“Цахилгааны хөнгөлөлтийг 10 хоног сунгасан”
Засгийн газар тогтоол гаргаж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр болсон билээ. Энэ шийдвэрийн хэрэгжилт, явц байдлын талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.
-Энэ оны эхнээс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөн. Энэхүү хөнгөлөлтөд нийт хэдэн айл өрх хамрагдаж байна вэ?
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 суманд цахилгаан эрчим хүчний борлуулалт хийдэг. 2016 онд 350 мянга орчим хэрэглэгчид цахилгаан түгээсэн. Оны эхнээс 110 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд эдэлж байсан. Ингээд Эрчим хүчний зохицуулах хорооноос 27 мянган айл өрхийг нэмэх тухай шийдвэр гаргаж, яг одоогийн байдлаар 137 мянган өрхийг хөнгөлөлтөд хамруулж байна. Харин Төв аймаг, Налайх, Багахангай дүүргийн 30 гаруй мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдаагүй.
-Цахилгааны хөнгөлөлтөд нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Засгийн газрын 214 дүгээр тогтоол батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шөнийн тарифыг хөнгөлөх юм. Нэг, хоёрдугаар сарын байдлаар цахилгааны хөнгөлөлтөд 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан.
-Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байсан айлууд дээр 27 мянган өрх нэмсэн гэлээ. Яагаад тэдгээр өрхийг нэмэхээр болсон юм бол?
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд есөн хорооны 27 мянган айл өрх хамаарахгүй байсан юм. Гэтэл эдгээр өрхийг нэмэх шийдвэр гараад, шөнийн тарифыг нөхөн хөнгөлж байгаа юм.
-Цахилгааны тарифыг хөнгөлөөд ирэхээр айл өрхийн цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Гэтэл цахилгаан станц ачааллаа дийлэх эсэх нь эргэлзээтэй байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд цахилгааны шөнийн хэрэглээ дунджаар 17 хувиар нэмэгдсэн. Шугам, трансформатор хэт ачаалсан тохиолдол бий. Тиймээс 90 трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлж, фазын тэнцүүлгийг шугам дээр хийсэн. Мөн гэр хорооллын 4 км урт бүрээстэй утсыг сольсон. Нөгөө талаар гэр хорооллын хэрэглэгчид очиж байгаа шугам сүлжээний даацыг тохируулсан байдаг. Тэгэхээр хэрэглэгч цахилгааны хүчин чадалдаа тохируулж хэрэглэнэ. Гэхдээ одоо авч байгаа цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавьж болно. Тэр тохиолдолд манай компани техникийн нөхцлийг тодорхойлж, зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг.
-Халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн тоог гаргах боломж байдаг уу?
-Бид айл болгонд ороод шалны халаалт хэрэглэж байна уу, цахилгаан халаагуур хэрэглэж байна уу гэдэг нарийн тоог гаргах боломжгүй. Харин хэрэглээний гүйцэтгэлээс харж баримжаалдаг. Шөнийн тарифаа хөнгөлүүлж байгаа айл өрхийн 30 орчим хувь нь халаагуур хэрэглэж байна гэх таамаглал бий.
-Манай NEWS агентлаг нэгэн хэрэглэгч хандаж, “Цахилгааны төлбөрөө тушаах гэхээр шөнийн тариф хасагдахгүй байна. Уг нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдардаг. Гэтэл яагаад хөнгөлөлт өгөхгүй байгааг тодруулж өгөөч” гэж хүссэн юм. Энэ асуултад тайлбар өгнө үү?
-Шөнийн хэрэглээгээ 100 хувь төлөхгүй гэсэн ойлголттой хэрэглэгч цөөнгүй байна. Гэтэл 220 вольтын шалны халаалттай иргэн шөнийн цагаар 1000 кВт цахилгаан хэрэглэсэн гэж бодоход үүний 700 кВт цагийн тарифыг тэглэж байгаа. Үлдсэн 300 кВт цагийг хэрэглэгч өөрөө төлж байгаа. Ингэхдээ үндсэн тарифын үнэ болох 77 төгрөг 10 мөнгөний 50 хувь буюу 38 төгрөг 55 мөнгөөр төлж байгаа юм. Тэгэхээр хэрэглэгч маань хязгаарт багтсан хэрэглээгээ хөнгөлүүлэхээс гадна хязгаараас давсан хэрэглээний мөнгөө төлөхдөө 50 хувь хөнгөлөлттэй төлж байна гэсэн үг. Шөнийн тариф хөнгөлсөн төлбөр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын багцаас гардаг. Хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 137 мянган айлын шөнийн хэрэглээний тариф хасагдаж тооцож байгаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэдгийг дээр дурдсан.
-Цахилгааны тарифыг хөнгөлөх шийдвэр дараа жил хэрэгжих болов уу?
-Засгийн газрын тогтоол нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих тогтоол гарсан. Бид программ хангамжид өөрчлөл шинэчлэлт хийгээд нэгдүгээр сарын 11-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тэгэхээр дөрөвдүгээр сарын хөнгөлөлтийн хугацааг 10 хоног сунгаж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусгавар болгоно. Ирэх жил цахилгааны хөнгөлөлт хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна.




