Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулсан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд явагдаж, улсын аваргуудаа тодруулжээ.
Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгожээ.
Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлжээ. Нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-д бичигджээ.
Мөн бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсэн байна. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.




