Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 11 сарын 26

Arslan.mn

Энэ долоо хоногт /2018.11.19- 2018.11.25/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд оролцлоо

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Чуулганд Интерполын гишүүн 170 гаруй улсын дотоод хэргийн болон хууль зүйн сайд нар, цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлагууд зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож, орчин үеийн дэвшилтэд технологи, нэн ялангуяа хиймэл оюун ухаан, хүний зан авир мэдрэгч, цахим шүүх шинжилгээг ашиглан үндэстэн дамнасан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдлаа. 

Бага насны хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдыг “ЦАГДААГИЙН ГАВЬЯА” тэмдгээр шагналаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа. Таван настай  Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн  цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” нар шалгарлаа

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шилдгүүдийг шалгарууллаа. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь  Цагдаагийн газрын Өндөр-Улаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга тэргүүн байрт шалгарч, “УАЗ-469” автомашинаар шагнууллаа. Дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн шалгарсан юм. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, мотоциклийн түлхүүр гардсан юм. Гутгаар байрт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Батзориг шалгарч иж бүрэн компьютерийн эзэн болов. Алба хаагчдыг хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ IQ чадвар зэрэг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулсан юм.

Arslan.mn

ЦЕГ-ын дарга С.Баатаржав ОХУ, БНХАУ-ын интерполын үндэсний товчооны дарга нартай уулзалт хийлээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Тэргүүн дэд дарга бөгөөд БНХАУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа генерал Дуан Дачи нартай тус тус уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны цагдаагийн байгууллага болон Интерполын “Хослуулан нөхөрлүүлэх” төслийн хүрээнд Үндэсний төв товчоодын хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх, техник технологийн дэмжлэг авах талаар санал солилцсон юм.

Улс тунхагласны 94 ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч нарт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Arslan.mn

Энэхүү түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа  идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-ухаан,  Тээврийн цагдаагийн албаны  Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөнийн хяналтын  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын зэрэг 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг,  Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтсийн  ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар,  Мөрдөн байцаах албаны  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.  Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн  эрүүгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын зэрэг  32 алба хаагчийг Хууль, зүй Дотоод хэргийн яамнын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан юм. “Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны  Хангалт, үйлчилгээний төвийн  Барилга, байгууламжийн  хяналтын тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр  “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Цагдаагийн ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, Ш.Энхтөр,  Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын  хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг  дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн С.Болормаа нарт олголоо.

Цагдаагийн хурандаа Ж.БАЯСГАЛАН: Хийх ёстой ажлаа сайн хийгээд явбал бүх боломж бий

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан хийгдэж буй ажлууд болон цолтой холбоотой асуудлуудыг талаар тэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тэрээр хэлэхдээ "Журамд зааснаар үндсэн байгууллага нь алба хаагчийнхаа ажлын үр дүн, сахилга ёс зүйн байдлыг тодорхойлж 30 хоногийн өмнө цол олгуулах санал материалыг ирүүлэх ёстой. “Цол” бол алба хаагчдын эрхэмлэх зүйлийн нэг бөгөөд ажилтны ажлын бүтээмж, үр дүнд шууд нөлөөлдөг, урам зоригийг нэмэгдүүлж, баяр, баясал итгэл үнэмшил авчирдаг чухал хөшүүрэг  учир манай хэлтсийн зүгээс алба хаагчдад цол олгох асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхийг хичээн ажиллаж байна. 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 2000 гаруй алба хаагчийн цолны асуудлыг судалж шийдвэрлэсэн" гэлээ. /Ярилцлагын хэсгээс/

Өдөр өнжүүлэх төвийн согтуу эмэгтэй багш зургаан настай хүүг хичээлээс нь аваад явах замдаа орхисныг цагдаагийн байгууллага олж, эцэг эхэд нь хүлээлгэн өглөө 

Arslan.mn40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүүг алга болсон талаар дуудлагыг 19-ний өдрийн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сан дотроос олсон аж. Хүүг олох үед айсан байдалтай гэрэл бараадаад зогсож байгаагаа цагдаагийн алба хаагчдад хэлжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн хүүгийн ангийн багшаас хүүгийн талаар тодруулахад "Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад ирээд хүүхдүүдээ тоолоод аваад явсан" гэх мэдээллийг өгсөн байна. Ингээд хүүгийн явдаг буюу 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү яагаад алга болсон талаар тодруулах гэхэд сэжигтэй байсан тул тухайн багшийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр шалгажээ. Ингээд тухайн багшийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.

