Монголын уулчид Сутай хайрханд авирсны 60 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага Тонхилд боллоо

Өдгөөгөөс 60 жилийн тэртээ Говь-Алтай аймгийн уулчид дэлхийн залуучууд, оюутны VII их наадмыг угтаж Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай хайрхны оргилд (4130 м) анх удаа гарсан юм.
БНМАУ-ын уулын спортын ууган мастер, Тонхил сумын харьяат Я.Жанцан энэхүү авиралтын багийг удирдсан билээ. Авиралтад Говь-Алтай аймгийн харьяат эмэгтэй уулчин Долзод, I зэргийн тамирчин Цэрэндаш нарын есөн уулчин оролцсон. Түүхт ойг тохиолдуулан Монголын уулчид Төрийн тахилгат Сутай хайрханд анхлан авирсны түүхт 60 жилийн ойд зориулж уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубээс дугуй ширээний ярилцлагыг өнгөрсөн сарын 30-ны өдөр Тонхил суманд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд "Сутай бор" клубийнхэн, гурван үеийн уулчид, сум орон нутгийн удирдлагууд, өсвөрийн тамирчид, багш, сурагчид болон сумын иргэд өргөнөөр оролцов.
Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм дугуй ширээний ярилцлагад оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж уншиж танилцуулав. Мөн түүнчлэн дараах хүмүүсээс мэндчилгээ ирүүлжээ. Үүнд, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга, "Сутайн бор" клубын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гимнастикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, уулын спортын ууган мастер Я.Жанцан агсны том охин Ж.Туяа, “Сутайн бор” клуб, Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх, уулын спортын мастер, ахмад уулчин С.Галсан, уулын спортын мастер, ахмад уулчин Ш.Галсандорж, Ардын эмч, ахмад уулчин П.Шижээ, спортын мастер Х.Пүрэв, ахмад настан Д.Мөнхцэцэг нар Тонхил сумын уулын спорт, “Сутайн бор” клубийн амжилт үйл ажиллагаа, түүхэн он жилүүд дэх уулын авиралтууд, онцлох үйл явдлын талаар сонирхолтой, дурсамжтай түүх өгүүлж, залуу хойч үедээ үнэтэй туршлагаасаа хуваалцлаа. Мөн Монгол Улсын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн ерөнхий захирал Х.Нямдоо, Тонхил сумын сургуулийн захирал Д.Ганчулуун, сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Б.Пүрэвжав нар үг хэлж, санал бодлоо хуваалцлаа. Тус арга хэмжээний үеэр ойд зориулж хэвлэгдсэн "Сутайн бор-III" номын нээлт болов. Шинэ номын дээжийг клубийн үе үеийн тамирчид болон сумын сургууль, номын санд бэлэглэв. Мөн шинээр бүтээсэн "Уулчин аав минь" дууг сонордуулсан юм.
Монгол Улсын уулын спортын мастер, ахмад уулчин Ш.Галсандоржийг аймгийн Засаг даргын жуух бичгээр, уулын спортын мастер, “Сутайн бор” клубийн гүйцэтгэх захирал Г.Чимэд-Очирыг Монголын залуучуудын холбооны "Тамирчны алдар" алтан медалиар шагнасныг тус тус гардуулав.
“Миний хайртай Сутай хайрхан” сэдэвт шүлэг, зохион бичлэг, уран зургийн уралдааныг Тонхил сумын цэцэрлэг,сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж шилдгүүдээ тодруулан шагнал гардуулав.
Шүлгийн уралдаанд:
I байр Б.Баасандорж, (12А ангийн сурагч)
II байр А.Дашням, (8А ангийн сурагч)
III байр Р.Гантулга,(7А ангийн сурагч)
Зохион бичлэгийн уралдаанд:
I байр М.Хандсүрэн, (12А ангийн сурагч)
II байр С.Болор-Эрдэнэ, (12А ангийн сурагч)
III байр Б.Алим, (8А ангийн сурагч)
Уран зургийн хуралдааны Цэцэрлэгийн насны ангилалд:
I байр Б.Ананд, (ахлах бүлэг)
II байр Д.Хулан, (бэлтгэл бүлэг)
III байр С.Энхбат, (ахлах бүлэг)
Бага ангийн сурагчдын ангилалд:
I байр Д.Сугарзаан, (5А ангийн сурагч)
II байр Ж.Буянзаяа, (4Б ангийн сурагч)
III байр Б.Өсөхбаяр, (4А ангийн сурагч)
Дунд ангийн сурагчдын ангилалд:
I байр Г.Ундармаа, (7Б ангийн сурагч)
II байр Д.Соёлоо, (12А ангийн сурагч)
III байр Б.Чүлтэм, (8А ангийн сурагч) нар тус тус шалгарлаа. Эдгээр шүлэг, зохион бичлэгээ сурагчид дугуй ширээний ярилцлагад оролцогчдод уншиж танилцуулав. Мөн уран зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.
Сутай хайрханд анхлан авирсны 60 жилийн ойд зориулж зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагыг Говь-Алтай аймгийн "Миний нутаг" телевизийнхэн сурвалжиллаа.
Дугуй ширээний ярилцлагыг амжилттай зохион байгуулахад Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж, сумын ИТХ-ын дарга Ц.Өнөрмаа, сургуулийн захирал Д.Ганчулуун, сургуулийн багш, сурагчид болон сумын иргэд дэмжлэг туслалцаа үзүүлж идэвхтэй оролцсон юм.
Монгол Улсад уулын оргилд анхлан гарсан ойг анх удаа ийнхүү өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан нь уулын спортын түүхт ойг төв ба орон нутагт уламжлал болгон зохион байгуулах сайхан эхлэл боллоо.




