Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монополь “Мобиком”, “Юнител” хэрэглэгчдээ “хар данс”-нд бүртгүүлэв

2017 оны 8 сарын 15

Гар утасны ярианы төлбөрөө өгөлгүй хэсэг хугацаа өнгөрөхөд л иргэд Төв банкны мэдээллийн санд “Найдваргүй зээлдэгч” гэсэн хар тамга даруулахаар болж байна. Энэ байдал иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, “Мобиком” “Юнител”, “Жи мобайл”, “Скайтел” зэрэг үүрэн утасны компаниуд Монголбанктай гэрээ байгуулж хоёроос дээш сар ярианы төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны системд “Найдваргүй зээлдэгч” гэсэн ангилалд багтана гэсэн үг. Одоогийн байдлаар “Мобиком”, “Юнител” гэсэн хоёр компани зээлийн мэдээллийн санд бүртгүүлэхээр эрх аваад байгаа аж. Ингэснээр энэ компаниудын дараа төлбөрт хэрэглэгчдийн хоёрхон сарын төлбөр 10 мянга эсвэл 100 мянга байхаас үл хамаарч “хар данс”-нд бүл нэмэх учиртай болж байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиас харвал иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэл нь тус санд зургаан жилийн турш хадгалагддаг аж. Харин зээлийн мэдээллийн санд иргэд, байгууллага нэгэнт чанаргүй зээлдэгчийн ангилалд багтсан бол энэ мэдээлэл 10 жилийн турш байдаг байна. Тиймээс гар утасныхаа төлбөрийг хоёр сар гаруй хугацаанд төлөөгүй иргэд “Найдваргүй зээлдэгч” гэсэн хамгийн муу тодотголыг 10 жилийн турш “тээж” явна гэсэн үг. Одоогоор Монголбанкнаас Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчээ бүртгүүлэх тусгай зөвшөөрөл авсан 600 орчим аж ахуйн нэгж, байгууллага байна. Үүний дотор үүрэн холбооны сүлжээ компаниуд ийнхүү нэгдсэн нь иргэдийг бухимдуулаад буй.

Энэ талаар Мобиком ком­панийнхнаас лавлахад “Манай байгууллага  ийм шийдвэр гар­гаагүй. Монголбанктай хийсэн гэрээний хүрээнд ажиллаж байгаа. Ганцхан манай бай­гууллага биш бүх үүрэн холбооны оператор компани  гэрээ хийсэн” гэв. Харин Монголбанкны зүгээс үүрэн холбооны компаниудтай байгуулсан гэрээний талаар  Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Д.Баттуул тайлбарлахдаа, “Монголбанктай хамтран ажиллах гэрээ хийснээр үүрэн холбооны операторууд зээлийн мэдээллийн санд мэдээллээ илгээх эрхтэй болсон. Өнгөрсөн оны  арванхоёрдугаар сарын 22-нд “Актив ангилах журам” батлагдсан. Энэ журам нь арилжааны банкууд, үүрэн холбоо зэрэгт адилхан үйлчилдэг. Журамд зээлийг хугацаагаар нь ангилсан. Иргэн  зээл төлөх хугацаагаа 15 хоногоор хэтрүүлэх нь хэвийн ангилал, 15-90 хүртэл хоног төлөхгүй бол анхааруулах ангилал, 90 хоногоос хэтрүүлсэн бол чанаргүй зээлдэгч гэсэн ангилал руу шилждэг. Тиймээс хоёр сар төлбөрөө төлөөгүй дараа төлбөрт хэрэглэгч чанаргүй зээлдэгч болно гэсэн зүйл байхгүй. Төлбөрөө төлөөгүй хоёр сар буюу 60 хоног болбол анхааруулах ангилалд хамаарна, актив ангилах журамд ийм хугацаа байхгүй”  гэсэн юм. Цаашлаад Төвбанкны зүгээс “Найдваргүй зээлдэгч боллоо гээд зээл авч болохгүй гэсэн үг биш” гэсэн тайлбарыг өгч байна.  

