“Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумын малчдад малын тэжээл болон ахуйн хэрэглээний тусламжийг хүргэж, албан ёсоор хүлээлгэн өглөө.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд 9 аймгийн 27 сумын малчдад ард иргэдийн хандивыг хүргэнэ. Ингэхдээ бид Олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэгийн тусламж хүргэж амжаагүй сумын малчдад энэхүү тусламжийг хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм. Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 11 сард орсон цас хатуурсны улмаас бод малын туурай гэмтсэн халцарсан байдалтай байна. Мах, арьс ширний үнийг малчид хөндөж байна. Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгохын тулд мал сүрэг эрүүл байх нь чухал байна. Тиймээс Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шатандаа явж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар мал эмнэлгийн босоо тогтолцоотой болж мал амьтныг эрүүлжүүлэх ажил аймаг, сум шат шатандаа хяналттай болно гэдгийг онцолж байлаа гэж ХХААХҮ-ийн яамнаас мэдээлэв.





