Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 3 сарын 10

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

С.Батболд: Хүн төрөлхтөний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд юм

Өнөө цагт ч эмэгтэйчүүд маань их хотынхоо бүхий л салбарт ажиллаж, манлайлсаар байна. Эмэгтэйчүүдийнхээ нөр их хөдөлмөрийг нийслэлийн удирдлагын баг урамшуулан, дэмжих зорилгоор “Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээг анх удаа нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Цаашид ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байна.

“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийгдэх ажилд манай эмэгтэйчүүд манлайлан оролцоно гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй байна. Та бүхнийхээ дэмжлэг,  хөдөлмөр  зүтгэлийн үр дүнд айл гэр бүл, албан байгууллага, их хот маань ч өнгөлөг, жавхаалаг болж өнгөө засч, тав тухтай, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлж чадна.

Хүн төрөлхтөний эх булаг болсон, хөгжлийн гол зүтгэх хүч нь болдог эмэгтэйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.

“Эерэг залуусын манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран  Монголын оюутны эрхийн өдрийг угтаж “Эерэг залуусын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг  энэ сарын 2-нд “Чингис СоСэ” олон улсын их сургуулийн номын санд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөр болон дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг танилцуулж, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМТЭЙ ЦЭЦЭРЛЭГ" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэгээс санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар, зөв дадал олгох зорилгоор НЗДТГ, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, Замын цагдаагийн алба, СБД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран "Замын хөдөлгөөний дүрэмтэй цэцэрлэг" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр гадна талбайдаа иж бүрэн тохижилттой сургалтын талбай мөн сургалтын кабинеттай болох юм.

Угаартсан иргэний амь насыг авран хамгаалав

2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байжээ.

Аврагчид утаанд угаартсан иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа.

“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

Энэхүү аян нь 2018 оны гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хамтран  зохион байгуулагчаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар оролцож байна. Аянд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороо, хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамрагдах юм. Дүүргийн дэд ажлын хэсгээс иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллах юм.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэд, залуучуудтай тус хорооны Иргэний танхимд уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир залуучуудын хөгжлийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Нийслэлийн Гэр хорооллын  дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд хотын ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Дараагийн уулзалтаар иргэд тус хороонд цэцэрлэг, сургууль байгуулах, мөн түрээсийн орон сууцны талаар мэдээлэл авахыг хүслээ.

Алтайн сүрлэг нурууны бүргэдчид нийслэлд айлчиллаа

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч нөхрийн барьсан ангийн арьсаар урласан үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан олны нүдийг хужирлалаа. Тэмцээний тэргүүн байранд 75 жил бүргэд гаршуулан сургаж буй Улаанxус сумын бүргэдчин 88 настай Б.Байтей, дэд байранд Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гуравдугаар байранд С.Башаxан, тусгай байранд Х.Елик нар шалгарав. Хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчингээр Б.Хайзым тодорлоо.

Газар өмчлөлийн аяныг дахин эхлүүллээ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хуралд  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Татварын газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга Б.Гансүх, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга О.Баттөмөр болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой байдаг.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгууллаа.

Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/17 дугаар тушаалаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг судлах, үйлчилгээний процессыг дахин загварчлах, цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэх”  үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хурал нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний талаарх лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцлоо.

“ITB Berlin 2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.

МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and  Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, Juulchin World Tours, Nature Tours, A Star Mongolia, AB Travel зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45-р сургуулийн дунд ангийн нийт 60 гаруй сурагчдад зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54734
0 эможи
keyboard_arrow_up