Монголын хамгийн хөгшин АВТОМАШИН бол Полу
Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-д үйлдвэрлэсэн автомашинуудын үзэсгэлэнг гаргалаа. Үзэсгэлэнд танилцуулсан автомашинуудыг хувь хүмүүсийн цуглуулгаас түүвэрлэн авсан байна.

Монголд байдаг хамгийн хөгшин автомашин 1927 онд үйлдвэрлэсэн Полу юм. 1.5 тн-ын даацтай уг ачааны машиныг одоогоор “Монгол кино” нэгтгэлийн уран бүтээлийн фондод хадгалж байгаа ажээ. “ГАЗ 13”, “Чайка” зэрэг машиныг 1958-1981 он хүртэл үйлдвэрлэсэн байна.

Манай улсад маршал Ю.Цэдэнбал дарга, улс төрийн товчоо эсвэл гадаадын зочид гийчид ирэхээр үйлчилгээнд гаргадаг байсан тансаг зэрэглэлийн автомашин юм. Мөн ардчилал гарахын өмнө бүх аймагт хуримын ордонд зориулж нэг нэгийг өгч байсан түүхтэй юм байна. “ГАЗ 21”, “Волга”-г 1956-1970 он хүртэл үйлдвэрлэжээ. Аймгийн аварга болон намын хорооны дарга эдгээр машиныг унадаг байж. “ГАЗ 69” машиныг 1954-1972 он хүртэл үйлдвэрлэсэн байна. Анх цэргийн зориулалттай гаргаж байгаад дараа нь суудлын машин болгон ашиглажээ. Анхны машиныг Монгол Улсын сумын хүн, мал эмнэлэгт ашиглаж байсан түүхтэй. Сүүлд гаргасан суудлын машиныг сум нэгдлийн дарга, намын дарга нар унадаг байсан аж.










