цагдаа
Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазултай сүүлийн үед хийгдсэн ажил болон хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцлсанаа хүргэж байна.
- Замын цагдаагийн газар нь “Замын цагдаагийн алба” гэсэн нэртэй боллоо. Одоо Замын цагдаагийн алба ямар бүтэц, зохион байгуулалттай байгаа вэ?
- 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын их хурлаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
2014 оноос мөрдөгдөж байсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж олон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдэж байсан боловч цаг үеийн шаардлагаар уг хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Ийнхүү ХЗДХЯ, ЦЕГ, Хууль зүйн байнгын хороо Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьснаар батлагдаж, одоо хэрэгжиж эхлээд байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын бүтцийг МУ-ын Засгийн газраас баталж өгсөн. Батлагдсан бүтцийн дагуу Цагдаагийн байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж одоо үйл ажиллагаа жигдрэн хэвийн явагдаж байна.
Уг хуулийн хүрээнд манай Замын цагдаагийн газар /хуучнаар/ нь “Замын цагдаагийн алба” гэдэг нэртэйгээр МУ-ын цагдаагийн байгууллагын төрөлжсөн нэг албаны хэмжээнд үйл ажиллагааг явуулахаар болсон. Замын цагдаагийн алба нь Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, автозам, замын барилга байгууламж бусад зам орчинд хяналт тавих гэсэн үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүтцийн өөрчлөлтөөр зөвхөн Замын цагдаа алба болоод зогсоогүй Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлын алба гэсэн 5 албадтайгаар Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
2014 оноос мөрдөгдөж байсан Цагдаагийн албаны тухай хуульд зөвхөн албаны бүтэц, зохион байгуулалтыг хуульчилж өгсөнөөс гадна алба хаагчдын эрх зүйн байдал, алба хаагчийн явуулах тодорхой ажиллагааг журмаар зохицуулах, мөн одоог хүртэл батлагдаагүй байгаа “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар зохицуулна гэж заасан учраас уг хууль хэрэгжихэд хүндрэлтэй, зарим талаар цагдаагийн алба хаагчид үйл ажиллагаа явуулахад хэцүү байсан. Харин шинэчилэн батлагдсан хуулиар Цагдаагийн алба нь Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж өгсөн. Мөн цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өгсөнөөрөө онцлогтой байгаа.
Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандах, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээх, эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өгсөн нь онцлогтой байгаа.
“Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь Цагдаагийн төв байгууллага, түүний харъяа албадууд, төв орон нутаг хариуцсан цагдаагийн байгууллагын нэгж, бүрэлдэхүүнээс бүрдэнэ” гэж уг хуулинд тусгаж өгсөн. Мөн 2014 оны Цагдаагийн албаны тухай хуулинд Цагдаагийн алба хаагчийн тангараг нь зөвхөн “Иргэндээ тангараглая” гэж өргөдөг байсныг “Улс, эх орон, ард иргэд, төрдөө тангараглая” гэж өөрчилсөн юм.
Өмнөх Цагдаагийн албаны тухай хуулинд Замын цагдаагийн газрыг татан буулгаж, үндсэндээ Нийтийн хэв журам хамгаалах газрын харъяа хэлтэс болгосон байсан. Гэтэл өдрөөс өдөрт хөгжиж байгаа нийгмийн хөгжил дэвшлийн хүрээгээр өнөөдөр гэхэд МУ-д 800,000 гаруй тээврийн хэрэгсэл, импортоор орж ирж байгаа бүртгэлгүй мотоциклууд, 1,300,000-1,400,000 жолооч байна. Авто зам нь тээврийн хэрэгслийн ачааллаа дийлэхгүй болсон, тоон үзүүлэлтүүд огцом өссөн, улсын болон орон нутгийн чанартай авто замууд хатуу хучилттай болсноор энэ чиглэлийн замд зам тээврийн осол, хэрэг гарах нь нэмэгдсэн ба үүнийг улсын хэмжээнд бодлого болгож зангидах, мэргэжлийн удирдлагаар хангах, эдгээрт хяналт тавих алба зайлшгүй хэрэгтэй болсон учраас өнөөдөр Замын цагдаагийн алба улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан бүтцийн хувьд Замын цагдаагийн алба нь дотроо 2 газар, 14 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэгдүгээрт “Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар”, энэ газрын харъяанд нийслэлийн 6 дүүргийн Замын цагдаагийн хэлтсүүд хамаарах юм.
