Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 3 сарын 03

Arslan.mnЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 34894 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 2865 үйлдэл бүртгэгдсэн нь 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Холболт-Нээлт-Хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 12-14-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулиас 293 сонсогч, Дотоодын цэргээс 142, Хамгаалалтын газраас 167, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс 8, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1360, олон нийтийн цагдаа 62, нийт 2024  алба хаагчид оролцож, нийслэл хотын нутаг дэвсгэрт 727 чиглэлд 1651 алба хаагч, албаны 72 автомашинтай үүрэг гүйцэтгэж ажилласан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласнаар 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн” гэж танилцуулав.

Хотын дарга “УТААГҮЙ УЛААНБААТАР ФОРУМ”-д оролцож, “ЦЭВЭР АГААР-ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТ” сэдвийн хүрээнд бодлогоо танилцууллаа

“Блумберг ТВ Монголиа” болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Утаагүй Улаанбаатар” форумыг зохион байгууллаа. Нийт 200 гаруй оролцогчийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форум агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар, гарц гаргалгаа, шийдлийг хэлэлцлээ.

  • Цэвэр агаар -Шинэ төлөвлөлт
  • Цэвэр агаар - Монголд үйлдвэрлэв
  • Цэвэр агаар -Хүртээмжтэй санхүүжилт сэдвийн хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнүүлж, орон сууцжуулах, гэр хороололын дахин төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ипотекийн зээлийн оновчтой тогтолцооны талаар төр, хувийн хэвшил, иргэд санал бодол, шийдэлээ ярьлаа.

Уг форумын “Цэвэр агаар-Шинэ төлөвлөлт” үндсэн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч. Батбилэг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар оролцлоо.

С.Батболд: МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлттэй “хүйн холбоо”-той улс төрийн хүчин

Эх орончдын өдөр, МАН байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд МАН-д 97 шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болов. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “Эх орончдын баярын өдөр, МАН буюу улс төрийн ууган хүчин  байгуулагдсан давхар баярыг өнөөдөр тэмдэглэж байгаадаа баяртай байна. Парламентын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэх тогтоолыг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан. Монголын ард түмэн энэ өдрийг Эх орончдын баярын өдөр  гэдэг утгаар нь тэмдэглэдэг болсонд баяртай байна.  МАН-ын түүх  бол Монгол орны түүх юм. Тиймээс өнөөдөр “Эх орончдын баяр”, улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны ойн баярын мэндийг ард түмэндээ хүргэе. МАН бол улс орны тусгаар тогтнол бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлт, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой.  Үе үеийн намын гишүүд, дэмжигчдийнхээ  хөдөлмөрөөр бахархаж, түүчээг нь алдалгүй өвлүүлэхийн тулд чармайхын зэрэгцээ хойч үе залуустаа ч түүхийн үнэнийг өгүүлэн, сурталчлан таниулж, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр дүүрэн явуулахын төлөө бид чармайн ажиллаж байна.  Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө зүтгэж байна.  Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүдийн оролцоо, хувь нэмэр маш чухал юм. Хамтдаа зүтгэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэмээн манай нам улам батжиж, Улаанбаатар хот өнгөжин жавхаажна. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын түүчээ болсон Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн, бидэндтэй нэгдэж байгаа гишүүддээ талархал илэрхийлье” хэмээлээ.

Хог боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар хотын дарга уулзалт хийлээ

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ "Хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн  ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг  боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа  баяртай байна. Учир нь  нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй. Тийм учраас бид энэ ажлыг зоригтой хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар  хог шатааж, эрчим хүч гаргах  үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцана” гэлээ.

БНХАУ-ын Тяньин компанийн ерөнхий захирал Сао  Дэбяо хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлага манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Тус компани нь хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж  үйлдвэрлэхийн зэрэгцээ, энэ чиглэлийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулдаг.  Хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. БНХАУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 89 төсөл улсдаа хэрэгжүүлдэг. Хог тээвэрлэхээс өгсүүлээд боловсруулах хүртэл бүхий л дамжлагыг өөрсдөө хийдэг” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай, Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ.  “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн  НЗДТГ-ын  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Ү.Ганболд танилцуулав.

2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр  намынхаа анхан шатны үүрийн дарга нартаа “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийлээ. “Эх орончдын баяр”-ын өдрийг угтаж хийж байгаа уг арга хэмжээг зохион байгуулсан.  2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар тус намын анхан шатны үүрийн дарга нар  асуулт асууж, хариулт авсан юм.

