Монголбанкны уралдаанд ЕБС-ийн сурагч шалгарчээ

Монголбанкнаас зохион байгуулсан “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарсан байна. “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эсээ бичлэгийн уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 13-ныг хүртэл зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авч 12 үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулжээ.
Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс эхний байранд Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат, хоёрдугаар байрт МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан З.Баасандорж, гуравдугаар байрт ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай шалгарсан байна.
Тус уралдаанд эхний байруудыг эзэлсэн эсээг уншигчдадаа сонирхуулъя.
Б.Ганбат /Сурагч/
Монгол Улс зөв хөгжиж, одоогийнхоосоо илүү сайхан хөгжилд хүрэх ёстой гэж би бодож байна. Би “Зөв бас сайхан” гэснээс биш “Өндөр эсвэл эрчимтэй” хөгжил ярихгүй байгаа юм шүү. Нэг талаас зөв, эрүүл нөгөө талаас өндөр, эрчимтэй хөгжлүүдийн ялгаа юм. Яагаад нэгийг нь хүсч нөгөөг нь хүсэмгүй байгаагаа өөрийн бодлоор тайлбарлахаасаа өмнө өнөөдөр Монгол Улс ямар байдалд, ямар хөгжлийн түвшинд байгааг мөн л өөрийн бодлоор дүгнэе.
Өнөөдөр манай ангид англи хэлний хичээл орсон. Англи хэлний, математикийн, газарзүйн хичээл орохоор би өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг. Ингэж бичсэнийг минь уншаад Та намайг “муу сурдаг товарищ байна даа” гэж бодож байна уу? Яаран бүү дүгнэлт хийгээрэй. Би ямар ч гэсэн аймгийн математикийн олимпиадын хошой алтан медальтай, гоц гойд биш ч муу эсвэл дунд сурдаг хүүхэд биш шүү.
Ярьж байснаа үргэлжлүүлье. Яагаад тэдгээр хичээл орохоор миний урам хугардаг вэ гэхээр анги дүүрэн хүмүүс зүгээр л цаг нөхцөөдөг учраас. Би энэ суманд, сургуульд шилжиж ирээд удаагүй байгаа юм л даа. Гэтэл эндхийн багш нь ч тэр сурагчид нь ч тэр ямар ч хичээл заах, сурах сонирхолгүй. Багш нь цаг нөхцөөх гэж тестний номон дээрээс хэдэн тест хийхийг зөвлөдөг, сурагчид нь цаг нөхцөөх гэж хийж байгаа дүр үзүүлэн ямар нэгэн аргаар өөр анхаарах зүйл олсон байдаг. Ингээд 40 минутын хичээл дуусахад ямар ч үр дүн байхгүй.
Та намайг “Өөрийнхөө сурлагыг муудах вий л гэж хямраад байгаа юм байна” гэж бодож байж магадгүй юм. Гэхдээ бас л үгүй. Энэ байдалд хямраад байгаа учир нь би Монгол Улс хөгжих, бидэнд гэрэлт ирээдүйг бий болгоход хамгийн чухал нь иргэд бидний өөрсдийн хичээл зүтгэл, өөр өөрсдийнхөө өмнөх ажлыг чанартай сайн хийж, өөр өөрсдийнхөөрөө үр дүнтэй байх гэж боддогт л байгаа юм.
Гэтэл манай сургуульд л гэхэд өөрийнхөө үүргийг ухамсарлахгүй байгаа хүмүүс хүүхдүүд өч төчнөөрөө байхад би маргаашийн ирээдүйнхээ төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө хямрахгүй байж чадна гэж үү!
Бас нэг зүйл байна. Би дээр энэ суманд шилжиж ирсэн гэж бичсэнийг Та анзаарсан байх. Тэгвэл урьд нь байсан газраа өөрийнхөө хэмжээнд амжилттай сурч байсан би яагаад шилжих болсноо хэлье. “Манай аймгийнхан арай дэндүү намсаг, нэг нам гараад л өчнөөн хүн ажилгүй болж, төчнөөн хүн шинээр ажилд орно. Ингэж байхад яаж ажил явах юм бэ” гээд л томчууд ярьж байхыг олонтоо сонсож байлаа.
