз байгууллагаасаа гараад замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүсийг огт хэрэглэдэггүй болон урд цонхондоо хар тень наасан, чанга яригчийг зөвшөөрөлгүй суурилуулсан зөрчил түгээмэл илэрсэн. Урд салхины цонхондоо теньтэй зургаан автомашиныг илрүүлэн тенийг газар дээр нь хуулж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон бол тусгай дуу дохио байрлуулах хүчинтэй хугацаа нь дууссан нэг тээврийн хэрэгслийг илрүүлэн мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажиллалаа. Мөн нийслэлийн төр, захиргааны авто баазаас тээврийн хэрэгслийн нүүрэн талдаа гэрэлтүүлэх хэрэгсэл байрлуулсан зөрчил илэрсэн. Уг нь дүрэмдээ тухайн өнгийн маявикийг тээврийн хэрэгслийн орой дээрээ байрлуулахаар зааж өгсөн байдаг. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд хориглосон, хурц, лед гэрлийг нэлээд тавьсан байна. Хот суурин газарт тухайн гэрлийг зориулалтын уутаар хааж явах шаардлагатай. Харин зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгодог. Шалгалтын үеэр тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам зөрчиж байгаа тохиолдол харьцангуй бага байсан. Тиймээс журмын хэрэгжилт сайн хангагдаж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас үнэлж байна. Иймд замын хөдөлгөөнд давуу эрх эдлэх зорилгоор санаатай болон санамсаргүй байдлаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулахгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм. Улсын хэмжээнд тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрөлтэй 944 автомашин бий. Үүнээс улаан дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй 251, хөх өнгийн 58, шар 345, ногоон 348, хөх улаан 42 тээврийн хэрэгсэл байдаг аж.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ИРГЭДЭД СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчидтай хамтран зөрчил үйлдсэн иргэдэд ухуулга, нөлөөллийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хэмжээнд зөрчил үйлдсэн 71 иргэн хамрагдлаа.

Б.Батзориг: Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гэрээсээ дайжих нь бий

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Зодоон, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог. Мөн дээрэмдэх, хулгайн гэмт хэрэг өдүүлэх нь цөөнгүй. Гэмт хэрэг болгоны цаана учир шалтгаан бий. Хүүхдүүд бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй муудалцах, нэгнээ дээрэлхэх зэрэг үйлдлээс үүдэн хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдож байна. Дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг нь ар гэр, тухайн үеийн нөхцөл байдлаас болдог. Анхаарах бас нэг асуудал нь хүүхэд гэмт хэргийн хохирогч болж буй явдал. Дээрэм, хулгай, гэр бүлийн хүчирхийлэл, зам, тээврийн осолд хүүхдүүд хохирогч болж байна. Бидний судалснаар, хүүхэд 32 төрлийн гэмт хэрэгт хохирогч болдог нь тогтоогдсон.  Улирал бүр шалгалт хийж байгаагийн зорилго нь хүүхдийг гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах. Энэ жилийн гуравдугаар улирлын шалгалтаар 190 хүүхэд илрүүллээ. Арваннэгдүгээр сард ахин шалгалт хийж, нэг ч хүүхдийг хотын гудамж, траншейд хонуулахгүй гэсэн зорилго тавин ажиллана. Гудамжинд хонож байгаа, гуйлга гуйж суугаа хүүхэдтэй таарсан иргэд 102 болон 108 дугаарын утсанд хандахыг хүсье..." гэлээ.

"ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс Ахмад настны тухай хуульд заасан "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа"-нд тулгуурлан, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах зорилгоор хэрэгжиж буй "Хүүхэд хамгаалагч" төслийн хүрээнд дүүргийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн сурагчид, хүүхэд хамгаалагч ахмад ажилтнууд, эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Хүүхэд хамгаалагч" төслийн танилцуулах өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа.

ГАР УТАСНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс гар утасны худалдаа эрхлэгч нарт тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээ мэдээлэл солилцох, цахим орчинг зөв зохистой ашиглах, эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр “Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн үндэстэн холбоо” ТББ-тай хамтран ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт, сургалтын удирдамжийг боловсруулан 2019 оны 10 дугаар сарын 24-ний Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулсан бөгөөд 250 гаруй худалдаа эрхлэгчдийн хамруулсан юм. Цаашид Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх хамтран ажиллах чиглэлээр жил бүр уулзалт, сургалт зохион байгуулахаар боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610000
5 эможи

Зочин
2019-11-03 17:22
Зочин
2019-11-03 17:22
keyboard_arrow_up