Хоёрдугаарт “Гэмт хэрэгтэй тэмцэх газар”. Одоо тус газрын бүрэлдэхүүнд “Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэс”, “Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс” харъяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна. “Зам тээврийн гэмт хэргийг шалгах хэлтэс” нь дороо Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасагтайгаар бүтэц, зохион байгуулалт хийгдсэн.
Гуравдугаарт Урьдчилан сэргийлэх хэлтэс
Дөрөвдүгээрт Захиргаа удирдлагын хэлтэс, тус хэлтэс нь дороо “Үнэлгээ, хяналт шалгалт”-ын тасагтай болсон.
Тавдугаарт Хамгаалалтын хэлтэс, энэ нь төр засгийн өндөр хэмжээний айлчлал, гадаадын зочин төлөөлөгчдийн болон төрийн өндөрлөгүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа.
Зургаадугаарт Орон нутгийн хяналтын хэлтэс, энэ нь Улаанбаатар хотоос бусад 21 аймаг, алслагдсан дүүргүүдэд үйлдэгдэж буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.
Нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Замын цагдаагийн тасаг, хэсэг маань Орон нутгийн хяналтын хэлтэст харъяалагдан Замын цагдаагийн албаны дэд даргын шууд удирдлагад ажиллаж байгаа. Учир нь Улаанбаатар хотын нэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловч Улаанбаатар хотоос бусад аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрч байгаа, хатуу хучилттай автозамтай, зам тээврийн осол хэрэг гарах өндөр эрсдэлтэй замууд байгаа учраас энэ харъяалалд багтаж байгаа.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсон. Ямар, ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь шинэчлэн батлагдаж 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж өгсөн онцлогтой. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, хэрэг, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн тоо багассан үзүүлэлттэй байгаа.
Хамгийн энгийн жишээ гэхэд 2015 онд батлагдсан ЗХАБТХ хэрэгжиж эхлэхээс өмнө хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 120-170 орчим бүртгэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар дунджаар 30-50 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил бүртгэгддэг болсон. Тэгэхээр уг хуулийн маань ач холбогдол өндөр байгаа нь энэ тооноос харагдаж байна.
Нөгөө талаас хуулийн зүйл заалтуудыг хэрэглэхэд тодорхой хүндрэл учирсан. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэн хүлээлгэх нь тодорхойгүй байсан. Мөн уг зөрчилд торгох, баривчлах гэсэн захиргааны зөрчлийн 2 үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулахаар заасан байсан.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуульд баривчлах шийтгэлийг зөвхөн Шүүгч оногдуулна гэж заасан байдаг. Ингээд 2015 онд шинэчлэн батлагдсан ЗХАБТХуулийн өөрчлөлт бусад хуулиудтай нийцэж гараагүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хэн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүйгээс 5000 орчим хүнд хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа дууссан байсан.
Энэ асуудлыг ЗЦА, ХЗДХЯ, ЦЕГ хэлэлцээд УИХ-д өргөн барьснаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт өөрчлөлт орж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл оногдуулах”-аар хуульчилан өгч тухайн шийтгэлийг нь Шүүгч оногдуулахаар заасан.
- Зөрчил гаргагчид оногдуулах арга хэмжээ чангарснаар тодорхой төрлийн зөрчлүүд, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурлаа. Бусад төрлийн зөрчил мөн адил буурч байна. Замын цагдаагийн албанд авах арга хэмжээний талаар тодорхой төлөвлөгөө, норм гэж байдаг уу?
- Замын цагдаагийн албанд торгуулийн төлөвлөгөө гэж байхгүй. Энэ бол ард иргэдийн дунд явж байгаа буруу ойлголт юм. ЗХАБТХ нь 2015 оны 9-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын иргэн бүр уг хуулийг дагаж мөрдөх ёстой. Иргэд маань дурын цахим хуудас руу, тухайлбал legalinfo.mn сайт руу ороод ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрмийг уншиж танилцах боломжтой.
Хамгийн сүүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор оногдуулж байгаа торгуулийн хэмжээ мөн адил нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн тоо мөн буурч байгаа. Нөгөө талаас ард иргэдийн дунд замын цагдаа төсөв бүрдүүлэх эсвэл тодорхой норм, норматив биелүүлэх гэж торгодог гэж боддог. Энэ бол үгүй юм.
