Хүүхдээ цэцэрлэгт дасахад нь хэрхэн туслах вэ?
Балчир үрс байтугай томчууд ч шинэ ажлын эхний өдөр танихгүй хамт олны дунд орохдоо эмээж, бэргэдэг. Тиймээс анх удаа цэцэрлэгийн босго алхаж буй хоёр настнууд уйлж, орилж, гонгинож, эрхэлж, явахгүй гэж зөрүүдлэх нь зүйн хэрэг юм. Өглөө сэрсэн цагаасаа эхлээд л ангидаа орох хүртэлх хугацаанд тасралтгүй уйлж, нус нулимстайгаа холилдсон багачуудыг одоо бол аль ч цэцэрлэгийн үүднээс харж болно. Тэдэнд хамгийн чухал нь аав, ээжийн болоод багшийн харилцаа, дэмжлэг, бас дасан зохицох цаг хугацаа хэрэгтэй.
Тэгвэл, хүүхдээ өөрчлөлтөд хэрхэн дасгах вэ? Цэцэрлэгтээ дасан зохицож, дуртай болоход нь аав, ээжүүд хэрхэн туслах ёстой вэ?
1 Амралтын өдрүүдээр цэцэрлэгээс гадуур тоглоомын төв, гадаа талбай гээд олон хүүхэд тоглож, бужигнасан газарт хүүхдээ аваачиж, цэцэрлэгтэй ижил төстэй орчинд хүүхдээ дасгаарай
2 Таны хүүхэд цэцэрлэгийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, өөрт нь ямар санагдаж байгаа талаар үргэлж асууж, ярилцах
3 Хүүхэд чинь шинэ орчинд дасаж ядаж байхад гэртээ тэжээвэр амьтантай болох, олон зочин хүлээн авах, хүүхдэдээ илүү том ор авч өгөх, хамт унтдаг байсан бол тусад нь унтуулах гэж оролдох, гэрийнхээ тавилгыг өөрчлөх зэргээр гэр дотроо том өөрчлөлт хийхгүй байх
4 Хүүхдийнхээ хайртай тоглоомыг цэцэрлэгт нь өгч явуулах, дуртай хувцсыг нь өмсүүлэх зэргээр танил дотно мэдрэмж төрүүлэх
5 Цэцэрлэг хэзээ тарж, хэзээ гэртээ харих, хэн түүнийг хооллож, асрах талаар тайлбарлаж, тодорхой ойлголт өгөх
6 Цэцэрлэг, сургуулийн талаар ном уншиж өгч, үүнтэй холбогдолтой хүүхэлдэйн кино хамтдаа үзэх
7 Цэцэрлэгт нь хүргэж өгөөд явахдаа үргэлж “Баяртай” гэж хэлэх. Хэзээ ч хүүхдээсээ зугтаж, нүүр буруулж орхиж явж болохгүй
8 Хэрвээ “Баяртай” гэж хэлсэн бол шууд л гараад яв. Уйллаа гээд эргэж буцаж, хаалгаар шагайж, цонхоор цухуйх хэрэггүй. Цэцэрлэгийнх нь багшид итгэж, хүүхдээ найдвартай газарт үлдээж байгаадаа сэтгэл хангалуун, итгэлтэй байгаагаа хүүхдэдээ харуулах нь чухал
9 Цэцэрлэгт явахын урьд орой унтахынх нь өмнө “маргааш цэцэрлэгтээ явна” гэдэг ойлголтыг хүүхдэдээ өгөх. “Маргааш яах билээ? Гоё цэцэрлэгтээ явна” гэх зэргээр үргэлж эерэг хандлага төрүүлэх нь чухал. Өглөө босоод ямар хувцас өмсөх тухай хамтдаа ярилцаж, сонгож, цэцэрлэгтээ очоод Чимгээ найзтайгаа хэрхэн тоглох тухай нь ярилцаарай
10 Хүүхдээ яаруу сандруу цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс аль болох зайлсхийгээрэй. Ийм байдал хүүхдийг төдийгүй томчуудыг ч тавгүйтүүлдэг. Тиймээс аль болох эрт очиж, тав тухтай байдлаар хүүхдээ цэцэрлэгт нь үлдээгээрэй
11 Цэцэрлэгт нь үлдээгээд гарахдаа үргэлж үнсэж, тэвэрч, хэчнээн их хайртайгаа мэдрүүлэх нь чухал
12 Цэцэрлэгээс нь авахдаа ч мөн тэвэрч, “Өнөөдөр гоё байсан уу”, “Ямар тоглоомоор тоглосон бэ”, “Багш нь чамд ном уншиж өгсөн үү” зэргээр эерэг хандлага, сэтгэгдэл төрүүлэх асуулт асууж байгаарай
13 Аав, ээжүүд өөрсдөө хүүхдээ сайн анзаарч, багштайгаа дотно харилцаатай байгаа эсэх, бусад хүүхдүүдтэй хамт тоглож, гэртээ байдаг шигээ өөрийнхөөрөө байж чадаж байгаа эсэхийг хянаж, багштай нь зөвлөлдөх хэрэгтэй
14 Өдрөөс өдөрт “Мундаг хүү”, “Мундаг охин” болж төлөвшиж байгааг нь урамшуулж байгаарай
15 Эцэст нь зөвлөхөд, хүүхэд бүр адилгүй. Таны хүүхдийн зан төлөв, хүмүүжил, онцлогоос шалтгаалж цэцэрлэгт дасан зохицоход нэг өдөр, эсвэл нэг сар ч шаардагдаж магадгүй.
С.ЦЭЛМЭГ







