220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барина

Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай” 317-р тогтоолын дагуу Оюутолгой-Цагаансуврагын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл арга хэмжээг баталсан. Үүний дагуу концесс эзэмшигчээр “Монголын Алт” (МАК) ХХК шалгарч, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газар болон “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хооронд “Оюутолгой-Цагаансуврага чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн “барих-шилжүүлэх” (BT) концессийн гэрээ байгуулагдсан.
Концессийн гэрээний дагуу барилга угсралтын ажилд Эрчим хүчний хөгжлийн төв техник хяналт тавихаар болж Үндэсний хөгжлийн газартай гэрээ байгуулсан байна.
Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
-
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах 220/110/35 кВ-ын Оюутолгой дэд станцын гаргалгааны өргөтгөл
-
Оюутолгой-Цагаансуврагын 220 кВ-ын 2 хэлхээт 159.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам
-
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Цагаансуврага үйлдвэрийн төслийн талбайд байрлах 220/22 кВ-ын Цагаансуврага дэд станц
Барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээний дагуу уг төслийг гэрээ байгуулсанаас хойш 13 сарын дотор бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх ба шугамын алдагдлыг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой цахилгаан дамжуулах утсыг 1 хэлхээний шугамд ашиглах юм байна.