Мөрдөгдөж байгаа хуулинд хууль сануулах эсвэл хууль тайлбарлах гэсэн ойлголт байхгүй байгаа. Зөрчил гаргасан л бол хариуцлага хүлээлгэхээр хуулинд заасан нь цагдаагийн байгууллага хууль сахиулах, хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллагын хувьд зөрчил гаргагчид хариуцлага тооцож байна.
Бидний явуулж байгаа үйл ажиллагаанд холбогдох байгууллага, албан тушаалтан хяналт тавьж байдаг. Хуулинд заасан арга хэмжээг л авч байгаа. Гэхдээ бид энэ асуудлуудыг ХЗДХ, ЦЕГ-н удирдлагуудад танилцуулсан энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Учир нь ХЗДХЯ-аас энэ жил “Эрх зүйн туслалцааг иргэдэд ойртуулах жил” болгон зарласан. Мөн ЦЕГ-аас 2017 онд дэвшүүлсэн зорилтын нэгдүгээрт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэх” гэж тодорхойлсон.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зайлшгүй арга хэмжээ тооцохоос тухайлбал хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх зэргээс бусад төрлийн зарим зөрчилд хууль сануулах, тайлбарлах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Цагдаагийн алба хаагчдын өдөр тутам ажилдаа ашиглаж байгаа шалгах төхөөрөмж буюу police reader багажинд жолоочийн бүх мэдээлэл байгаа учраас энэ хууль, дүрмийн зүйл заалтыг сануулсан, тайлбарласан гэдгийг бүртгээд явуулж байхаар төлөвлөж байна. Энэ асуудал маань эцэслэж шийдэгдээгүй байгаа учраас ийм төрлийн зөрчлүүдэд хууль сануулна, тайлбарлана гэж одоогоор хэлэх боломжгүй байна.
Харин дараагийн удаа дахин тухайн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хуулинд заасан хариуцлага хүлээлгэх байдлаар ажиллъя гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Нөгөө талаас энэ ажил нь ард түмэн цагдаа хоёрыг холбох гүүр юм. Цагдаагийн алба хаагч тэр дундаа Замын цагдаагийн алба хаагч бол халуунд нь халж, хүйтэнд нь хөрж гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд хуулиндаа зөвхөн торгох заалттай байгаа учраас манай алба хаагчид торгууль оногдуулахад ард иргэдэд энэ нь төсвийн орлого бүрдүүлэх гээд байна, норм норматив биелүүлэх гээд байна гэх зэрэг буруу ойлголтыг өгөөд байгаа юм. Энэ нь цагдаагийн байгууллага, алба хаагчид иргэндээ хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээх хуулиар хүлээсэн үүргээ нэгдүгээрт биелүүлэх, хоёрдугаарт ард иргэд маань өөрсдөө замын хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад маань тусалдаг, дэмждэг, ойлгодог энэ хэлбэр рүү оруулах эхний алхам гэж үзэж байгаа.
- Ер нь энэ торгууль, хураамжаас төсөвт тодорхой тэдэн хувийг оруулна гэж яригддаг. Ийм асуудал байгаа юу?
- Энэ бол ерөөсөө улс даяар яригддаг асуудал. Мэдээж улсын төсвийн орлогыг олон эх үүсвэрээс бүрдүүлж байгаа. Үүний нэг хэсэг нь торгууль, шийтгэвэр юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд торгууль шийтгэвэрийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж заасан байдаг боловч нэг зохицуулагч алба хаагч, нэг алба, хэлтэс тэдий хэмжээний торгууль, шийтгэвэрийн орлого оруулах ёстой гэсэн заалт байхгүй. Ийм асуудал байж ч болохгүй юм. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцогч та өөрөө дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох юм бол танд ямар нэгэн торгууль ирэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нэгдсэн хяналт шалгалт, ялангуяа баяр ёслол, амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа боловч огт байхгүй болохгүй байгаа. Дээрээс нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд холбогдож байгаа нь цаанаа олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдахаар үндсэндээ “Зэвсэг бариад явж байгаа алуурчинтай адил” гэж үздэг.
Тиймээс манай алба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг хийхээс өөр аргагүй байдаг. Цаашдаа ч хийх болно. Зөвхөн баяр ёслолын үеэр ч гэлтгүй гэнэтийн болон байнгын шалгалтуудыг тогтмол хийж хяналт тавихыг бусад газар, хэлтсийн дарга, алба хаагчдад үүрэг болгож байгаа. Харин үүнийг нөгөө талаас нь мушгиж төсөв бүрдүүлж байна гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь цагдаагийн байгууллагаас явуулж байгаа хуулийн дагуух үйл ажиллагаа нь эргээд иргэн танд, таны гэр бүлд, монгол улсын иргэд рүү чиглэсэн үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд явуулж байгаа үйл ажиллагаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
- Зам тээврийн осолд холбогдсон үедээ хэргийн газрыг санаатай орхиж явах хэрэг сүүлийн үед бүртгэгдэх болж тэр хэмжээгээр алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлж байна.
