Кадетын сургуулийн ирээдүйн офицерууд дунд саатсан тэмдэглэл
Хүний тавилан хүмүүжлээс Улсын тавилан байрлалаас гэдэг дээ. Хоёр том гүрний хооронд орших манай улсын хувьд батлан хамгаалах салбар чухал. Тиймээс бид энэ удаад ирээдүйн цэргийн дарга нарыг бэлддэг сургууль гэдгээрээ олонд танигдсан "Тэмүүжин өрлөг" сургуулийг зорилоо. Тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2010 онд байгуулсан бөгөөд цэргийн анхан шатны боловсрол олгох төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургууль юм. Батлан хамгаалах их сургуулийн хашаанд өнгөрсөн жил ашиглалтад орсон гурван давхар байртай. Нэгдүгээр давхарт захирал, багш, ажилчдын өрөө, урлагийн заал, хооллох танхимтай. “Ирээдүйн офицерууд” маань хоёрдугаар давхартаа хичээллэж, гуравдугаар давхарт нь амьдардаг аж. Өнөөдрийн байдлаар 50 багш ажилтан, 13-18 насны 350 сурагчтай. Сурагчид нь даваа гарагаас баасан гариг хүртэл сургууль дээрээ байрлаж, амралтын өдрөөр гэртээ харьдаг байна.

Биднийг сургуулийн хаалгаар ороход сургууль мөн үү гэмээр нам гүм, олон эрэгтэй хүүхэд сурдаг гэхээргүй цэвэр цэмцгэр, цэргийн хуарангаас ялгарах юмгүй эмх цэгцтэй, орчин угтсан юм. Биднийг ротын жижүүр 11а ангийн сурагч, дэд түрүүч Б.Эхбаяр угтаж авсан юм. Тэрбээр бидний хүсэлтийг сонсоод сургалтын менежер Р.Энх-Амгалантай уулзууллаа.
-БИД ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨВ ХҮН БОЛГОХ ТАЛ ДЭЭР НЬ АНХААРЧ АЖИЛЛАДАГ-
Ирээдүйн офицерууд маань хичээлдээ орсон, сургууль нам гүм байсан тул бид сургалтын менежер Р.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Бидэнд сургуулиа танилцуулахгүй юу?
-Манай сургууль 2010-2011 онд БХИС-ийн материаллаг баазыг түшиглэн байгуулагдсан. Анх гурван багштай, 30 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 350 сурагч, 50 багш ажилчидтай болсон байна.
-Танай сургуулийн бусад ЕБС-иас ялгарах онцлог юу вэ?
-Цэргийн эрдмийн анхан шатны бэлтгэлийн хичээл ордог. Бусдаараа бол ямар ч ялгаа байхгүй ерөнхий эрдмийн хичээлүүд ордог.
-Тэгвэл танай сурагчдын үеийнхээ хүүхдүүдээс ялгарах онцлог юу вэ?
-Манай хүүхдүүдэд бие даах чадвар сайтай, хариуцлагатай, цагийн юмыг цагт нь хийж сурсан, дуулгавартай гээд маш олон давуу тал байгаа. Бид хүүхдүүдээ аль болох зөв хүн болгоыг эрмэлзэж, анхаарч ажилладаг.
-Танай сургуульд хэдээс хэдэн насны хүүхдүүд байдаг вэ?
-Зургадугаар анги төгссөн хүүхдүүдээс элсэлтийн шалгалт аваад тэнцсэн хүүхдүүдийг нь авдаг. Тэгэхээр хамгийн бага нь долдугаар ангийн хүүхдүүд, хамгийн том нь 12 дугаар ангийн хүүхдүүд байгаа.
-Энэ жилийн бүртгэл хэзээ вэ. Хэдэн хүүхэд авах вэ?
