Д.Дагвадорж: Асашёорюү нэрийг ашиглавал илүү хүртээлтэй, олны сонирхлыг татна
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс Монголын холимог тулааны “Зэв” холбооноос ирэх тавдугаар сарын 6-нд “Аса” циркт болох “Zev Fight Night-1” тэмцээний талаар мэдээлэл хийлээ. Тус тэмцээнээс шалгарсан тамирчид 28-нд Японы Нагоя хотод болох “Stand Fighting Network K-Ing” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно. Монголд болох тэмцээний талаар Японы хэвлэлүүд ч бичсэн бол Кикбоксын дэлхийн аварга, ОХУ-ын “Fight Nights” холбооны гүйцэтгэх захирал Бату Хасиков инстаграм хуудсаараа дамжуулан “Зэв” холбоотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мэргэжлийн кикбоксын 64, 67 кг-ын жингийн ангилалд Монголын шилдэг тулаанчид оролцох "Zev fight night-1" халз өрсөлдөөн “АСА” циркт ирэх тавдугаар сарын 6-нд болно. Энэхүү тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “Stand fightuing network K-ing” тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах эрхтэй болно.

Олон улсын тэмцээнийг мэргэжлийн кикбоксын К-1-ийн хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоостын нэрэмжит Hoost Cup болон Японы Kickboxing Promotion Assosiation байгууллага хамтран зохион байгуулж буй.
Монголд болох тэмцээнийг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч ажиллуулах ба хүндэт зочноор алдарт тамирчин Эрнест Хоост ирж, Монголын тамирчдад семинар хийх гэнэ.
Хэвлэлийн хурлын үеэр Д.Дагвардоржоос тодруулга авахад "Зэв холбоонд капитан буюу ахмадаар ажиллаж, Монгол тамирчдаа дэмжих байдлаар оролцоно. Асаршёорюү нэрийг ашиглаж “Team Asashoryu” нэрээр оролцвол илүү хүртээлтэй, олон хүний сонирхлыг татах болов уу.
Энэ сарын 1-нд Японоос энэ тэмцээнд хоёр тамирчин оролцуулмаар байна гэсэн санал ирсэн. Монголын залуучуудаа тулааны урлагаар дамжуулан дэлхийд гаргана гэдэгт итгэж байна. Цус үзсэн тулаан биш хүнлэг, ёс зүй, Монгол хүний эрхэмлэх чанарыг гол зорилгоо болгоно. Тамирчдаа дэмжээд шилдгээ тодруулна. Монголчуудаа дээш нь гаргах, тив дэлхийд нэрийг нь цуурайтуулахыг хүсч байна” гэлээ.
64 кг жинд
- Ирээдүй ММА клубын дасгалжуулагч Д.Батгэрэл-Heroes клубын Н.Бат-Эрдэнэ
- Гаруда ММА клубын Б.Гантогтох -One team Г.Энхбаяр
67 кг жинд
- Ирвэс клубын Н.Отгонбаатар - Мандал Файтинг клубын Г.Мөнх-Од
- Бурхан халдун клубын А.Мөнхбаатар -Ихэр бээлий клубын Э.Батбаяр нар тулалдана.
Зургийг MPA.mn-ээс.











