"Минжтэй танилцъя" өдөрлөгийг зохион байгуулж байна
БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Минж нутагшуулах, үржүүлэх нэгж хамтран "Минжтэй танилцъя" өдөрлөгийг зохион байгуулж байна.
Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.
Голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг энэ амьтан нь Монгол Улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр бүртгэгдээд байгаа. Байгаль эко системийн аврагч гэж нэрлэгддэг минж одоогоос 15 сая жилийн өмнө үүссэн түүхтэй. Иймд Евроазийн минжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд таниулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж.
Минж нь хавар 3-4 сард нийллэг болж, 6-7 сард дунджаар 2-3 төл гаргадаг байна. Минжний төл нь эхээс төрөхдөө 3-5 кг жинтэй байдаг. Минжний эмийг минжүүхэй, эрийг борхин, төлийг нь дүдэр гэж нэрлэдэг аж. Усан дотор 15-20 минут амьсгал авалгүй гүнд нь сэлж чаддаг.
Дулааны улиралд ногоон ургамлаар, хүйтний улиралд бургас, улиас зэрлэг модлог ургамлын хальсаар хооллодог амьтан юм. Байгаль дээр дунджаар 8 орчим жил наслах боловч зарим нь 15-20 наслах тохиолдол байдаг байна.
Өнөөдрийн "Минжтэй танилцъя" өдөрлөг нь Баянзүрх дүүргийн Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүд, Амгалан цогцолбор сургуулийн хүүхдүүд болон бусад иргэдэд нээлттэй явагдаж мэдлэг, мэдээлэл өглөө.
Гэрэл зургийн мра.mn-ээс

