-30 хүүхэд авна. Ирэх сарын 10, 11-нд БХИС дээр элсэлтийн шалгалтын бүртгэл БХИС дээр явагдаад 12, 13-нд элсэлтийн шалгалтаа аваад эхний 30-д жагссан хүүхдүүдийг авдаг. Өнгөрсөн жил манайх анх удаад охидууд авсан. Одоо манайд зургаан охин байгаа. Энэ жил бас таван охин авна.
-Ямар ямар хичээлээр шалгалт авдаг вэ?
-Монгол хэл, математикийн шалгалт аваад хоёр онооны нийлбэр дүнгээр жагсаадаг.
-Өнгөрсөн жил анхныхаа элсэлтийн хүүхдүүдийг төгсгөсөн гэсэн. Бүгд цэргийн чиглэлээр их дээд сургуульд орсон уу?
-Өнгөрсөн жил манай сургуулийн 28 хүүхэд төгссөн. Бүгдээрээ ЭЕШ-аа өгөөд 18 хүүхэд цэргийн нэгдсэн сургуульд, гурван хүүхэд ХСИС-д орсон. Бусад нь ахлагчийн сургууль болон бусад их дээд сургуулиудад элсэн орсон байгаа.

Биднийг ийн ярих зуур гадна хөлийн чимээ гарч эхлэв. Манай сурвалжлагийн гол баатрууд болох ирээдүйн офицеруудын маань хичээл таржээ. Биднийг сургалтын менежерийн өрөөнөөс гарч ирэхэд хүүхдүүд ихэд яарсан шинжтэй шатаар бууж байсан юм. Хаашаа яарч байгааг нь асуухад, гадаа гарч гимнастикаа хийх гэж байна гэв. Тэд хэдий хоцорчих вий хэмээн яарч байгаа ч өөрөөс насаар ах болон цолоор илүү хүмүүсийн өмнө зогсож, ёсолж байсан юм. Энэ нь бие биедээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг аж. Тэдний араас гарахад, жагсаалын талбайг тойрон алхаж, гүйж, дараа нь гимнастик хийсэн юм.

Жагсаалын алхааг нь харахад эрийн цээнд хүрсэн цэргийн албан хаагчаас ялгарах ялгааг би лав олж харсангүй. Хувцас жигдрэлт, алхаа гишгээг нь харсан хэн ч тэднийг хүүхэд гэж хэлэхээргүй тийм л сүр жавхлантай харагдана.
Миний хувьд аав ээжийнхээ өврөөс гараагүй болов уу гэмээр жаахан хүүхдүүд дүрэмт хувцсаар жигдэрч, хэзээний цэргийн хүн шиг цэх зогсч, эгц харж, бусдыг хүндэлж, жагсаалаар алхахыг харах сайхан санагдсан юм.
Тэдний үеийн ихэнх хүүхдүүд буруу эрхэлж компьютерийн өмнө алт шиг цагаа үрж, бурууд уруу татагдаж байхад. Тэдэнд тийм зав гардаггүй бөгөөд өглөө 06.00 цагаас 22.00 цаг хүртэл өөртөө оюун санааны болон бие бялдрын хөрөнгө оруулалт хийдэг аж.
-ЭРТ БОСЧ, ЦАГ БАРИМТАЛЖ, ХҮНИЙГ ХҮНДЭЛЖ СУРСАН-
"Тэмүүжин Өрлөг" сургуулийн 11а ангийн сурагч, дэд түрүүч Б.Эхбаяр:

-Энэ сургуульд сурахын юу нь гоё вэ?
-Манай сургууль их эмх цэгцтэй, сурах орчин нөхцөл сайтай учраас надад их таалагддаг. Би багаасаа иймэрхүү сургуульд сурахыг хүсдэг байсан. Оросын цэргийн сургууль гээд киног үзээд л ийм сургуульд орох юмсан гэж мөрөөддөг болсон. Тэгээд энэ сургуульд орж ирсэн.
-Энэ сургуульд орсноор хамгийн эхний ээлжид юуг сурав?