Нөгөө өөрчлөлт шинэчлэлт хийдэг жил нь энэ жил байж л дээ. Аав маань нам бус болохоор хэзээд буурдаг ч үгүй, дэвшдэг ч үгүй ажлаа хийсэн болоод л байдаг юм. Гэтэл олон хавар нэгэндээ гэгчээр энэ жил аавын ажилладаг байгууллагын дарга нь өөрчлөгдөөд аавын маань мэдлэг мэргэжил тэнцэхгүй байна гээд халчихдаг юм байна. Ингээд л ажил хайж байгаад энэ суманд ажил олдоод, “сумандаа сайхан амьдаръя” гээд бид гурав энд ирсэн дээ.
Би юу хэлэх гээд долоон булчирхайгаа тоочоод байна вэ гэхээр улс орон минь хөгжихөд хэн хэнээс илүүтэй иргэдийн оролцоо чухал. Иргэд бид яаж оролцох вэ гэхээр өөр өөрийнхөө хийж чаддаг зүйлийг бусдад хийж байгаа гэж бодож биш, цаг нөхцөөж байгаад цалингаа авна гэж бодож биш өөрийнхөө болон үр хүүхдийнхээ маргаашийн төлөө гэж чанартай, шударга хийхэд л болж байгаа юм шүү дээ.
За одоо, өөрийнхөө мөрөөдөөд байгаа зөв бас сайхан хөгжлийн талаар бичье. Яагаад өндөр бас эрчимтэй хөгжил биш гэж? Уг нь өндөр хөгжил, эрчимтэй хөгжил гэдэг үг нь өөрөө тийм дургуй хүрэм үг биш л дээ. Ганцхан, Монголчууд бид тэр өндөр хөгжилд хүрэх гэж улайран мацаж байгаа нь уулын орой дээр гарах хүсэл байв ч яаж гарахаа мэдэхгүй төөрөгдөж явсаар тамираа барж байгаа туяхан янзага шиг, эрчимтэй хурдан хөгжиж байгаа нь гэж хөгжингүй орны санаачилсныг хэрэгжүүлж, улсаа хөгжүүлсэн гадаадуудын бүтээсэн зүйлийг хэрэглэн тансаглаж өөрсдөө сэтгэхгүй, санаачлахгүй, хийж бүтээхгүй байгаа нь бусдын хийж өгснийг сорчилж идэж өмссөөр байгаад өөрөө ч хийж чадахгүй, хэр баргийн зүйл санаанд нь нийцдэггүй болчихсон хоосон ихэмсэг ямбатнуудын үлгэрийг санагдуулаад байгаад л учир байгаа юм.
Ийм л учраас миний хувьд өндөр, эрчимтэй хөгжил гэдэг үгнээс бага зэрэг жийрхээд өөрсдөө сэтгэдэг, санаачилдаг, хийж бүтээдэг, хийж бүтээснээрээ амьдарч чаддаг тийм зөв хөгжлийг хүсч, хожим нь “хэлж, зорьж” хэлснээ хийж зорьсондоо хүрч чаддаг, Монголчууд биднийх л байх тийм сайхан хөгжлийг мөрөөдөөд байгаа юм шүү дээ.
Удаан байж болно, хамгийн гол нь зөвөөр л хөгжицгөөе. Ингэхдээ иргэн бүр өөрсдийнхөө өмнөх ажлаа чанартай, шударга хийе. Та бусдын хийхийг зүгээр харж суугаад цаг нөгцөөвөл бидний хөгжил удааширна. Та хийх ажлаа буруугаар, шударга бусаар, аль нэг нам, бүлэг, танил тал амин хувийг харж хийвэл бидний хөгжил буруутна. Учир нь бидний нэг үйлдэл араасаа яг тийм л үйлдлийг дагуулж байдаг. Эцэстээ тэдгээр үйлдлүүд нь нийлж улсын хөгжил болдог. Яг л нэг нь нөгөөгөөгийнхөө эргэсэн зүгээс хамааран тасралтгүй үргэлжлэн эргэлдэх араанууд мэт.
Хоёрдугаар байр: З.Баасандорж (МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн хөтөлбөрийн IV түвшний оюутан)
Нэрт хөгжлийн эдийн засагч Майкл Тодаро эдийн засгийн хөгжлийг тодорхойлохын тулд бүх нийтээрээ санал нэгдэж болох гурван үнэт зүйлийг томъёолжээ. Үүний нэгдүгээрт, амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадах байдал орно. Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр Монголд ядуурлын түвшин 21.4%-тай байна гэжээ.
