МАХН-ын Бага чуулганаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна

Улс төрийн гол хоёр хүчний нэр дэвшигчидтэй өрсөлдөх өрсөлдөгч өнөөдөр тодрох гэж байна. МАХН энэ баасан гарагт бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Тус намын Гүйцэтгэх товчоо хуралдсаны дараа бага чуулганаар нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ үеэр заалнаас нэрээ дэвшүүлэх нь дүрмийн дагуу нээлттэй гэж МАХН-аас мэдээллээ. Гэхдээ гол өрсөлдөөн Ардчилсан нам, МАН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөх хүлээлттэй байна. “МАН-ын хувьд сонгуульд дангаараа оролцоно” гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Эрх баригч намын VIII бага хурал хаалттай горимоор хуралдаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр намын дарга М.Энхболдыг сонгоод байна. Харин одоо “МАН-ын дараагийн дарга хэн болох, нөхөн сонгуульд хэн өрсөлдөх вэ” гэсэн асуулт гарч ирж байгааг ажиглагчид онцолж байна. Хэдий тийм боловч “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудлыг авч үзнэ” гэдгээ МАН-ын удирдлагууд мэдээллээ.
Харин Ардчилсан нам ирэх бямба гарагт болох VIII их хурлаар нэр дэвшигчээ батламжилна. Тус нам лхагва гарагт нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулахад Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноо авч тэргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл VIII их хурлын үеэр танхимаас нэрээ дэвшүүлэх асуудал байхгүй учраас Х.Баттулгыг батламжлах нь тодорхой болоолд байна.