О.ЗОРИГТ: АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ҮРГЭЛЖ СУРАЛЦАХ, ЦАГ ҮЕ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦРОХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "Цагдаагийн байгууллагын тухайд удирдлагаас гаргаж буй шийдвэрийн эцсийн зорилго нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгддэг. Тийм учраас хоногийн, 7 хоногийн, 14 хоногийн, сар, улирал, жилийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг эцсийн дүндээ үндсэн чиг үүргийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг үнэлэх, дүн шинжилгээ хийх үндэс, суурь нь гэж ойлгох хэрэгтэй юм. Шинэ алба байгуулагдсанаас хойш өнгөрсөн 1 сарын хугацаанд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нарын сургалтыг 09 дүгээр сарын 10, 11-ний, мэдээлэл, судалгааны ажилтнуудын сургалтыг 09 дүгээр сарын 21-24-ний, мэдээлэл, холбооны инженер, техникийн ажилтнуудыг сургалтыг энэ сарын 10-13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа" хэмээн онцолсон юм. 

В.ОТГОНБАЯР: НҮБ-д Цагдаагийн алба хаагч үүрэг гүцэтгэх нь дэлхийн өмнө хүлээсэн үүрэг

Arslan.mn

"Цагдаа" эмхтгэлийн 2018 оны 3 дугаар улирлын буландаа Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа В.Отгонбаярыг урьлаа. Тэрээр "Нэгдсэн Үндэстний Байгууллага-Африкийн холбоо хамтарсан “UNАMID” ажиллагаанд  Судан улсын Дарфур мужид “цагдаагийн зөвлөх” албан тушаалд 22 сар үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. Түүнтэй уулзаж хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар товч ярилцлаа.  Тэрээр ярилцлагандаа "Юуны түрүүнд Монгол Улсын цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүхий арга хэмжээг авч, нөгөө талаас итгэл хүлээлгэж томилсон Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад талархалаа илэрхийлэх учиртай. Цагдаагийн албаны түүхэнд мөрөө үлдээсэн цаашид цэцэглэн хөгжих ажил, арга хэмжээ гэж би дүгнэдэг. Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дэлхийн түвшинд үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг бий болгосноор манай алба хаагчид өнөөдөр асар их үүргийг өөртөө бас хүлээж байгаа. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг цагдаагийн мэргэжил эзэмшсэн хүн бүрийн нэр төрийн хэрэг учраас цаг завгүй их ажлынхаа хажуугаар өөрийн мэдлэг боловсрол, ялангуяа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь хамгийн эхний алхам" гэдгийг онцолсон юм. 

“ДЦС-4” ТӨХК-ИЙН БАЙРЛАЛД КОМАНД-ШТАБЫН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2018.11.22/ “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа. Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг сургуулийг энэ удаа “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд явуулсан юм. Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

Arslan.mn

Хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж  гудамжны нөхцөлд амьдарч байгаа болон эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид  хяналтанд авч ажиллах, хараа хяналтгүй хүүхдийг дүүргийн хэмжээнд тогтоон бүртгэлжүүлж, тогтмол харьяалалтай болгох ажлыг зохион байгуулж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн 9 Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын  дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллалаа. Хүүхэд хамгаалал, хариу үйлчилгээний түр байрыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гарган нэгдсэн арга хэмжээг 10 хоног зохион байгуулж ажиллаж байна. Илрүүлэлт арга хэмжээнд 11 сарын 21-ны 12 цагийн байдлаар нийт 49   хүүхэд хүлээн авч хариу арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлсэн байна. Хүүхдүүдийг хүлээн авч бүртгэх, үнэлгээ хийх, усанд оруулах, хооллож, дулаан хувцаслаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж гэр бүлд нь эргүүлэн нэгтгэх зэрэг ажлыг авч хэрэгжүүлж байна.

