Монголын түүх номын нээлт боллоо
Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргасан “Монгол Улсын Түүх” номыг танилцуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
Монгол Улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан сурах бичгийг шинэчлэн бичжээ.
МУИС-ын захирал Я.Төмөрбаатар нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “2016 оноос манай сургууль олон улсын жишигт нийцсэн сурах бичиг, сургалтаар Монгол Улсдаа хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд бизнес, илтгэх урлаг, математик, физик, газар зүй, хэл шинжлэл, уран зохиол зэрэг нийт 15 сурах бичгийг эрхлэн гаргаад байна. Өнөөдөр мөн Монгол Улсын Түүх сурах бичиг хэвлэгдэн гарч байгааг танилцуулж байна.
Энэ сурах бичгийн хувьд хэд хэдэн онцлог шинэлэг талууд байгаа. Монголын түүх бол жилд 5,000 орчим оюутан үзэж, судалдаг чухал хичээл. Тиймээс оюутан төвтэй сургалт явуулахад чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.
Цаашлаад Монгол Улсын бусад их, дээд сургуулийн олон мянган оюутан, ард иргэд өргөнөөр ашиглах бүрэн боломжой. Форматын хувьд шинэлэг, үнэхээр олон улсын сурах бичгийн жишигт нийцүүлж бичсэн, Монголын түүхийн анхны сурах бичиг болсон гэж дүгнэж байна” гэлээ.
Монгол Улсын Түүх сурах бичгийг, Монголын түүхийг он цагийн дарааллаар бус үндсэн асуудалд төвлөрүүлэн судалж, бичигдсэн, Өмнөх сурах бичгүүдтэй харьцуулахад үг хэллэгийн хувьд энгийн, ойлгомжтой, шинэ өнгө төрхтэй, оюутан уншигчдад сонирхолтой хэлбэр бүтэцтэй, Үндсэн түүх бичлэгээс гадна газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, нэрийн хэлхээстэй хослуулсан, Монгол Улсын түүхийн суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон, Оюунтнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн оруулснаараа онцлог давуу талтай гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа ажээ.