- Сүүлийн үед хийгдэж байгаа криминологи судалгаагаар орон нутагт эзэнгүй зам тээврийн осол гарах нь харьцангуй бага байна. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгуудад шинжлэх ухаан, техникийн ололтуудыг замын хөдөлгөөний аюулгүй байлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд өргөн ашиглаж байна. Аймгууд маань харьцангуй төв гудамж, зам талбайгаа камержуулсан, гэрэлтүүлэгтэй болгосон. Ер нь дэлхий нийтээр гэмт хэрэгтэй тэмцдэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг хамгийн нийтлэг арга бол камержуулалт, дохиололын ажил гэж ярьдаг. 2017 он гарсаар МУ-н хэмжээнд хүний амь нас хохирсон эзэнгүй зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Цагаан сарын өдрүүдэд Хан-Уул, СХД, СБДүүргүүдэд гарсан хүний амь нас хохирсон эзэнгүй зам тээврийн хэргүүдийг бүгдийг нь манай алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн. Яг энэ чиглэлээр манай Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн тасаг ажиллаж байгаа.
- Осол хэргийн газрыг санаатай орхиж явсан гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийн хэмжээ ямар байдаг вэ?
Зам тээврийн осол бол болгоомжгүйгээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд зам тээврийн осол, хэргийн газрыг орхин явсан бол санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Гэтэл зам тээврийн осолд холбогдсоны дараа замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолоочийн үүргээ биелүүлээгүй буюу зохих байгууллагад мэдэгдээгүй, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, осол хэргийн газрыг орхин явсан бол хүндрүүлэх нөхцөл байдал буюу хохирлийн хэмжээ хамаарахгүйгээр үйлдэл нь өөрөө шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
- Замын хөдөлгөөний дүрэм хэзээ шинэчлэн батлагдах вэ? Замын хөдөлгөөний дүрэмд ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 онд батлагдан гарсан цагаасаа хойш 92 жилийн хугацаанд 10 гаруй удаа өөрчлөлт орсон. Сүүлийн 10 гаруй жил замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт ороогүй. Бид дандаа ололттой юмаа ярихаас гадна дутагдалтай зүйлээ ярих ёстой. Бид 1-р эгнээ, уулзвар хоорондын шар тусгаарлах зурвас зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ замын хөдөлгөөний дүрэмтэйгээ нийцүүлж хийсэн боловч зарим нэг зүйл заалтанд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай харагдаж байгаа. Хяналтын камераар илэрсэн зөрчилд торгууль оногдуулах талаар мөн дүрэмдээ тусгаж өгөх шаардлагатай байгаа. Ер нь дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Манай Монгол улс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ-ийн болон бусад олон конвенцид нэгдсэн, тэдгээртэй нийцүүлж замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөх шаардлага гарсан. Бид замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөх ажлын хэсгийг гарган ХЗДХЯ, ЦЕГ-т хандан одоо Засгийн газарт шинэчилсэн дүрмээ өргөн барьсан байна. Энэ дүрэм маань өөрчлөгдөөд гараад ирэх юм бол өнөөдрийн бид нарын зарим нэг ойлгогдохгүй байгаа асуудлууд дүрмээрээ зохицуулагдаад тодорхой болох боломжтой байгаа.
- Манай ард иргэд ч их ярьдаг. Замын цагдаа нар замын голд их хордож байна. Өвөл нь утаа бусад улиралд нь тоос шороо гээд. Замын цагдаагийн алба хаагчдыг хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг байсан. Одоо яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ?
- Хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулах ажлыг бид судалж байгаа. Замын цагдаагийн алба хаагчид бүгд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран тодорхой ачаалал ихтэй уулзвар, гарц цэгүүдэд ажиллаж байгаа алба хаагчиддаа сорил хийлгэсэн. Бид нарт хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалаад яг ямар бодис, металл нь манай алба хаагч нарт нөлөөлөөд байна вэ гэдэг дээр нарийн судалгаа гаргах шаардлагатай болсон. Гэхдээ бидэнд хийгд