ШИЛДЭГ “ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСАГ” тодорлоо 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс санаачлан дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг  /2018.11.25/  "Сүлд" чуулгын Их танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд нийслэлийн найман дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 16 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Тэд мэндчилгээ болон албаны үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актын хүрээнд боловсруулсан 5 үе шаттай даалгаврыг гүйцэтгэлээ. Мөн Шуурхай удирдлагын тасгийн дарга нар тодорхой сэдвийн хүрээнд эсээ бичиж удирдах албан тушаалтны мэдлэг, ур чадвараа сорилоо. 

Нээгдээд гурав хоносон автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Arslan.mn

Баянгол дүүргийн дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүргийн прокурорын газартай хамтран Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан" зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна. Тэгвэл тус дүүргийн 13 дугаар хороо гуравдугаар хороололын Everest pub club-т хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан автомат мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авлаа. Тус автомат тоглоомын газрын хувьд нээгдээд гурав хоносон бөгөөд ийнхүү шуурхай илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.Тус цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж буй автомат тоглоомын газрын үйл ажиллагааг таслан тогсоох тал дээр анхаарч цаашид ийм төрлийн шалгалтыг тогтмол хийх аж. 

Х.ЧИНТӨГС: ХӨРШ ОРНЫХОО ХЭЛ, СОЁЛЫГ САЙТАР СУДАЛСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД  АКАДЕМИД СУРАЛЦАХ БОЛОМЖ БИЙ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/521 дүгээр тушаалаар цагдаагийн байгууллагын зургаан алба хаагч ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирдлагын академид амжилттай суралцаад ирээд ажиллаж байна. Тэдний төлөөлөл Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгстэй ярилцлаа. Тус сургуульд ОХУ-ын үндсэн цагдаагийн байгууллагын удирдах түвшины алба хаагчдаас гадна хуучин тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд /СНГ/-ын цагдаагийн алба хаагчид, Монгол Улсын цагдаагийн байгууллагын болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нар суралцдаг аж. Цагдаагийн байгууллагаас 2017 онд гурван алба хаагч, 2018 онд хоёр алба хаагч тус тус суралцаж байгаа юм байна.  

Жендэрт суурилсан ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 хоногийн АЯН зохион байгуулагдана

Arslan.mn

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг  нэгдмэл зорилго, уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, харилцаа, хандлага үйлдэл бүр чухал тул “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхад оршдог байна.  Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөрчил гаргасан нийт 2,890 иргэнийг баривчлан шийтгэсэн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлсэн юм. Тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэхийн хүрээнд ирэх сарын тавны өдөр "Цагаан туузтаны хөдөлгөөн” зохион байгуулагдах бөгөөд тус хөдөлгөөнд төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж, байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны мэдээллийг хүргэхээр төлөвлөөд буй талаар мөн мэдээллээ.

Ирэх пүрэв гарагт хичээгээрэй, ЖОЛООЧ НАРАА

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн осолд өртөж гэмтэж бэртдэг бол 1-2 хүн амиа алддаг байна. Нэг хоногт ийм олон зөрчил гарч байгаа учраас хүн болгон хичээгээд замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдвөл зам тээврийн осол буурах юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болголоо. Энэ өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн оюутан залуус нэг цагт зам дагуу зэрэг зогсож "зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээх"-ийг уриалан дуут дохио дуугаргах юм байна. Мөн улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг төлөвлөж байгаа аж.

МӨНГӨН МӨРДЭСТЭЙ ХОСУУД

Arslan.mn

“Цагдаа” эмхтгэлийн 2018 оны 3 дугаарын улирлын дугаарын ярилцлага, нийтлэлүүдээс та бүхэндээ цуврал болгон хүргэж байгаа билээ. Сэтгүүлийнхээ “Харих болоогүй аав” буландаа цаг завгүй ажилладаг цагдаагийн алба хаагчдынхаа төлөөллийг урьдаг. Энэ удаа Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнийг онцолсон байна. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597565
1 эможи

keyboard_arrow_up