Чацаргана тариалж буй ААН-үүд дотоодын хэрэгцээний 1.5 хувийг хангадаг

ХХААХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 6000 орчим ААН чацаргана тариалж байна. Гэхдээ эдгээр компани дотоодын хэрэгцээний 1.5 хувийг л хангаж байгаа гэх тооцооллыг гаргажээ. Чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн гурван жилд 10 орчим хувиар буурсан бол импортоор авч буй чацарганы хэмжээ 2015 оноос хойш хоёр хувиар өссөнийг салбарын яам мэдээлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 2044 тонн чацаргана хураан авсан нь жимс, жимсгэнэ тариалсан нийт талбайн 90 хувийг эзэлж байна. Монгол Улс 2010 оноос Япон руу чацаргана экспортолж эхэлсэн. Харин 2016 онд байгуулсан Япон, Монголын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн хүрээнд чацарганын экспортын гаалийн татвар 14 хувь байсныг тэглэсэн юм. Өнгөрсөн онд хоёр сая ам.долларын чацарганы тос, жүүс, хатаасан навчийг ОХУ болон Япон, Сингапур улсад экспортолсон байна. Тухайлбал "Монос хүнс" компани 2017 он гарснаас хойш нийт чацарганы үйлдвэрлэлийнхээ 20 орчим хувийг экспортолсон гэж мэдээллээ. Харин "Эко эрдэнэ" компани шууд ууж хэрэглэх зориулалттай 250 мл-ийн савлагаатай чацарганы шүүсийг Япон руу экспортолж байна. Нэг шилийг нь 1.8 ам.доллараар үнэлжээ.
Япон, Монголын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн хүрээнд 14 хувьтай байсан чацарганы тосны татварыг тэглэсэн ч чацарганы шүүс татвартай бараа хэвээр үлджээ. Хэрэв чацарганы шүүсийг татвараас чөлөөлбөл экспортын эргэлт одоогийнхоос 20 орчим хувиар нэмэгдэх боломжтой гэж "Эко эрдэнэ" компани үзэж байна. Жилийн дөрвөн улиралд хүлэмжийн ногоог тариалахдаа малын гаралтай бордоо ашиглах нь органик хүнсний шаардлагыг илүү сайн хангана. Гэхдээ компаниуд үүний оронд БНХАУ-аас бордоо импортлон ашигладаг байна. 2016 онд л гэхэд хүлэмжийн тариалан эрхлэгчид импортын бордоонд 20 мянган ам.доллар зарцуулсныг салбарын холбооны тэргүүн мэдээлсэн юм.