Эдийн засагчид дискаунтын түвшнээр хүмүүсийн цаг хугацаа хоорондын сонголтын таашаалыг илэрхийлдэг. Дискаунтын түвшнээр тухайн хүн ирээдүйтэй харьцуулахад одоог хэр ихээр үнэлж байгааг илтгэнэ. Гэдэс ходоод нь өлсөж, даарч ядарсан, ажилгүй хүний дискаунтын түвшин асар өндөр байх бөгөөд тэр хүн маргаашгүй юм шиг л амьдарна. Тэр хүн хулгай хийж болно. Тэр хүн гэртээ дугуйны хаммер шатааж дулаацаж болно. Тэр хүний үйлдлүүд бусдад сөрөг дам нөлөө үзүүлж асуудал дээр асуудал нэмсээр байх болно. Хүн болгон л мөрөөддөг. Гэвч ядуу хүн мөрөөдөхөөс ч залхсан байна. Зарим хүмүүс мөрөөдлөө биелүүлэхийн тулд зорилго тавьж амьдарч байна гэдэг бол ядуу хүнд зорилго, мөрөөдлийн аль нь ч байхгүй учраас амьдрахын төлөө л амьдарна. Гэхдээ амьдрахынхаа төлөө юу ч хийнэ.
Ахин нэг жишээ болгож ядуурлын шугамны дээхнээс, арай бага дискаунтын түвшинтэй хүнийг авч үзвэл тэр хүний нүдэнд өнөөдрөөс гадна маргааш харагдах ч өөрөөс нь өөр хүн харагдахгүй хэвээр л байна. Тэр хүн хулгай хийж, хаммер шатаахгүй ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй, маргаашнаас цаашийн хэрэглээндээ зориулж мөнгө гаргаж хадгалж чадахгүй. Монголын хүн амын орлогоороо хамгийн доороосоо 21.4%-иас дээшээ хөдөлж явахад дүр зураг ийм. Дундаж өрхийг авч үзье. Тэд орон гэртэй, ажил төрөлтэй, идэх хоолтой ч цалингаас цалин, төлбөрөөс төлбөрийн хооронд амьдарна. Олон жилийн турш яг энэ чигээрээ явж ирсэн учир бухимдал аль хэдийн хуримтлагджээ. Тэдэнд өдөр тутмын ажил, амьдралаа амжуулах гэж явах замдаа таардаг хүнд суртал өдрөөс өдөрт ихэссээр байна. Монголын хүн амын дийлэнх олонхоор нь аялж үзэхэд ийм дүр зураг ажиглагдаж байна. Үүнээс дээшээ авирахад амьдрал ямар байдгийг би сайн мэдэхгүй учраас бичсэнгүй.
Ерөнхий дүр зургаар нь авч үзье. Монгол хэр цөхрөнгүй вэ? Дээрх жишээнүүдээс харахад дискаунтын түвшин нь нэг ёсондоо цөхрөлийн түвшинг илтгэж байна шүү дээ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны жилийн хүү хэд билээ? Хамгийн сүүлд 2 сарын 8-нд л гэхэд хоёр жилийн хугацаатай Засгийн газрын бондод жилийн бүхэл бүтэн 18%-ийн хүү амлаж байж арай ядан зарахаар зарласан хэмжээнийхээ талыг нь борлуулжээ. Дайн дажинтай байгаа орнуудад л ийм өндөр хүүгээр засгийн газар нь мөнгө зээлж байгаа.
Тодарогийн хоёр дахь хөгжлийн үнэт зүйл бол хүний эрхэм чанар, өөрөөрөө болон өөрийн тодорхойлолтоороо бахархах явдал юм. Хөгжил нь маш урт хугацааны, үе дамжсан процесс тул өнөөдрийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Тэдний ихэнх нь ямарваа нэг өндөр хөгжилтэй орныг шүтсэн, тэнд сурч амьдрахыг мөрөөддөг, Монголыг ирээдүйгүй гэдэгт бат итгэсэн, үхэр Монгол гэж ярих дуртай байна. Надад Монголын нийгмийн улиг болтол нь ярьсан асуудлуудыг ярьж муулах найз олон ч асуудлыг шийдэх шийдлийн тухай, улс төрийн шийдвэр гаргалтын тухай ул суурьтай ярих найз олдохгүй.