-Хүний үг даах, тэвчээр хоёрыг л эхний ээлжид суралцдаг юм байна лээ. Мөн эрт босч, цаг баримталж, хүнийг хүндэлж сурсан. Дахиад нэг жил сурна. Төгсөх хүртлээ илүү их юмыг сурч, жинхэнэ цэргийн албан хаагч болно гэж боддог. Аливаа улсын үндэсний аюулгүй байдлыг тухайн улсын цэргийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг боловсролоор л дүгнэгдэх байх.
-Эндээ байрладаг уу. Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 6.00 цаг гэж босоод хувийн бэлтгэлээ өглөөний хоолондоо орчихоо хичээлдээ ордог. Хичээл 13.45 гэж тараад гадна гарч нэгдэж гимнастикаа хийгээд хоолондоо ордог. Хоолоо идчихээд 19.00 цаг хүртэл хичээлийн цаг гээд хичээлээ хийдэг. 19.00 цагаас оройн хоолондоо орчхоод 21.00 цаг хүртэл хувийн цаг байдаг. Тэрэн дээрээ хувийн бэлтгэлээ хийгээд 21.00 цагаас гарч оройн тоондоо жагсаад 22.00 цагаас амардаг.
-Өнөөдөр ротын жижүүр гэсэн. Жижүүрийн үүрэг юу вэ?
-Гарч орж байгаа хүмүүсийг хянах, хүүхдүүдийг анги танхим руу нь оруулж хичээлийг нь хийлгэх үүрэгтэй.
-Хүүхдүүд үгэнд нь орж байна уу?
-Оролгүй яахав ротын жижүүрийг цолтой хүүхдүүд хийдэг юм. Манай сургуулийн хүүхдүүд цолтой хүүхдүүдээ их хүндэлдэг. Ээлжтэн гэж бас гурван хүүхэд байгаа тэр нь давхар болгонд нэг нэгээрээ зогсоод хяналт тавьдаг.
-Танай сургуулийн хүүхдүүдийн бусад хүүхдүүдээс ялгарах онцлог юу вэ?
-Маш том ялгаа байдаг юм байна лээ. Сургуулийн коридороор явж байгаагаасаа эхлүүлээд бүгд өөр. Бид бие бялдар, тэсвэр хатуужил, хүмүүжил, хүндлэл, үг даах чадвар гээд бүх зүйлээрээ илүү. Мөн манай сургуулийн хүүхдүүд аль эрт мэргэжлээ сонгочихсон учраас зорилго нь тодорхой, зорилгодоо хүрэх асар их тэмүүлэлтэй.
-Өглөөнөөс орой хүртэл бүтэн хуваарьтай юм шиг байна. Тоглож наадах цаг ер нь гарах уу?
-Тоглох зав бараг гардаггүй юм өө. Хаяа л шатар, даам тоглодог. Гэхдээ манай сургуульд фитнесс заал, спорт заал, хөл бөмбөгийн талбай байдаг. Тэндээ хуваарийн дагуу орж секц, дугуйланд хамрагддаг.
-Өнөөдөр танай ангид цэрэгжилт гэдэг хичээл орсон гэсэн. Яг юу заадаг юм бэ?
-Жагсаалын бэлтгэл, буу задлах, цув комбинзан өмсөх, газ өмсөх, цэргийн дүрэм гэх мэт зүйлийг заадаг.
-Танай сургуульд утас барихыг хориглодог юм уу?
-Хуучны товчтой утас барьж болно. Андройд утас барихыг хориглодог.

-ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН ЦЭЦЭГ ШИГ ОХИД-
Тус сургуулийн бас нэг чимэг нь өнгөрсөн жил тус сургуульд элссэн зургаан охин аж. 300 гаруй хөвгүүдтэй мөр зэрэгцэн, тэднээс дутахгүй юм шүү хэмээн хичээн суралцаж буй зургаан охины өрөөгөөр зочилсон юм. Тэдний өрөө дотуур байрны багшийн өрөөтэй залгаа байдаг аж. Намайг хэзээний танил, хамаатан садантайгаа уулзаж байгаа юм шиг ихэд элгэмсүү хүлээж авсан охид маань өдөр болгон бие биенийгээ хардаг болохоор жаахан уйддаг гэдгээ нуусангүй.
