“Насны хишиг”-ээ хэрхэн авах вэ?

Засгийн газрын нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаар ахмадуудад “Насны хишиг” олгох журмыг хэлэлцэж, баталсан билээ. Ингэхдээ 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг Цагаан сар, улсын баяр наадмын үеэр буюу жилд хоёр удаа олгохоор болсон байна.
Дээрх насны болзол хангасан ахмадууд хоёрдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой. Энэ оны хамгийн сүүлийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30-нд дуусна. Түүнээс өмнө хүсэлтээ өгөөгүй бол энэ онд багтаж “Насны хишиг” авах боломжгүй болох юм байна. Хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргаж болох нь.
Мөнгөн олговрыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай гэрээ бүхий ХААН, Төрийн, Капитал банкаар дамжуулан олгох юм байна. Уг дансанд ямар нэгэн мөнгө байршуулахгүй, шимтгэл, хураамж төлөхгүй аж. Мөн дээрх гурван банкинд данстай бол түүгээрээ дамжуулан авч болох нь.