Намын анхан шатны байгууллагын дарга нартай уулзлаа

Монгол Ардын намын баяр, эх орончдын өдрийг угтан нийслэлийн МАН-аас намын анхан шатны байгууллага болох нийслэлийн 152 хорооны үүрийн дарга нартай уулзалт, сургалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд болон нийслэлээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Өнөөдрийн сургалтыг “Авилгатай тэмцэх стандартыг тогтоох нь” сэдвийн дор явууллаа.

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  ээлжит 14 дугаар хуралдаанаар   Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Уг хөтөлбөрийн зорилт, зорилго, хүрэх үр дүнгийн талаар тус хурал  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү танилцууллаа. 
Тэрээр хэлэхдээ  “ 2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  өрхийн орон сууц ашиглалтад орох  байснаас  5 мянган  өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэдгийг онцолсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965 - 2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  ш блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь  болсон  45 мянган өрх амьдарч байна.   Дээрхи барилгын  дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм. 

Такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв

Улаанбаатар хотын такси үйлчилгээ 1990 онд өмч хувьчлалаар түр зогссон боловч 1993 оноос үйл ажиллагаа нь дахин сэргэж, 2003 онд нийслэлийн такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3,960 тээврийн хэрэгсэл буюу нийслэлийн /2003 оны хүн ам 869,912/ 1,000 иргэн тутамд 4 такси оногдон, дэлхийн хөгжингүй орнуудын жишиг төвшинд хүрч байсан статистик байдаг. Гэвч 2004 оноос энэ үзүүлэлт тогтмол буурсаар ирсэн бөгөөд 2017 оны байдлаар 11 аж ахуйн нэгжийн 539 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлж байна. Дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын 1,000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг стандартын дагуу өнөөдрийн такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа юм. Түүнчлэн төлбөр тооцооны систем, үйлчилгээний стандарт томоохон хотуудын жишгээс хол хоцроод байна.

Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын бүртгэл гуравдугаар сарын 10-нд дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016  онд амжилттай хэрэгжиж, 2016 оноос “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болж, тав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болж, оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

Уг сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа  ач холбогдолтой юм.

Новотел улаанбаатар зочид буудлын aжлын байрны нээлттэй өдөрлөг болно

ажиллуулахаар болоод байна. Тус групп нь дэлхийн 92 улсад Новотел, Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй 3700 гаруй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн томоохон групп компани юм. Новотел Улаанбаатар зочид буудлын салбар нь ирэх тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангасан байна.   

16 давхар 192 өрөө бүхий 5 одтой зочид буудалд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Новотел Улаанбаатар салбар хамтран ажлын байрны нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 09:00-17:00 цагт зохион байгуулах гэж байна.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр “"Загвар төвийн хувьд 15-34 насны залуучуудыг илүү хамруулж ажиллах бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой болж байгаа. Үүнээс гадна гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн загвар төвөөс чиглүүлэг өгч, дүүргээс Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлээд явж байна.

Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд Төслөөс нийт 31 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Загвар төвд залуучууд маань өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна өөрийнхөө үеийн залуустай харилцах, тэднээс мөн туршлага судлах боломжтой" хэмээлээ.

Компьютерийн үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн  хүрээнд зохион байгуулдаг  компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт өнөөдөр эхэллээ.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг юм. Энэ удаагийн сургалтад нийт 34 суралцагч хамрагдаж, гуравдугаар сарын 26-ны өдөр төгсөлтөө хийнэ. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагуудын хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 9712-5557 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Газар үнэгүй өмчлөх хуулийг хугацаа дуусч байгаатай холбоотой чиглэл ирүүллээ

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дараах чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 21 өдрийн 1/286 дугаар албан бичгээр ирүүллээ.

Уг албан бичигт “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэжээ хэмээн нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Татвараа цахимаар төлөөрэй

аны автомашины улсын дугаар 2 болон 7 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Энэхүү хугацаа маргааш дуусч буй тул та үүргээ биелүүлж татвараа төлөөрэй. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа. 13 чигийн, 6 эргэдэг, дугаар таньдаг 1, нийтдээ 20 ширхэг камерыг "Зөв технологи" ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн юм. Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумьяа нар камержуулалтын байршил, цэг, хяналтын дэлгэцний үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэл, дүүргийн цэргийн штабууд спортоор өрсөлдлөө

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийг ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд шатар, 100 буудалт даам, дартс, гар бөмбөг, олс таталт гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээнийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд тэмцээнд гавъяаны амралтандаа суусан болон одоо ажиллаж байгаа офицер, ахлагч нар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнийг нийлбэр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын баг тэргүүлэв. Харин 2019 оны спорт өдөрлөгийг Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгуулахаар боллоо.

