"Хүүхдийн мөнгө"-нд халдахаар шийдсэн бололтой...

Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд байгуулагдаж, ажлынхаа гол жанжин шугамыг эдийн засгийг сэргээхэд чиглүүлэн ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар төрийн ордон дахь 30 гишүүн өргөх бичиг барьчихлаа. Хоёр хувьд хүрэхгүй уруудчихсан эдийн засгийг 5.3 хувьд өөд нь татаж, нам зогссон гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, зөвхөн 2017 онд 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт татсан, ажилгүйдлыг 20 хувиар бууруулсан Засгийн газрыг огцруулах шалтгаан нь У.Хүрэлсүх нарын ашиг сонирхол юм байх. Гэхдээ У.Хүрэлсүхийн 30 “гишүүнд” Засгийн газрыг огцруулах арай өөр шалтгаан заавал хэрэгтэй байв. Тиймээс тэд "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхдийн мөнгийг нөхөж олгоход зориулан 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаасаа гаргасан нь Төсвийн тухай хууль зөрчсөн" хэмээн өргөх бичигтээ дурджээ.
Үнэн хэрэгтээ бол хүүхдэд олгодог 20 мянган төгрөг бол улс орны хүн амаа өсгөх, Монголынхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэсэн бодлогын анхны суурь хэлбэр юм. Түүнээс үүнийг халамжийн чиглэлд олгож байгаа мөнгө гэж ойлгохын ч хэрэггүй. Өнөөдрийн нийгэмд энэ 20 мянган төгрөгөөр амьдралынхаа чамгүй хэсгийг залгуулдаг өрх айл маш олон бий. Хүүхдийн мөнгө эсэргүүцээд зогсож байгаа 30 гишүүний тойрог тус бүрт маш олон мянгаараа ийм өрх гэр байдгийг бид судалгаанаас харж болно. Гэтэл Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж буй анхан шатны хөрөнгө оруулалт болох 20 мянган төгрөгийг гол төлөв шинээр сонгогдож орж ирсэн 30 “гишүүн” эсэргүүцээд зогсож байх юм.
Бидний мэдэж байгаагаар эдгээр 30 гишүүд маань сонгуулийн үеэр "Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа дэмжинэ. Одоо олгож байгаа 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно" хэмээн сурталчилж явсныг сонгогч олон мартаагүй. У.Хүрэлсүх нарын өндөр эрх мэдэлд хүрэх гэсэн эрмэлзлэл нь Засгийн газрыг унагаахад оршиж буй. Харин Засгийн газрыг унагаах шалтгаан байхгүй гээд хэлчихэд тэгтлээ буруудахгүй. Ямар эдийн засгийг өсгөж 5.3 хувьд хүргэлээ, бүтээн байгуулалтын чиглэлд олон хөрөнгө оруулалт татлаа, гаднаас 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтууд татсаныг дурдаад байвал олон. Ажлын хариуцлага алдсан БСШУС-ын сайддаа хариуцлага тооцож чадсан засгийн газар. Ямартай ч У.Хүрэлсүхийн 30 “гишүүн” "Хүүхдийн мөнгө"-нд халдахаар шийдсэн бололтой.




