Тамхи зөөвөрлөж явсан иргэн, Цагаатгалын албаны комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ
-О.ЛХАГВАЦЭРЭН НЬ ЭНЭ САРЫН 18-НЫ ӨДӨР ТУРК УЛС РУУ ГАРСАН БАЙЖЭЭ-
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр, Украины Закарпатск-д их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж явсан Монгол улсын дипломатчийг саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Энэхүү хэргийн талаар өнөөдөр Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд “Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээлэл тарсан. Өнөөдрийн байдлаар, Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яам, Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эндээс үзэхэд энэхүү хэргийг ГХЯ, эсхүл ДТГ-ын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй юм. Гадаад харилцааны яамны зүгээс, Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-аараа дамжуулан энэ асуудлыг тодруулах эхний арга хэмжээг аваад байна. Улмаар Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагвацэрэн гэх иргэн саатуулагдсан гэсэн эхний мэдээг утсаар авсан байна. Мэдээллийг шалгаж үзэхэд дээрх иргэн нь:
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014.01.30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна.
-Хил хамгаалах ерөнхий газраас лавлаж үзэхэд О.Лхагвацэрэн 2017.04.18-нд Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байна.




-Мөн Беларусийн дугаартай Бенц маркийн автомашин саатуулагдсан гэж интернэт мэдээнд нийтэлсэн байна. Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт СС6401-7 дугаартай хар хөх өнгийн суудлын БМВ машинтай. Иймд интернэтийн мэдээ ташаа байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Түүнчлэн ГХЯ болон ДТГ-ын хооронд дилломат ачаа илгээхдээ тэмдэг хэрэглэдэг. Энэ тэмдэг өөрчлөгдсөн, хуучин тэмдгийг хурааж авсан юм. Албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн эзэмшиж буй паспортын жагсаалтыг гаргаж ирүүлэх асуудлыг Засгийн газрын 2013 оны 320-р тогтоолоор баталсан журмын дагуу УИХТГ, ЕТГ, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймагт мэдэгдэж, хүчингүй болгох арга хэмжээг авсан. Цаашид дилпомат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд зарим нэмэлт оруулахаар ажиллаж байна. ГХЯ, ЭСЯ-нд дипломат паспортаа гадаадад яваагүй үедээ Элчин сайд, эсхүл ТЗУГ-таа хадгалуулдаг журамтай гэлээ.