Монголчууд бид хэцүүхэн хүмүүс. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өөрсдийн түүхэн, хүн ам зүйн болон соёлын онцлогуудыг авч үзвэл өнөөдрийн нийгмийн аж байдал тийм ч гайхаж бухимдахаар хэрэг биш юм. Бид маш цөөхүүлээ, мөн саяхныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгэмд амьдарч байсан шилжилтийн эдийн засагтай орон. Улс төрд иргэдийг төлөөлөх төлөөллийн чанар, авилгал, хээл хахууль, танил талын асуудал ийм нөхцөлд урган гарах нь зайлшгүй. Ямар нэг асуудал гарахад тухайн асуудлын үндэс шалтгааныг бид Монголчууд болохоороо л ингэж байгаа юм гэж хардаг хандлага хэт дэлгэрч тэр нь шинэ залуу үе, хүүхдүүдэд халдаж Монголоос оюуны болон залуучуудын гадагшлах урсгалыг өдөөгөөд байна. Бидний Монголоо харьцуулж гутрахдаа ашигладаг өндөр хөгжилтэй орнуудад ч хүчирхэг институциуд нь хөгжихөөс өмнө манайхтай төстэй нийгмийн асуудлууд олонтой байдаг байсан, одоо ч байгаа. Тиймээс хөгжихийн тулд бид бүхэнд нийтлэг байх ёстой нэгэн үнэт зүйл нь өөрийгөө Монгол хүн, би л Монголоо гэхгүй юм бол өөр хэн ч Монголыг гэхгүй гэдгийг санах явдал. Монголчууд бид өмнө нь маш хүчирхэг нийгмийн капиталтай байсан (хүний ачийг хариулах, нэг нэгэндээ туслах, хүн хоорондын итгэлцэл...). Хэрэв илүү олон Монголчууд түрүүн бичсэн үнэт зүйлийг санаж явдаг бол Монголын нийгмийн капитал эргэн босох найдвартай.
Тодарогийн гурав дахь үнэт зүйл нь боолчлолоос чөлөөлөгдөх буюу сонгох эрх чөлөө. Энд боолчлол гэдэгт мөлжлөгийн шинж чанартай албан хөдөлмөр, бүр түүнчлэн хүсээгүй зүйлийг нь хийхийг шаардаж байгаа нийгмээс тулгаж буй, хэнд ч хэрэггүй ч оршин тогтносоор байдаг институциүд орно. Хүнд сонгох сонголтыг нь боломжтой нь хамт өгөхөд ямар их баялаг, бүтээн байгуулалтыг босгож болох вэ, бид мэднэ. Нийгэмд тогтсон институцийн хүрээнд ашиг хонжоо олох арга, боломж гарч ирэхэд тэр бяцхан зах зээл ямар хурдан дүүрдэг болохыг манай дундаж өрхийн өдөр тутамдаа тааралддаг төрийн албын хүнд суртал, хээл хахуулиар жишээ болгож бичиж болж байна. Тухайн төрийн албан хаагчдад болон нийгэмд төрийн албан хаагчийн ёс зүйн албан институци биш “Хахууль бол амьдралын нэг үнэн.” гэдэг албан бус “институци” илүү хүчтэй нөлөөтэй учир, хахуулийн гэмт хэрэгт хариуцлага тооцож шийтгэх механизм бодит биш, харин хахуулийн ашиг хонжоо маш бодит учир, тэдэнд бизнес эрхлэнэ гэдэг маш өндөр эрсдэл, тодорхой бус байдал болон ахин хээл хахууль, хүнд суртлыг дагуулдаг гэдгийг мэддэг учир түрүүн бичсэнчлэн хахууль бол амьдралын нэг үнэн болоод байна. Гэвч ийм “муу” биш, “сайн” сонголтыг хийхэд хөшүүрэг болох институцийг бүрдүүлэх боломж бий юу? Бид ямар нэгэн тоталитар дэглэмтэй орон биш, ардчилсан орон. Бидний зах зээл жижигхэн ч ашиглаж амжилтанд хүрч болох бизнес санаа түм буман, нөхөх шаардлагатай зах зээлийн орон зай их.
Энд би Монголчууд бидэнд зайлшгүй байх ёстой гурав дахь үнэт зүйлийг тодорхойлъё. Энэ нь “Бид сонгох эрхтэй.” гэдгээ ухамсарлах явдал. Нэгэнт бид нар л Монголчууд учир өөрсдийгөө буруутгаж, харааж зүхээд хаа ч холдохгүй. Бид асуудал гарч ирэхэд нэг, нэгнийгээ буруутгахыг биш хамтдаа асуудлын шийдлийг олохыг эрмэлзэхийг сонгох хэрэгтэй. Дор бүрнээ шударгаар хөдөлмөрлөж, боловсролоо дээшлүүлэхийг сонгох хэрэгтэй. Улс төрийн шийдвэр гаргалтанд шууд болон шууд бусаар идэвхтэйгээр оролцохыг сонгох хэрэгтэй. Бид хойч үе маань ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэдэг, ямар амьдралын хэв маягтай хүмүүс болохыг бид мэдэхгүй. Бид буруу шийдвэр гаргаж алдаж болно. Гэхдээ алдах дээрээ тулбал ирээдүй хойч үедээ аль болох олон сонголтыг үлдээх алдааг гаргах хэрэгтэй. Учир нь хөгжил гэдэг нь мөн чанартаа сонголтын эрх чөлөө юм.
