COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 6 сарын 02

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ оны эхний 4 сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 161189 дуудлага, мэдээллийг хүлээн авсны 128244 буюу 79.3 хувь нь зөрчлийн шинжтэй, дуудлага, мэдээлэл байна. Нийт дуудлага, мэдээллийн 110197 буюу 68.1 хувь нь шөнийн 22-06 цагт бүртгэгдсэн байна. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нийслэлд орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны ойр орчимд 488, нийт 1045 баар, караоке, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа нь архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор цагдаагийн алба хаагчид өдөр бүр 02:00-06:00 цагт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НЗДТГ-аас Олон УЛсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг төр хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд ийнхүү зохион байгуулдаг билээ. Энэ арга хэмжээ нэг талаасаа хүндэтгэлийнх нөгөө талаасаа хүүхдээ дээдэлж, эрхийг нь хамгаалах асуудлыг төр засаг хэзээ ч орхихгүй гэдгийг нотлон харуулдаг. Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болохын төлөө зорьж нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаараа “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болгосон. Хүүхдийн эрх ашиг хаана хөндөгдөж байна тэнд хот, хотын харьяа төрийн байгууллагууд хүрч ажиллахыг чармайн ажиллаж байна. Түүнчлэн хүүхдийн сурах, хүмүүжих, тоглох орчныг сайжруулахын төлөө МУ-ын Засгийн газартай хамтран энэ онд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг өргөтгөн, шинэчлэхэд урд жилүүдэд байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Мөн хотын даргын захирамжаар сургууль цэцэрлэгийн орчинд ганц сөөм газрыг хувь хүн, ААН-д олгохгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээрээ хүүхдүүд аюулгүй, тайван амгалан орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хүүхдийн эрүүл мэндэд анхаарч хүүхдийн эмнэлэгийн тоог улс, нийслэлийн төсөв, гадны төсөл хөтөлбөрөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 35 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Өнөөдрийнх шиг хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, сэтгэлд нь гэрэл гийж байгаасай гэж хүсч байна. Хүүхдийн нулимс урсах биш баяр баясгалангаар дүүрэн, элэг бүтэн амьдраасай гэж эцэг хүний хувьд бодож явдаг. Хотын даргын хувьд хүүхэд та бүхнийг эрүүл аюулгүй нөхцөлд сурч, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллахаа амлаж байна” хэмээн тодотголоо.

“Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам,  тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна.

Нийслэлээс ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ажлыг эрчимжүүлэхээр боллоо

Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг Даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор   орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.  
Зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд зуслангийн ногоон бүсэд орц гарц гаргах, төвийн хэсэгт орц, гарц чөлөөлөх, илүү талбай татсан , 2 жилээс дээш газраа ашиглаагүй, мөн зөөврийн контейнер, ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй ачиж байршуулсан  зөрчлүүдийг шалгаж арга хэмжээ авах юм байна.

Энэ ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн  Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зам, нийтийн эзэмшил, бусдын орц, гарцыг хаасан газрын зөрчлийн судалгааны дагуу  орц, гарц чөлөөлөх ажилтай газар дээр нь  очиж танилцлаа.

Нийслэлээс ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ажлыг эрчимжүүлэхээр боллоо Arslan.mn

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон нийслэл дүүргийн албаны төлөөллүүд оролцов.

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, сургалт амжилттай явагдлаа

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Засгын газрын 79,80 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл  сургалтыг Зэвсэгт хүчний 350-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь  нийслэлийн 6 дүүргээс  Сүхбаатарын талбайд ирж иргэдэд  нэгэн зэрэг зөвлөгөө, тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЭҮКомиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, Монголын Нотариатчдын Танхим, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл оролцлоо.

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээнд нийслэлийн сурагчид оролцов

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ энэ сарын 13-25-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм.
 

“Жорлонгоо ариутгаж – Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/131 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна.

“Монгол хүүхдүүд” хүүхдийн баярыг зохион байгуулагчид мэдээлэл өглөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг, Замын цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн чиглэлийн байцаагч цагдаагийн хошууч Н.Пүрэвсүрэн, Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй нар оролцсон юм. 

“Өргөө” амаржих газар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Хангарди” одонгоор шагнууллаа

90 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газар өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнуулав.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга, АУ-ын доктор Г.Баясгалан “Өнөөдөр манай байгууллага эх үрсийн баяраа “Айл бүрт аз жаргал бэлэглсэн 90 жил” нэрийн дор тэмдэглэж байна. Энэ баяр дээр минь баяр нэмж манай байгууллагын 480 гаруй ажилчдын хөдөлмөрийг өндөрөөр үнэлж Өргөө амаржих газрыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Мөн нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор давхар шагнуулаад байна. Өргөө амаржих газарт нийслэлийн хүн амын гурван хүн тутмын нэг, улсыг хүн амын долоон хүн тутмын нэг нь төрдөг. 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эх амаржсан байдаг. Энэ их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд нийт ажилчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд "Хувдай ишигний паян" тоглолт үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран зорилтот бүлгийн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлдөөгүй ажиллаж байдаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

"Гүйе! Түүе!" аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв

Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Ойн хөнөөлт, хортон шавжийн устгал явагдах тул ойд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил 5 дугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгээд байна.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд айл өрхүүдийн хашааг будаж, хаягжууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг "Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо - Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран ес дүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа.

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт 63 хувьтай байна

ийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газарт газар  чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Үүнд:

Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн нөлөөлөлд 807 нэгж талбар
Авто зам, замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 363 нэгж талбар
Сургууль, цэцэрлэгийн барилгын 36 ажлын нөлөөлөлд 464 нэгж талбар
Эмнэлэг, хорооны цогцолбор, бусад 7 барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд 125 нэгж талбар
Инженерийн байгууламжийн 17 ажлын нөлөөлөлд 82 нэгж талбар өртсөн.

2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 байршилд газрын асуудлыг шийдвэрлэж, сургууль цэцэрлэг барих шийдвэр гарсан бөгөөд сургууль, цэцэрлэг, авто зам тавигдах газруудын байршлыг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” форум боллоо

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гарсан.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшигт тэсвэртэй Улаанбаатар" төслийн хүрээнд өчигдөр НЭМГ, нийслэлийн Түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Нийтийн тээврийн ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Оюутан цагдаа жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллав. 

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэв

Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ энэ оны 6 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулжээ. 

“НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөгийн хүрээнд 1000 ном бэлэглэв

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийжээ. 

Залуучуудад мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57976
0 эможи

keyboard_arrow_up