Уг нь зээлийн сөрөг түүхтэй зээлдэгчид дахин зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт одоохондоо манай улсад байхгүй. Тиймээс найдваргүй зээл­дэгч байлаа гээд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах эрхгүй болж байгаа хэлбэр биш гэдэг албаны тайлбар бол зөв. Гэвч бодит байдал дээр банк, санхүүгийн байгууллагууд  учирч болох эрсдэлээс сэргийлж аль болох тэднээс нүүр бууруулдаг нийтлэг жишиг манай улсад байна. Тийм учраас үүрэн холбооны сүлжээ компаниудын хэрэглэгчдэд эрс­дэл учирч байна гэсэн үг. Чухамдаа энэ эрсдэлтэй байдлыг Монголбанкны зүгээс тус компаниудтай бай­гуулсан гэрээгээр бий болгож байна. Угтаа Монголбанкны мөн­гөний бодлогын шийдвэр гаргалт нь ашигтай ажиллагааны төвшнөөс ангид байх ёстой.

Гэтэл мөнгөний бодлогыг тодорхойлох, хараат бус байх учиртай Төв банк иргэдийн санхүүгийн эрхийг ийнхүү хязгаарлахаар шийдсэн нь хэр оновчтой шийдвэр вэ. Товчхондоо утасны төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж, олон иргэний санхүүгийн хэрэг­цээнд саад учрах нөхцөл байдал бий болов. Энэ нь иргэдийн санхүүгийн эрхэнд шууд халдахаас гадна олон арга хэрэгслийг ашиглаж болохоор байна. Энэ таагүй байдал кабель, интернэт хэрэглэгчдэд хамаатай болж таарна. Тухайлбал, “Юнител” компанийн “Юнивишн”-ий хэрэглэгчид гэхэд өөрийн дураар энэ үйлчилгээнээс татгалзаж, өөр суваг сонгох боломжгүй болж байна. Учир нь кабелийнхаа төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хэрэглэгчээ “Найдваргүй зээл­дэгч” болгон хувиргах эрх тэдний мэдэлд шилжлээ. Мөн иргэдийг тус компаниудаас авсан үйлчилгээгээ буцаах гэхээр “Найдваргүй зээл­дэгч болно шүү” гэсэн цөөхөн үгээр “дарамтлах” нөхцөл  хойшид бүрэлдэнэ гэсэн үг. Энэ нь эцсийн дүндээ гар утасны компаниуд найдвартай, тогтмол хэрэглэгчтэй байх гэсэн арга ядсан хэлбэр гэж хэрэглэгчид үзэж байна. 

Үнэн  хэрэгтээ  тус  ком­паниудын алинаас нь ч дараа төлбөрт утас­ны дугаар болон телевизийн олон суваг, интернэтийн үйл­чилгээ авах­даа иргэд барьцаа мөнгө байршуулдаг. Ингэхдээ иргэнтэй гэрээ байгуулдаг хэдий ч “Зээлийн мэдээллийн сан”-гийн тухай нэг ч үг тус гэрээнд байдаггүй. Зөвхөн энэ байдлаас үзэхэд гэрээнд тусгаагүй үндэс­лэлээр үүрэн холбооны сүлжээ компаниуд иргэдийг ингэж дур зоргоороо хорлох нь шударга биш. Одоо тэгэхээр гар утасны төлбөрөө төлөөгүй иргэний өгсөн барьцаа мөнгийг компанийн орлого болгохын зэрэгцээ зээлийн муу түүх рүү нэрийг нь оруулж давхар шийтгэх эрхтэй болсон гэсэн үг. 
Уг нь бид хуультай, “Шударга бустай тэмцэх” байгууллагатай ард түмэн. Гэтэл иргэд эрсдэлд орж, нэр хүнд, санхүүгийн байдалд эрсдэл учирчихаад байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Даварсан компаниудын энэ үйлдэл шударга бус гэдгийг олон жишээ өнгөрсөн хугацаанд харуулсаар ирсэн. Тухайлбал, барьцаанд байгаа мөнгөнөөсөө давсан төлбөр гаргаагүй байхад харилцагчаа зээлийн муу түүх рүү хүчээр оруулж байна.

Д.БУЛГАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45992
0 эможи
keyboard_arrow_up