Гуравдугаар байр: Б.Мөнхдалай (ХБНГУ, оюутан)
Make Mongolia great again...
Бид дэлхийд нүүдэлчид гэдгээрээ танил мөртлөө, өдөр өдрөөр барууны суурин соёлд татагдаж яваа ард түмэн. Үүнийг Улаанбаатар хотын хэв маягаас өнөөдөр бүгд харж болохоор болсон. Хөдөө орон нутгаас Улаанбаатар луу нүүж, хөл холхисон их хотод тохилог тухлаг байранд, Iphone утас хэрэглэн амьдрахыг илүүд үзэж буй залуу малчдын цуваа жилээс жилд нэмэгдсээр байна. Хотын ачааллаа даах чадвараас хэтэрсэн оршин суугчдаас харахад Монголчууд дийлэнх нь АНУ, Англи, Герман шиг болохыг хүсэмжилж буй нь илэрхийлэгдэнэ.
Монгол улсын хүрэх хөгжлийн түвшин нь монгол хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Сардаа хангалттай хүрэлцдэг мөнгөн орлоготой, улиралд нэг гадаадад аялаж амардаг, дансандаа бага зэргийн хуримтлалтай, барууны өндөр хөгжилтэй орнуудад бол дундаж давхарга, манайд бол дундаас дээш давхаргын энэ хүмүүсийн тоог олшруулах нь Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин юм. Энэ л хөгжлийн бодит, харагдах үзэгдэх шалгуур билээ.
За одоо дараагийн асуудал. Иргэн хүний оролцоо? Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) болж, тэнд яригдаж байгаа сэдэв, манайд яригдаж байгаа сэдэв хоорондоо их зайтай байгаа нь бидний хөгжил доогуур яваа нь харагдаж байна. Хүний хөгжлийн индексээр бид 180 гаруй орноос 90-д явдаг. Энэ 90 бол их хойгуур тоо юм. ДЭЗФ-д 4 дүгээр аж үйлдвэрийн хувьсгал, хиймэл оюун ухаан програмчлал, нар салхи биомасс энерги яригдаж байхад манайд нүүрс, 5 дугаар цахилгаан станц яригдах жишээтэй. Монгол ТВ “Ардын буйдан” нэвтрүүлгийн нэг дугаарт, 45 орчим насны эмэгтэй: “Мундаг мундаг хүмүүс нь Монголыг хөгжүүлэхгүй юм, 3-хан сая хүнийг тэжээчих тийм хэцүү л юм байхдаа” гэж билээ... Бид өөрсдийгөө тэжээвэр амьтад гээд л хэлчихлээ ш дээ. 76 гишүүн, 19 сайд, 1 ерөнхийлөгч нар Монгол улсыг хөгжүүлэхгүй шүү дээ. Бид 3 сая ард түмэн л гагцхүү хөгжүүлнэ, өөр хэн ч биш! Өнөөгийн нийгэм бид бүгдэд хийж бүтээх бүх боломжийг харамгүй өгдөг. Facebook, Instagram-ыг програм хангамжийн бакалавр зэрэгтэй байхад л кодыг нь биччихэж болно. Бусдаас урьдаж түрүүлж сэтгэх, томоор сэтгэхийг Mark Zuckerberg л хийж 53.6 тэрбум долларын эзэн болсон билээ. Энэ бүх боломж ч та бидэнд бүгдэд байгаа. Нэгэнт л барууны соёл, иргэншилд татагдан орсных сэтгэлгээгээ ч гэсэн, хандлагаа ч гэсэн тэднийхтэй уялдуулан “би чадна, би болгоно” гэдэгтээ иргэн бүр бүрэн итгэх ёстой.