Нийтийн тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжийн дагуу болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах  дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Дээрх захирамжаар баталсан хуваарийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын байранд зохион байгуулж байна. Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны үзлэгт нийтийн тээврийн 19 байгууллагын 124 ажилтан, албан хаагч болон холбогдох техник, хэрэгслийг хамруулав.

“Нийтийн тээврийн нийт 21 байгууллагын төлөөлөл гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт ирсэн байна. Энэ үзлэгээр болзошгүй гамшиг нүүрэлсэн үед хэрхэн ажиллах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр манай салбарын бэлэн байдлыг шалгаж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга А.Дашням “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гамшгаас хамгаалах үзлэг, сургалт явагдах ёстой. Өнөөдөр нийслэлийн Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын бэлэн байдлын үзлэг явуулж байна. Энэ нь гамшгийн үед ямархуу бэлтгэлтэй байгааг үзэж, дүгнэлт өгнө. Цаашдаа болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангуулах чиг үүрэгтэй” хэмээв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамдтаа зөвлөгөөн

Монгол улсын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөнийг Дүүргийн ИТХ, ГХУСАЗС, Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийслэл болон холбогдох яам агентлагын төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, сурагчдын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд судлаачдыг оролцуулан зохиогдож байна.

Богино хугацааны захиалгат сургалтыг зохион байгуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус албаны болон харьяа байгуулагуудын албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Удирдлагын академитай хамтран “Удирдах арга барил”, “Байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар” сэдэвт богино хугацааны 16 цагийн сертификат олгох захиалгат сургалтыг 60 албан хаагчид энэ сарын 1-29-ий хооронд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг нээж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Удирдах арга барил, байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар зэрэг нь төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээтэй шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулж байгаа Удирдлагын академийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлээд байгууллага дээр нь, ажлаас тань хөндийрүүлэлгүйгээр ажлын байран дээрээ мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангаж байгаагаараа анхдагч өвөрмөц сургалт болж байна” хэмээн онцолсон юм.

Бүргэдийн баяр энэ сарын 4, 5-нд болно

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан, Н.Айшолпан, Д.Айгерим нар өнөөдөр мэдээлэл өглөө. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ

Монголд Улсад пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос  Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх дүүрэгт 2 сартайгаас 2 хүртлэх настай хүүхдүүдийг үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн юм. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушааын дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар  дархлаажуулж эхэллээ. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийнэ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 150 ажлын байранд шууд сонгон шалгаруулалт явагдаж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн нэг хэсэг болох “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдэд нэг дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үйлчилж эхлээд байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулсанаар аж ахуй нэгжээс нээлттэй ажлын байрны захиалгууд ирж, тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болон ахлах албан тушаалтнууд манай төв дээр анкет бөглөсөн иргэдтэй шууд ярилцлаганд орох боломжтой болсон. Хамгийн анх Батбайгаль ХХК-ий захиалгыг авч хүний нөөцийг бүрдүүлэхэд нь хамтран ажилласан бол өнөөдөр Новотел Улаанбаатар зочид буудлын  хүний нөөцийг нь бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд их идэвхитэй оролцож, анкетаа бүрдүүлж, ярилцлаганд шууд орж байна.  Хамгийн гол нь ажил хайгч иргэд маань тухайн байгууллагын шалгуурыг хангах нь чухал. Ажлын ярилцлаганд тэнцээгүй ажил хайгч иргэдийг бид бүртгэлжүүлж, сургалтанд хамруулж, дахин ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэхээс гадна сэтгэл зүйн зөвөлгөө энэ төвдөө өгч ажиллаж байна. Одоогоор манай төвд 100 гаруй ажлын байрны захиалга ирсэн.” Хэмээлээ.

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт болно

Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас “Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалтыг энэ сарын 22-нд зохион байгуулах гэж байна. Бизнес уулзалтын үеэр УИХ, Засгийн газар, нийслэлийн зүгээс Багануур дүүргийн цаашдын хөгжлийн талаар баримталж буй бодлого, МҮХАҮТ-аас хамтран ажиллах чиглэлээр барималж буй бодлого зэргийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна.

“Манай хороо-Миний гудамж” аян эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг анх удаа зохион байгуулж байна.  Тус аян нь Улаанбаатар хотын 152 хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгжийг хамруулж иргэдийг ая тухтай орчин нөхцөлд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор хийгдэж буй юм.

Энэ сарын 1-ээс эхлэн 7 сарын хугацаатай үргэлжилж Шилдэг хороо, шилдэг орон сууц, шилдэг өрх зэрэг номинациар байр эзлүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54483
0 эможи
keyboard_arrow_up