ЗХЖШ, ЦЕГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ЗХЖШ, ЦЕГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулиудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулсан юм. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Манай хоёр байгууллага хэзээнээс нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Олон ч ажлын ард хамтдаа гарч байлаа.
Энэ зун хоёр жил тутам төрийн цэргийн байгууллагуудын дунд болдог Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн болон Хар сүлд цэнгүүлэх ёслол болно. Үүнийг зохион байгуулахад эртнээс бэлтгэх учиртай. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцож ирснийг удирдлагуудад нь дуулгахад таатай байна” гэв. Харин ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр “Монголчууд цэрэг, цагдаадаа хайртай, хүндэлж явдаг ард түмэн. Олон эрчүүдтэй манай хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам лавшруулах шаардлагатай. Ялангуяа, алба хаагчдын бэлэн байдлыг хангах хүрээнд хамтран сургалт зохион байгуулахаас эхлээд төлөвлөсөн олон ажил бий.
Хүүхэд, залууст эх оронч хүмүүжил олгоход та бидний хамтын ажиллагаа чухал” гэсэн. Уулзалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч, бригадын генерал Ж.Бадамбазар нарт цагдаагийн албаны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, байгууллагынхаа дээд шагналаар шагнасан юм.
Эх сурвалж "Соёмбо" сонин