Биднийг нэг зүг рүү хандуулах, чиглүүлэх нэгдсэн зорилго алга. Хятад улс гэхэд хүн бүр нь 2020 он гэхэд АНУ-ыг гүйцэх эдийн засагтай болно гэсэн зорилгыг тээж явахад, Казакстан улсын уул уурхайн бодлогын газрынхан гэхэд 2020 гэхэд Австралиас олон тооны орд газрыг эргэлтэд оруулахаар зорьж ажиллаж байхад манайд тийм зүйл алга. Нэг иргэнийг гудамжинд зогсоогоод асуухад хариулах хүн ховор тохионо. Монгол улсын зорилго юу байна гэдгийг интернетээс хайхад МУ-н тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн нэртэй агентлаг, яам, газруудад зориулсан бичиг баримтаас өөр юм алга. Иргэн бүрийг идэвхжүүлсэн, сэргээсэн, өдөөж өгсөн, чиглүүлж өгсөн нэгдсэн нэг зорилготой болох юм бол бид 3 саяулаа уулын өөд түргэн явж чадна. Make Mongolia great again...
Хүлцэнгүйдэл... Гоншигонодоггүй ард түмэн, тэмцдэггүй ард түмэн, илүү зүйл хүсдэггүй ард түмэн...
Утаа энэ жил л гараад ирж байгаа юм биш л дээ, гэтэл энэ жил л хүмүүс нэгдэн тэмцэж дуу хоолойгоо өргөн бүх хүмүүсийн анхаарлыг хандуулж чадлаа. Өмнө нь байсан өчнөөн олон жилд хийгдээгүй тэмцэл байв. Энэ олон жил яагаад чимээгүй байцгаасан юм бэ бид? Үүнээс харахад Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэн гуайн: “Миний Монголын ард түмэн чинь нэг их юм нэхдэггүй ард түмэн ш дээ, нэг цэцэрлэг, нэг сургууль, нэг эмнэлэг байхад болдог” гэж хэлж байсан ямар үнэн үг вэ гэдгийг нотлох мэт.
Таньдаг ахын маань жишээг энд дурдья л даа. Германд амьдардаг Анхаа гээд нэг ах маань сургуулиа төгсөөд мэргэжлээрээ тэндээ нэг ажилд оров гэнэ. Нэг Герман залуу бас хамт нэг албан тушаалд орж таарав гэнэ. Хоёулангийнх нь өрөө нар тусдаггүй, умгар, тавилга гээд байх юм ширээ сандал, шүүгээ, компьютерээс өөр зүйлгүй байв. Анхаа ах маань ч бодож гэнэ: “За яахав яахав, дулаан хувцаслаад, гэрээсээ ус буцалгагч авч ирж тавья”. Харин нөгөөх Герман залуу өдөр өдрөөр илүү шаардлага дарга нарт нэг нэгээр нь тавьсаар сар хүрэхгүй хугацаанд наран талдаа цонхтой өрөөнд нүүж орж, шинэ сандал авахуулж, бүр өрөөний кактус тэргүүтэй цэцэгнүүдтэй хүртэл болсон байв гэнэ. Анхаа ах маань дарга нарын асуултад “бүх юм зүгээр” гэсээр ажилласаар... Энэ мэт жишээнээс харахад бидэнд тавьдаг шаардлага гэж алга. Хүн бүр нөгөөдөө гоншигоносны хүчинд л өнөөдрийн Бенз машиныг германчууд чанарын өндөр түвшинд үйлдвэрлээд сурчихаж. Германчууд шиг гэнэт бүгдээрээ тийм больё гэхгүй ч гэсэн юманд ханддаг хандлага, шаардлагаа хотол олноороо дээшлүүлье. Ингээд бодохоор ерөөс бүгдээр гоншигонож байж л хөрш залуугийн чанга хөгжмийг сулруулна, ерөөс бүгдээр гоншигонож байж ажилчдын цайны газрын хуушуурны махыг их хийлгүүлнэ, ерөөс бүгдээр гоншигонож байж оройтож ирдэг шинжилгээний эмчийг эрт босгоно, ерөөс бүгдээр гоншигонож байж улаан гэрлээр гүйж гардаг соёлгүй хотын иргэнийг засна, ерөөс бүгдээр гоншигонож байж тухгүй ажлын сандлаа солиулна, ерөөс бүгдээр гоншигонож байж удаан хүлээлгэдэг найзаа цаг баригч болгоно, ерөөс бүгдээр гоншигонож байж байнга доголддог интернетээ сайжруулуулна, ерөөс бүгдээр гоншигонож байж хятадаас орж ирдэг электрон барааны чанарыг сайжруулуулна, ерөөс бүгдээр гоншигонож байж авлига авдаг даргыгаа айлгана, ерөөс бүгдээр гоншигонож байгаад л улс орно




