“Хүчит шонхор”-ын удирдлагууд монголчуудад үхрийн булууны яс зарахыг хоригложээ
Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдэд өвөл, намрын улиралд агаарын бохирдол, дулааны улиралд орчны болон хөрсний бохирдол гээд эрүүл мэндэд нөлөөлөх ахуйн олон асуудалтай тулгарч буй. Түүнчлэн гадны улсаас оруулж ирж буй гарал, үүсэл нь үл мэдэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуун дээр өнгө алаглан харагдах авч бидний эрүүл мэндэд хэр тустай, эсвэл хортой болохыг бид тааж үл мэднэ. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр манай улсад хүнсний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байгааг салбарынхан мэдээлсээр ирсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор иргэд урд хөршөөс оруулж ирсэн жимс ногоо биш, эх орны хөрсөнд ургасан тариа буудай, хүнсний ногоо, монгол малын махаа сонгох нь эрүүл мэндэд эрсдэлгүй хэмээн үзэх болжээ. Тэр дундаа үхрийн булууны яснаас шөл гаргаж, хүүхэд хөгшчүүлдээ өгөх айл өрхийн хэрэглээ нэмэгдэж хүнсний зах, худалдааны төвүүдэд булууны яс эрэлт ихтэй байдаг болсон. Гэвч нэр бүхий хүнсний захууд булууны ясыг монгол иргэдэд худалдахыг хориглосон тухай зарим эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Энэхүү мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Тус захын махны худалдаачдаас үхрийн булууны яс хаанаас авч болох тухай тодрууллаа.

-КОМПАНИУДАД ХУДАЛДСАН МӨНГӨ ЗАХЫН ОРЛОГО БОЛДОГ БАЙХ-
-Үхрийн булууны яс хаанаас авч болох вэ?
-Та наашаа дэмий иржээ. Энэ захаас та булууны яс байтугай ямар ч яс авах боломжгүй. Захиргаанаас тэгээд хориглочихсон байгаа.
-Яагаад тэр вэ? Өмнө нь иргэд эндээс бүр хөрөөдүүлээд авдаг байсан шүү дээ?
-Худалдааны төвийн захиргаа бүх махны худалдаачдыг гадагшаа яс гаргаж болохгүй гэсэн. Учир нь захиргаанаас яс авдаг компаниудтай өдөртөө тэдэн тонн яс өгнө гээд гэрээ хийчихсэн. Тэр компаниуддаа л ясаа худалддаг болсон. Тэр компаниуд нь бүх ясыг худалдаж аваад, цааш боловсруулж, урагшаа гаргадаг юм шиг байна лээ.
-Худалдааны төвийн захиргаа ясуудыг худалдаж авдаг уу?
-Худалдагч нараас ясуудыг үнэгүй авдаг. Үхрийн цул мах худалдаж байгаа бол мах шулах тасагт ясыг үлдээгээд, бид махаа л авдаг. Харин ясуудыг доор шулах тасагт шулаад, цааш нь компаниуддаа тараадаг. Яс худалдсан мөнгө захын орлого болдог байх.

Л.ЦЭДЭН: ГЭРЭЭТЭЙ КОМПАНИУДДАА ЯСАА НИЙЛҮҮЛДЭГ
Эх сурвалжийн мэдээлснээр, “Хүчит шонхор” худалдааны төвийн худалдагч нар монголчуудад булууны яс зарсан нь мэдэгдвэл ажлаас нь халах, лангууг нь хураах, түрээс татвар нэмнэ гэх мэтээр дарамталжээ. Монголчуудаас харамлаж, худалдахгүй байгаа тэдгээр малын ясуудыг их хэмжээгээр нийлүүлэх гэрээ хийсэн гэгдэх хүмүүс нь хятад улсын иргэд байдаг гэсэн мэдээлэл ч байна.
Тодруулбал, Эмээлт орчимд малын бой ажиллуулдаг, арьс, нэхий, шир худалдан авдаг хятадууд хүнсний захуудтай гэрээ хийж, их хэмжээний яс худалдан авдаг. Өдөрт авах ясандаа норм хэмжээ тогтоосон байдаг учир захын удирдлагууд нэг ширхэг ч яс үлдээлгүй нийлүүлэхийг илүүд үздэг ажээ. Энэ талаар “Хүчит шонхор” худалдааны төвийн Олон нийттэй харилцах албаны дарга Л.Цэдэнгээс тодрууллаа.
-Худалдааны төвийн захиргаанаас, монгол иргэдэд үхрийн булууны яс худалдахгүй байх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ер нь гадагшаа яс гаргахгүй байгаа. Гэхдээ зөвхөн монголчуудад худалдахгүй хятадуудад худалдаж байна гэж ойлгож болохгүй. Бид хэд хэдэн компанитай гэрээ хийгээд, тэдэнд ясаа нийлүүлдэг.
-Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ? Иргэд үхрийн булууны яснаас шөл гаргаж хүнсэндээ хэрэглэх болсон. Гэтэл зах нь ясуудаа худалдахгүй гэх юм?
-Манайх чинь ер нь их хэл ам таталсан шүү дээ. Чи дуулсан бол хүнсний захын гадна талбай бохирдууллаа. Эргэн тойрон мал амьтны яс хөглөрч байна. Энэ бол “Хүчит шонхор” захаас л гарч байгаа гэх мэтээр олон телевиз радиогоор шүүмжлүүлсэн. Яагаад гэхээр худалдаачид малын ясыг иргэдэд хямд үнээр худалддаг байсан. Хүмүүс ясыг их хэмжээгээр худалдаж аваад, махыг нь шулаад, жалга сууд хаячихдаг. Ийм нэг асуудал байсан. Тиймээс ясыг жижиглэнгээр худалдахаа зогсоож, компаниудад нийлүүлж, тэд цааш нь боловсруулалтаа хийдэг болсон.
-Одоо “Хүчит шонхор” захаас булууны яс худалдаж авах боломжгүй гэж ойлгох уу?
-Үгүй ээ тэгж ойлгож болохгүй. Худалдагч нарт учир байдлаа хэлвэл булууны яс худалдаж авч болох байх.
Б.ЦОГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН









