Б.Наранхүү өөрийн мэдлийн дүүрэгтэй болохоор шийдэв үү

Баянзүрх дүүргийг Дүнжингарав дүүрэг Баянзүрх дүүрэг гэж 2 хуваахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ. Төслийн дагуу Баянзүрх дүүргийн төвийн хэсэг буюу 13 дугаар хороолол, Нарантуул зах орчмын хороод Дүнжингарав дүүрэгт харьяалагдах аж.
Дүүргийг хоёр хувааснаар наад зах нь 40.000.000.000 төгрөгний зардал гарах тооцоолол гарчээ. Хорооны ажилтнууд дүүргийг хоёр хуваах нь зөв үү, буруу юу гэсэн асуудлаар дүүргийн өрх бүрээс санал авч байгаа гэнэ.
Мөн иргэн та энэ асуудлаар өөрийн харьяа хороонд очиж санал бодлоо хуваалцах боломжтой аж. гэвч Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлаар иргэд эерэг гэхээс илүү сөрөг байр суурьтай байгаа бололтой. Улс орны амьдрал хэцүү, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед дүүргийг хоёр хуваах нь цаг зав барсан ажил хэмээн үзэж байгаа аж.
Нөгөөтэйгүүр бичиг баримтаа солиулах, газрын бичгээ өөрчлөх гэх мэтээр асар их ачаалал иргэдийн нуруунд ирэх учраас энэ саналыг дэмжихгүй байгаа гэх. Хотын хамгийн их хүн амтай хоёр дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрханг хоёр хуваах тухай яриа ийн ажил хэрэг болох эхлэлээ тавьсан ч цаг хугацааны хувьд буруу эхлэв бололтой.
Мөн иргэд Дүнжингарав дүүрэг хэмээн нэрлэх нь хэний ашиг сонирхол вэ хэмээн бухимдаж байгаа сурагтай. Нийслэлийн гайгүй гэсэн газар болгонд хувийн бизнесээ эхлүүлээд амжсан “Мон-Уран”-ы хэмээн Б.Наранхүү одоо өөрийн хувийн дүүрэгтэй болох нь уу хэмээн хардах хүмүүс ч олон байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Mminfo.mn




