Амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагаа гэр бүлээрээ үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах, Гэр бүлийн буухиа тэмцээн, Цасан урлал, Мөсөн сур, Мөсөн шагайн сонирхогчдын тэмуээн, Цанын уралдаан, Снөүборд, Мөсөн шатар сонирхогчдын болон Мөсөн хананд авиралтын тэмцээнүүд болно.
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын үеэр иргэдэд халуун хоол, цайгаар үйлчлэх бөгөөд иргэд авто мото үзэсгэлэн, мотоциклын үзүүлбэрийг сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.