Тэднээс олон хөвгүүдтэй, хагас цэрэгжилтийн байдалтай байхад хэцүү байгаа эсэхийг нь асуухад "Бүгд нэгэн зэрэг толгой сэгсэрч, эхэндээ жагсаалын бэлтгэл, гимнастик, оройн тоо гээд бүгд хэцүү байсан. Харин одоо бол тийм биш бүр дасчихсан. Манай хөвгүүд ч гэсэн бусад сургуулийн хүүхдүүдийг бодвол хүмүүжилтэй, сурлага сайтай мундаг хүүхдүүд байдаг. Манай сургуульд муу сурдаг хүүхэд гэж байдаггүй болохоор өрсөлдөөнтэй гоё байдаг. Биднийг охидууд гээд битгий гүй, эсвэл бага гүй гэж хэлдэггүй. Хөвгүүдээсээ ямар ч ялгаагүй. Адилхан л бэлтгэл хийдэг. Бид нар ч гэсэн тийм байх дуртай. Учир нь өөрсдийгөө хөвгүүдээс дутахгүй тэсвэр хатуужилтай гэж бодохоор гоё байдаг юм. Харин зургуулханаа байдаг болохоор жаахан уйддаг.
Ирэх жил дахиад таван охин орж ирнэ гэсэн. Тэд нарыг орж ирэхийг маш их хүлээж байна. Бид нар энэ талаар байнга ярьдаг. Хөвгүүд дүү нар орж ирэхээр дэглэнэ гэж ярьдаг бол бид нар охидуудыгаа орж ирэхээр бүгд нэг нэгээр нь хуурай дүүгээ болгож аваад тусалж дэмжинэ гэж ярьдаг. Яагаад гэвэл охидуудад эхний жил жаахан хүнд байдаг. Тийм болохоор чадахаараа л тусална" гэсэн юм.
Харах төдийд л хайр хүрэм, хатуужил ихтэй Монгол охидуудыгаа хөвгүүдээс юугаараа дутдаг юм. Бид нар ч гэсэн чадна хэмээн бахдалтайгаар ярьж суухыг хараад бахархах бас хайрлах сэтгэл төрснийг нуух юун.

Түүнээс гадна “Тэмүүжин өрлөг” сургууль хүүхдийн сурах, амьдрах орчинг бүрэн хангасан нь давуу тал болдог юм шиг санагдаж байв. Тус сургуулийнхан ганцхан ээлжээр хичээллэнэ, нэг багшид ногдох хүүхдийн тоо бага. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон спортын болон урлагийн заалтай. ОХУ, Англи, Японоос ирсэн дөрвөн багштай аж. Тус сургууль нэг ч хүүхэд орхилгүй хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж хичээл сурлага, хүмүүжил, зөв хүн болгон төлөвшүүлэх гэх мэт бүх тал дээр нь ажилладаг гэдэг нь сурагчдынхан гаргасан амжилт, биеэ авч яваа байдлаас нь тодхон харагдаж байлаа.
Монгол Улсын зэвсэгт хүчний залгамж халаа энэ сургуульд бэлтгэгдэж байна. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Тэр дундаа цэргийн хүн, цэргийн хүмүүжлийг багаас олгох нь тэднийг эх орноо хайрлах сэтгэлийг цуг төлөвшүүлж байгаа хэрэг. Сүр жавхлан, цог хийморьтой Зэвсэгт хүчний хойч үеийг бэлтгэх явж үр дүнгээ өгч байгааг харлаа, бахархлаа.











