Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

"Цагаан сонголт" иргэний нийгмийн хөдөлгөөний гишүүд мэдээлэл хийлээ

2017 оны 7 сарын 03

Цагаан сонголт иргэний нийгмийн хөдөлгөөний гишүүд өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улмаар Цагаан сонголт хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.

Хөдөлгөөний гишүүд сонгуульд оролцогчид аль нэг нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг сонголт хийж болохыг сонгогчийн боловсролд зориулан ямар нэг байдлаар мэдээлэл өгөхгүй, сурталчлахгүй, цаашлаад буруу ташаа мэдээлэл түгээж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн юм.

"БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО ДАХИН СОНГУУЛЬ БИШ"

Монгол Улсын иргэн Б.Мөнхдөл: “Сонгогч сонгуульд оролцож, саналаа өгөхдөө аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байх сонголтын эрхээ мэдсэний үндсэн дээр сонгуулиа өгөхийг бид уриалж байгаа юм. Мөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна. Аль ч нэр дэвшигчийг сонгохгүй байхыг “Цагаан сонголт” гэж нэрлэж байгаа. Гэхдээ бид иргэдийг аль нэг нэр дэвшигчийг дэмжиж байсан бол болиод “Цагаан сонголт”-ыг хий гэж тулгаагүй, саналаа өгөхдөө энэ эрхийг мэдсэний үндсэн дээр оролцоорой гэж уриалж байгаа юм. Нөгөөтээгүүр бид сонгуулийн үр дүнг урдаас таамаглаагүй, хэрэв аль ч нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулж чадаагүй бол хуулийн дагуу дахин сонуулийг зохион байгуулах ёстой. Бидний гол зорилго дахин сонгууль биш” хэмээн тайлбарлалаа.

"САНАЛЫН ХУУДСЫГ ХООСОН УНШУУЛАХ БОЛОМЖТОЙГ СОНГОГЧДОД ТАНИУЛМАГЦ НАМУУДЫН ЗҮГЭЭС ЯНЗ БҮРИЙН ТАЙЛБАР ИРЖ БАЙНА"

Хүний эрхийн активист, хуульч Б.Болорсайхан: “Сонгогчдыг ажиглаад байхад аль нэг нэр дэвшигчийг дэмжээгүй бол гурван дугуйг гурвууланг нь будах, хэрээслэх эсвэл алийг нь ч дэмжихгүй байна гэж саналын хуудсан дээр бичих зэргээр саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол ажиглагдаж байна. Саналын хуудсыг хоосон уншуулах боломжтойг сонгогчдод таниулмагц намуудын зүгээс янз бүрийн тайлбар ирж байна. Энэ бол ганцхан манайд байгаа хуулийн зохицуулалт биш. 10 гаруй улсад ийм хууль хэрэгжиж байна.  Иргэд сонгуульд идэвхгүй оролцож байгаагийн болон дахин сонгууль болж болох тэрхүү хариуцлагыг бид биш иргэдийн идэвхтэй оролцох боломжийг хангах ёстой улс төрийн хүчин, төр өөрөө хариуцах ёстой. Ардчилсан нийгэмд хүн бүр сонголтоо хийх эрх чөлөөтэй байна. Төрийн зүгээс энэхүү эрх чөлөөг хангах ёстой” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44780
0 эможи
keyboard_arrow_up