Эртний Хүннү гүрний үеийн ховор ТҮҮХЭН БИЧЭЭСИЙГ судлаачид илрүүлжээ
Эртний Хүннү гүрний үеийн ховор түүхэн бичээсийг судлаачид илрүүлж, тайлж уншсан тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
“Чингис хаан” дээд сургуулийн ахмад, дунд, залуу үеийн судлаачид Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлжээ.

Судалгаандаа МЭӨ XII-VIII зууны үеийн бугын дүрст хөшөө бүхий дурсгалын байгууламж, дундад зууны үеийн Орхоны соёлд хамаарагдах хүн дүрст хөшөө зэрэг урьд өмнө нь судлагдаагүй хэрэглэгдэхүүнүүдийг хамруулсан байна.
Манай оронд одоогоос 2000 жилийн өмнөх Хүннү гүрний холбогдолтой хадны бичээс урьд өмнө илрээгүй байсан ба ийнхүү олдсон нь түүхийн шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм. Тус бичээсийг тайлж уншсанаар Хүннүгийн үеийн түүхийн эргэлзээтэй тоолол, үйл явдлууд илэрхий болоод байна.

Өнөөгийн байдлаар Хүннүгийн судалгааны талаар зуун жилийн хугацаанд 1,000 гаруй ном бичигдсэн байдаг. Гэвч зөвхөн түүхийн хувьд гол үйл явдлуудыг л дурдсан байдаг ба зарим талаар он тооллын хувьд зөрдөг байна. Иймээс түүхэн ховор бичээсийг олсноор Хүннү судлалд том нэмэр оруулж байгаа ажээ.





